Тавантолгойг АТГ-аас заавал асуугаарай, Ерөнхий сайд аа

Хуучирсан мэдээ: 2018.05.21-нд нийтлэгдсэн

Тавантолгойг АТГ-аас заавал асуугаарай, Ерөнхий сайд аа

Тавантолгойг АТГ-аас заавал асуугаарай, Ерөнхий сайд аа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн Баасан гаригт Эдийн засгийн форумыг зохион байгуулагчидтай уулзахдаа Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах танхимын бодлогоо бүлгийн хуралдаанаараа хэлэлцүүлэхээ мэдэгдсэн нь энэ төслийг эргээд улс төр, уул уурхайнхны анхаарлын цэг болгов.

Ерөнхий сайдын мэдэгдэл нэг талдаа Эдийн засгийн чуулганаар дамжуулан хөрөнгө оруулагчдыг татах зорилготой мессеж байх талтай. Хүлээлтэд орсон Тавантолгойг хөдөлгөнө гэсэн мэдээлэл нь өөрөө гадаад зах зээлд эерэг мессеж болно. Тэрбээр үүнийгээ батлах мэт форумыг нээж хэлсэн үгэндээ “Олон жил улстөржиж, талцан хуваагдсанаас болж эдийн засаг, нийгмээ савлуулсаар өдий хүрлээ. Итгэл үнэмшил арилж, эргэлзээ тээнэгэлзэл, хүлээлтийн байдалдаа цэг тавих цаг болсон. Бид дотооддоо бодлогоо, эрч хүчээ нэгтгэх цаг болсноор барахгүй бүр оройтчихоод байна” хэмээн онцолсон нь ерөнхийдөө Монголын тодорхой улстөрчдөд хаягласан үг болох нь ойлгомжтой байна.

Ийнхүү Засгийн газар нэгэнтээ Тавантолгойг хөдөлгөх шийдэлд хүрснийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар баталсан нь “Тавантолгойн төслийг 10 жилийн өмнө ашигласан бол Монгол Улс өнөөдөр огт өөр төвшинд байх байсан. Өдөр ирэх тусам боломжоо алдаад байна. Эдийн засагт алагдсан боломжийн өртөг гэж бий” гэх тайлбар.

Засгийн газрын зүгээс Тавантолгойг хөдөлгөх улс төрийн эрх мэдлийг өөртөө авах, хөдөлгөхгүй гэвэл улс төрийн шийдвэрээ гаргахыг бүлгээсээ шахаж, шаардах байр суурьтай байгаа аж. МАН-ын бүлэг ч Тавантолгойн асуудлаар хуралдах тов зарласан, 32-ын болон 33-ын албан бус бүлэг хоорондоо наймаалцаж чадвал Ерөнхийлөгчийн зөвшилцөлгүйгээр Тавантолгой хөдлөх боломжтой юм.

Тавантолгойн хөдөлгөх таван хувилбар байдгаас Ардын засгийг санал болгож буй нь авто болон төмөр зам, цахилгаан станц, нүүрс боловсруулах үйлдвэр барих, IPO гаргах ажлыг цогцоор нь хөдөлгөх явдал. Засгийн газрын зүгээс олон улсын хөрөнгийн зах зээлд “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO-г гаргахдаа иргэдийн 1072 ширхэг хувьцааг тусад нь авч үзэхээр болжээ. Харин Засгийн газрын мэдэлд байгаа хувьцааных нь гуравны нэгийг олон улсын хөрөнгийн биржид нээлттэй хэлбэрээр хөрөнгө оруулагчдад санал болгох тухай яригдаж байна. Мөн Ж.Эрдэнэбатын үед яригдаж байсан төмөр зам дээр ‘Шинхуа’-д 49 зарах асуудал ч  бас хөндөгдөж байгаа бололтой.

Засгийн төвшинд хоёр хувилбар боловсруулсан Цанхийг зүүн, баруунаар нь хуваан ашиглах.  Баруун Цанхи дээр “Энержи ресурс” ба үндэсний операторууд, Зүүн Цанхи дээр ‘Эрдэнэс Тавантолгой’ ба ‘Шинхуа’ гэсэн хоёр хувилбарыг бүлэгтээ оруулж ирэхээр болсон, бүлгийн дарга Д.Хаянхярваагийн мэдээлснээр эрх баригчид удахгүй улс төрийн шийдвэрээ гаргахаар болсон гэх.

Хаврын улс төртэй зэрэгцсэн Ерөнхий сайдын халуухан мэдэгдлээс харахад Ардын намын бүлэг дээр том тохироо явагдах бололтой. Тавантолгой төслийн хамгийн өгөөжтэй, хамгийн их зодоон өрнөж буй Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын асуудал дээр ч Төрийн ордонд наймаалцаж чадсан нөхцөлд л У.Хүрэлсүхэд Тавантолгойг хөдөлгөх зөвшөөрлийг УИХ дахь олонхын бүлэг нь өгөх байх.

Харин Ерөнхий сайдын энэхүү мэдэгдлийг хоёр өнцөгтэй гэж харах хүмүүс улс төрийн хүрээнд цөөнгүй байгаа юм. н Учир нь АН-аас Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нарыг засгаас явуулах шаардлага У.Хүрэлсүхэд хүргүүлсэн. Шаардлагын хугацаа ерөнхийдөө дуусч байгаа бөгөөд хоёр сайдаа засгаас явуулаагүй нөхцөлд Ардын засгийг танхимаар нь огцруулах асуудлыг хөндөнө гэдгээ Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдсэн билээ. Хэрэвзээ Ардчилсан нам Ардын засгийг огцруулах асуудал хөндсөн нөхцөлд Тавантолгойг хөдөлгөх асуудлыг хөндсөнөөс болоод гэх сайхан тайлбартай суух биз.

2010 оноос хойш таван хувилбар дээр таг гацсан Тавантолгойг хэн нэгний барьцаагүйгээр Ардын засаг зоригтойгоор хөдөлгөж чадвал У.Хүрэлсүхийн хүсч байсанчлан зураг нь хананд төдийгүй нэр нь түүхэнд үлдэнэ. Гэхдээ, Ерөнхий сайдад анхааруулахад, олон жил гацаасан Тавантолгойг хөдөлгөсөн  нөхцөлд бодлогын шийдвэрээсээ болоод  С.Баяр шиг хоригдох хувь тавиланг туулж магадгүй юм шүү. Монгол төр зүтгэсэндээ хатуу, одоо цагт ажил хийвэл бүр толгой цусаддаг болсон гэх үү дээ.

Үүний нэг жишээ Оюутолгой. Оюутолгойн гэрээг байгуулж, төслийг хөдөлгөсөн хүмүүс одоо улс төрийн хоригдлууд болсон. Яг ийм замаар Ардын засгийн гаргасан бодлогын шийдвэрийг Оюутолгой шиг яллаад, шүүгээд эхэлбэл Тавантолгой энэ тамын хэрүүлээс холуур өнгөрөхгүй гэсэн үг. Иймээс Тавантолгойг хөдөлгөхөөс өмнө ямар ч байсан Ардын засаг АТГ-аас зөвшөөрөл авахад буруудахгүй биз.  АТГ-аас асуухгүйгээр УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу бодлого гаргавал улс төрийн хоригдол болох бэлээхэн жишээнүүд 461 дүгээр хориход байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж