Тавантолгой төслийг хөдөлгөх хувилбараа Засгийн газраас УИХ дахь МАН-ын бүлэгт танилцуулж буй. Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас зарим зүйлийг тодрууллаа.
-Иргэийн эзэмшиж буй “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг амь оруулж, ногдол ашиг хүртээх боломж бүрдсэн тухай мэдээлэл гараад буй. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?
-“Эрдэнэс-Тавантолгой” бол хувьцаат компани. Хувцааных нь 65.7 хувийг нь “Эрдэнэс Монгол” буюу Засгийн газар эзэмшдэг, 20 хувь нь УИХ-ын 36 дугаар тогтоолын дагуу олон улсын зах зээл дээр гаргахаар зарласан хувьцаа. Харин 14.5 хувь нь Монголын Улсын иргэдэд байдаг 1072 хувьцаа, 0.05 хувь нь 64 аж ахуйн нэгжийнх. “Эрдэнэс-Тавантолгой” компани 2017 онд түүхэндээ анх удаа 461.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Мөн удаан хугацаанд яригдаж байсан “Чалко” компанийн өрийг дарсан. Мөн Хөгжлийн банкны 200 сая ам.долларыг бүрэн төлж барагдуулсан. Одоо манай компани гадаад, дотоодын ямар нэгэн өр төлбөр байхгүй. Монголд төдийгүй дэлхий дахинд үнэ цэнэтэй компани болохоо харуулж чадсан. 2018 он гарснаас хойш өнөөдрийн байдлаар 771 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого хийсэн. Энэ онд 1.2 их наяд төгрөгийн борлуулт хийхээр төлөвлөсөн. Энэ байдлаараа оны эцэс хүртэл ажиллавал 130 орчим хувийн гүйцэтгэлтэй ажиллах төсөөлөлтэй байна. Цэвэр ашигтай ажиллана гэсэн үг. Тиймээс 2019 онд хувьцаа эзэмшигч иргэддээ ногдол ашиг өгнө. Үүнд эргэлзэхгүй байж болно.
-2012 оны дөрөвдүгээр сараас хойш төрсөн хүүхдүүд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг эзэмшдэггүй. Энэ хүүхдүүдэд нөхөж хувьцаа олгох асуудал яригдаж байгаа юу?
-Үүнтэй холбоотой дөрвөн асуудал яригдана. Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тухайн үеийн оюутнууд хувьцаагаа мөнгөн хэлбэрээр авчихсан. Зарим иргэд 2016 оны сонгуулийн өмнө 300 ширхэг хувьцаагаа 300 мянган төгрөгөөр сольсон. Мөн 2012 оны дөрөвдүгээр сараас хойш төрсөн хүүхдүүд хувьцаагүй байгаа. Энэ таван бүлэгт хуваагдаж байгаа хүмүүсийн асуудал яригддаг. Хувьцаагаа зараад мөнгөө авчихсан хүмүүсийн асуудал яаж шийдэгдэхийг би мэдэхгүй байна. Харин 2012 оноос хойш төрсөн иргэддээ хувьцаа нөхөж олгох асуудлыг Засгийн газар шийдэх ёстой. УИХ, Засгийн газрын төвшинд 2012 оноос хойш төрсөн иргэддээ хувьцаа нөхөж олгох тухай асуудал яригдаж байгаа юм билээ.
-Нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнэ 933 төгрөг. Цаашдаа энэ үнэ унахгүй байх баталгаа бий юү?
-Засгийн газар иргэдийн эзэмшиж буй хувьцааны үнийг унагахгүй, эрсдэлд оруулахгүй байх чиглэлд анхаарлаа хандуулж байгаа. Энэ хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийхдээ компани хаалттай хувьцаат компани болгосон. Хаалттай хувьцаат компани гэдэг нь манай компани үйл ажиллагаа, санхүүгийн хувьд ямар нэгэн байдлаар хаалттай болно гэсэн үг биш. Үйл ажиллагаа нь улам нээлттэй явагдана. Харин 933 төгрөгөөр үнэлэгдсэн хувьцааг эрсдэлтэй арилжаанд оруулахгүй тулд хаалттай хувьцаат компани бий болгож байгаа юм. Мөн хувьцааны үнийг унагахгүйн тулд эрсдэлийн сан үүсгэнэ. Товчхондоо, аль болох хувьцааны үнийг унагахгүй байх бодлого баримталж байгаа. Хэрэв олон улсын зах зээл дээр ч Монголын зах зээл дээр ч IPO гаргасан ч үнэ нь өсөх магадлал өндөр байгаа.
-Тавантолгойн ордыг ашиглахдаа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтрах, хамтрахгүй гэж маргасаар ирсэн. Ашигтай ажиллаж байгаа одоогийн нөхцөлд хөрөнгө оруулагчдын дэмжлэг шаардлагатай гэж үзэж байгаа юу?
-Монгол Улсад томоохон бэлэн төслүүд бий. Энэ төслүүдээ хөдөлгөх гэхээр хөрөнгө санхүүгийн хувьд дутагдалтай байгаа. Жишээ нь, төмөр замын төсөлд нэг тэрбум ам.доллар шаардлагатай. Үүний 738 сая орчим ам.доллар нь төмөр замын бүтэцтэй холбоотой зардал. Бэлэн байгаа эдгээр төслөө санхүүжүүлэхийн тулд олон улсын зах зээлээс хөрөнгө босгох шаардлагатай. Эдийн засгийн хувьд үр ашигтай, өрсөлдөх чадвартай аж ахуйн нэгж бол “Эрдэнэс-Тавантолгой” компани. Энэ компанийн хувьцааг олон улсын зах зээл дээр нээлттэй гаргаж хөрөнгө босгох боломжтой гэж үзэж байгаа.
-Ерөнхий сайд өнөөдөр намын бүлэгт Тавантолгойн ордыг хэрхэн ашиглахаа танилцуулж байгаа. Энэ нь “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг олон улсын зах зээл дээр гаргах хувилбар уу, эсвэл?
-Тавантолгойтой холбоотой хэд хэдэн төсөл бий. Тухайлбал, төмөр зам, авто зам, цахилгаан станц, нүүрс угаах үйлдвэр, усан хангамж гэх мэт төслүүд. Эдгээр төслөө хэрэгжүүлснээр “Эрдэнэс-Тавантолгой” бүх нүүрсээ эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болно. Тавантолгойн ордын 7.3 тэрбум тонн нүүрснийх нь 72 хувь нь коксжих нүүрс, 28 хувь нь эрчим хүчний нүүрс. Эрчим хүчний нүүрснийх нь 19 орчим хувь нь эдийн засгийн өндөр үр ашигтай нүүрс юм.
Ш.ЧИМЭГ