- Дасгалжуулагч: Берт ван Марвейк
- Багийн ахлагч: Миле Еданик
- Шигшээ багтаа хамгийн олон тоглосон: Марк Шварцер 109 тоглолт
- Шигшээ багийнхаа төлөө хамгийн олон гоол оруулсан: Тим Кэхилл 50 гоол
- ФИФА-н чансаа: 2018 оны 4 сарын байдлаар 40
- ДАШТ-нд оролцсон тоо: 4 удаа оролцсон
- ДАШТ-нд үзүүлсэн амжилт: 2006 онд шөвгийн 16-нд шалгарсан
Москва хүрэх замд:
Номхон далайн бүсэд хамаарагддаг байсан “ногоон” тивийн төлөөлөл Австрали улсын шигшээ баг ДАШТ-нд тун адармаатай замыг туулж эрхээ авсан. Азийн бүсийн В хэсэгт 10 тоглолт хийснээс 5 хожил байгуулж 4 тэнцэн, 1 хожигдсон амжилтаар хэсгээсээ 3-р гарч плэй-оффын тоглолт хийсэн. Плэй-оффын нэмэлт тоглолтыг Азийн бүсийн А хэсгээс 3 гарсан Сирийн шигшээ багтай хийж 2 тоглолтын нийлбэр дүнгээр 3-2 харьцаатай ялалт байгуулсан. Ингээд Төв болон Хойд Америкийн бүсийн Гондурас улсын шигшээ багтай нэмэлт тоглолт хийж хожисноор Оросыг зорих эрхээ авсан. Сонгон шалгаруулалтын хугацаанд ч Австралийн хөлбөмбөгийн холбоо дасгалжуулагчийн халаа сэлгээ хийсэн. Грек дасгалжуулагч А.Постекоглутай Орос хүрэх аялалаа эхлүүлсэн ч өнгөрсөн 1 сард түүнийг ажлаас нь чөлөөлж Нидерланд мэргэжилтэн Берт ван Марвейкийг шигшээ багийнхаа дасгалжуулагчаар томилсон. Берт ван Марвейк бол 2010 онд Нидерландын шигшээг удирдан ДАШТ-ний мөнгөн медалийг хүртэж байсан туршлагатай дасгалжуулагч юм.
Шигшээ багийн бүрэлдэхүүн:
Нидерланд мэргэжилтэн Берт ван Марвейк өнгөрсөн 15-ны өдөр урьдчилсан байдлаар 26 хүний бүрэлдэхүүнтэй шигшээ багаа зарласан. Түүний мэдэлд байрлал бүр дээр дараах тоглогчид байна. Эдгээр тоглогчдоос 3 нь гэртээ үлдэнэ.
Хаалгач: М.Райан (Брайтон энд Хоув Альбион), Б.Жонс (Фейеноорд), Д.Вукович (Бельгийн Гент)
Хамгаалагч: Т.Сейнсбери (Швейцар Грассхоппер), А.Бехич (Туркийн Бурсаспор), М.Дегенек (Японы Иокахама), Ж.Рисдон (Австралийн Вестерн Сидней Уондерерс), М.Юрман (БНСУ-ын Суван Самбунг Блюуингз), Ж.Мередит (Миллуолл), Ф.Карачич (Хорват Локомотива)
Хагас хамгаалагч: М.Эдинак (Астон Вилла), М.Миллиган (Саудын Араб Аль-Ахли), Ж.Троизи (Мельбурн Виктори), Т.Рогич (Шотландын Селтик), М.Луонго (Куинс Парк Рейнжерс), А.Муй (Хаддерсфилд Таун), Ж.Ирвин (Халл Сити), Ж.Бриллант (Австралийн Сидней), Д.Петратос (Австралийн Ньюкасл Юнайтед Жетс), Д.Арзани (Мельбурн Сити)
Довтлогч: Т.Кэхилл (Миллуолл), Р.Круз (Бохум), М.Леки (Херта), Т.Юрич (Швейцарын Люцерн), Н.Рикавица (Израилын Маккаби Хайфа), Э.Наббаут (Японы Урава ред Даймондс)
ДАШТ-ний хэсэг:
Тив-улс Австралийн шигшээ баг ДАШТ-ний С хэсэгт Франц, Дани, Перу улсын шигшээ багуудтай нэг хэсэгт багтсан. ДАШТ-ний дэвжээнд дээрх багуудтай тоглож үзээгүй. Францын шигшээ баг бол Австралийн хувьд хүнд өрсөлдөгч. Харин Дани болон Перу улсын шигшээ багуудтай хэсгээс 2-р гарахын төлөө өрсөлдөөн өрнүүлэхүйц баг юм. Тэдний эхний тоглолт нь Францын эсрэг хийх тоглолт. Үүнийг хажуу тийш нь тавиад Дани болон Перу улсын шигшээ багуудтай гол өрсөлдөөн байх болов уу? Австраличууд 2014 оны ДАШТ-нд ганц ч хожил байгуулж чадалгүй хомоол хамсан. Иймд энэ удаа нэлээд дүн шинжилгээ хийж наанадаж хэсгээс гарахын төлөө өрсөлдөнө. Учир нь тэднийг ДАШТ-нд баг дасгалжуулж мөнгөн медаль хүргэж байсан Нидерланд мэргэжилтэн удирдаж байна.
Түлхүүр тоглогч:
Багийн шилдэг довтлогч Т.Кэхилл бол энэ цаг үеийн Австралийн гол хөдөлгүүр хэвээр л байна. Карьерынхаа оргил үеийг Английн Эвертон клубт өнгөрүүлсэн Т.Кэхиллийн хувьд нас л дарж байгаа нь гол асуудал болох байх. Урьдны хурдтай Т.Кэхиллийг Оросод харахгүй л болов уу? Гэхдээ түүний туршлага, ур чадвар багтаа хэрэгтэй. Т.Кэхилл Сиритэй хийсэн нэмэлт тоглолтонд дубль хийж шигшээ багаа Орос явахад нэг шат урагшлуулсан.
Б.БЯМБАБАЯР