Тамхидалтын хор уршгийг бага наснаас заах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2018.05.21-нд нийтлэгдсэн

Тамхидалтын хор уршгийг бага наснаас заах хэрэгтэй

Тамхидалтын хор уршгийг бага наснаас заах хэрэгтэй

Монгол Улс сүүлийн 30 жилд зүрх, судасны өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байгааг эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Ямар ч өвчин эмгэгийн 70 хувь нь хувь хүн өөрөөс нь хамаардаг бол 30 хувь эмнэлэгийн тусламжтай холбоотой. Зүрх, судасны өвчлөл нэмэгдэх болсон нэг шалтгаан бол тамхидалтай холботой.

Иргэн хүний тамхи татах, архи уух, хэт их бухимдах, өөх тостой хоол идэх нь зүрх судасны өвчлөлд хүрэх хамгийн том шалтгаан болдгийг мэргэжилтнүүд анхааруулсаар байна.

СУРТАЛГААНЫ ХУВИЛБАРЫГ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ

Дэлхий дээр тамхины улмаас долоон сая хүн амь насаа алдаж байна. Тамхи нь зүрхний титэм судас, цус харвалт, зүрх судасны өвчний гол эрсдэлт хүчин зүйл болдог.

“Аливаа өвчлөлийг эртнээс сэргийлж чадах юм бол эрсдэлтэй, өндөр үнэтэй эм авч уух шаардлагагүй. Уур амьсгалын өөрчлөлт, хэт халалттай үед хүн өөрийгөө хэрхэн хамгаалах вэ? Мөн хорт зуршил болох тамхинаас хэрхэн гарах вэ? Судалгаагаар гадна тавьсан сурталчилгааны самбарын 70 хувь нь эм аваарай гэсэн сурталчилгаа байгааг оюутнуудын гаргасан судалгаа харуулж байна. Гэтэл өнөөдөр яаж би эрүүл байх вэ гэдэг сурталчилгаа ховор байна. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Зүрх, судасны өвчлөлийн гол дайсан бол тамхидалт байна.” гэдгийг профессор Б.Бурмаажав хэлж байв.

Дэлхийд дунджаар нэг хүний тамхины жилийн хэрэглээ 1083 ширхэг байдаг байна. Гэтэл Монгол улсад 1982 байгаа нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт юм. Тамхины хэрэглээгээр ОХУ (2295) тэргүүлж, БНХАУ (2043), Монгол (1982) удаалж байгаа аж.

Гэр бүлийн гишүүдийн тоо, амьдрах орчноос шалтгаалан манай улсын хувьд хүүхэд дам тамхидалтад өртөх нь илүү байдаг. Дам тамхидалт нь зүрхний шигдээс, амьсгалын замын үрэвсэлт өвчин, уушиг, хөх, ходоод, давсаг зэрэг бусад эрхтний хавдар үүсгэх эрсдэлтэйгээс гадна сэтгэл гутралыг үүсгэдгийг эрдэмтэд судалжээ.

БАГА АНГИАС НЬ ЭХЛЭН ТАМХИНЫ ХОР УРШГИЙГ САЙН ЗААХ ЧУХАЛ БАЙНА

Энэ талаар хуульч Л.Галбаатарын сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр “Хүнд тамхи татвал хортой юм гэдэг хандлага нь байдаг. Гэтэл бодитой үйлдэл хийхдээ зөрчихдөг. Энэ хандлага, үйлдэл хоёрын зөрүүг яаж багасгах юм бэ гэхээр багаас нь сайн ойлголт өгөх хэрэгтэй. Тухайлбал, физикийн хичээл дээр бодитой туршилт хийгээд ийм үр дагавартай гэдгийг харуулчихдаг. Тэгэхээр 3-р ангиас нь эхлэн эрүүл мэндийн хичээлээр нь суурь ойлголтыг өгөх хэрэгтэй. Суурь ойлголттой баттай үүссэн тохиолдолд хандлага, үйлдэл яг нэг байдаг. 16-17 нас хүрээд ирэхээр тухайн хүүхэд төлөвшдөг. Гэтэл хэчнээн хортой гэдэг мэдээллийг өгсөн ч суурь ойлголт нь өөр учраас болдоггүй юм байна. Тийм учраас бага насны боловсролд илүү анхаарах хэрэгтэй. Тамхи татдаг хүний 80 хувь нь зүрх судасны өвчнөөр нас бардаг гэсэн мэдээллийг иргэн авдаг. Гэтэл түүнийг уншсан 100 тамхичны 80 орчим хувь нь “за би үүнд орохгүй” гээд бодчихдог. Тиймээс энэ байдлыг өөрчлөхийн тулд хийгээд байгаа тэр сурталчилгаа, танин мэдэхүйг багаас нь өгчих юм бол ийм алдаа гарахгүй. Тэгэхээр бага наснаас нь тамхи ямар хор уршигтай юм бэ гэдгийг хэлэх ёстой юм билээ” гэлээ.

Дам тамхидалт нь шууд утаанд хордох, тамхины ишнээс үлдсэн үнсээр амьсгалыг хэлнэ. Үүнд бага насны хүүхдүүд өртөж байгаа нь дараах байдлаар илэрдэг байна. Хүүхэд илүү өвчлөмтгий болох, дархлаа сул байх, ойр ойрхон ханиад томуугаар өвдөх, бага жинтэй төрөх, гэнэт нас барах зэргээр илэрдгийг Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан судалгаагаар харагддаг. Мөн сүүлийн жилүүдэд залуу охид тамхи татах нь ихсэж байгаа нь нийгэмд гарсан буруу үзэгдлийн нэг болж байна. Тэр дундаа жирэмсэн эхчүүд тамхи татах нь хортой гэдгийг мэдсээр байж, урагт сөрөг нөлөөлөхүйц хэмжээнд хүрч байгаа нь эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүдийн санаа зовоосон асуудлыг нэг болдог. Хэдийгээр тэд буруу гэдгийг мэдсээр байсан ч өөрийнх нь суурь ойлголт нөлөөлж, энэ байдлаас гарч чадахгүйд хүрдэг.  

Мөн тамхины хэрэглээг бууруулах тулд янз бүрийн арга хэмжээг авдаг. Тамхины онцгой албан татварыг нэмснээр тамхины хэрэглээг бууруулах, улсад нэмэлт сан үүсгэх, олон хүний амь насыг аврах боломжтой байдаг байна.

2005 оны тавдугаар сарын 1-д Тамхины тухай хяналтын шинэчилсэн найруулгыг хийсэн. Энэхүү хуулийн зорилт нь тамхины хэрэглээ, дам тамхидалтаас үүдэлтэй сөрөг үр дагавраас хүн амыг хамгаалах зорилго бүхий тамхины хяналтын эрх зүйн үндсийг тодорхойлж түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдон төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино гэж заасан байдаг.

“Хууль цаасан дээр бичигддэг. Хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй байцаагч нар байдаг. Тиймээс байцаагч нарыг шахаж ажиллуулах асуудал гарч байна. Уг нь хуулийн заалт нь сайхан байгаад байгаа боловч хойноос нь явдаг хүн байхгүй болж байна” гэдгийг мэргэжилтэнүүд хэлж байна. 

Мөн ‘тийм эм сайн’, ‘ийм эмийг уух хэрэгтэй’ гэж сурталчилгааг маш сайн хийдэг хэрнээ өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ гэдгийг олон нийтэд таниулах нь бага байгааг эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүд онцолсоор байна.  Зүрх, судасны өвчнөөр дэлхийд тэргүүлж буй монголчуудын хувьд тамхины хэрэглээг хаях цаг нь болжээ. 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж