“Эрдэнэс-Тавантолгой”  ард түмний компани боллоо

Хуучирсан мэдээ: 2018.05.21-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс-Тавантолгой”  ард түмний компани боллоо

“Эрдэнэс-Тавантолгой”  ард түмний компани боллоо

“Эрдэнэс-Тавантолгой”  компанийн байранд 1072 хувьцааны “ Мэдээллийн төв”-ийн нээлт  өнөөдөр боллоо.

Тус “Мэдээллийн төв“ нь хоёр үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж. Тодруулбал, компанийн үйл ажиллагааг ил тод нээлттэй, хүнд сурталгүй болгох зорилгоор 1072 хувьцаатай холбоотой  мэдээллийг Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран иргэдэд нэг цэгээс шуурхай хүргэх аж.   

Тус мэдээллийн төвийн талаар “Эрдэнэс-Тавантолгой”  ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэлэхдээ “Компани болон хувьцаатай холбоотой  мэдээллийг  “Мэдээллийн төв”-өөс иргэдэд хурдан, шуурхай хүргэнэ.  Мөн шилэн дансыг ил тод болгоно. Таван сая төгрөгөөс дээш зардлыг шилэн дансанд байршуулна. Ард түмний компани нээлттэй, шилэн байх ёстой.  Үүнийг бид ажил гэхээсээ илүүтэй үүрэг гэж харж байгаа. Өнөөдрөөс эхлэн мэдээллийг шат дамжлагагүйгээр нэг цэгээс олгодог боллоо.   

Өнөөдрийн байдлаар, манай компани 15.3 сая куб метр хөрс шилжүүлж, 2.9 сая тонн нүүрс олборлолоо. Мөн 5.1 сая тонн нүүрс  борлуулсан байна. Ингэснээр 710 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж байна.  Оны эцсийн байдлаар 1.4 их наяд төгрөгийн борлуулалтай  ажиллах төлөв ажиглагдаж байна. Өмнөх онд 461 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бол энэ онд 700 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах төлөвтэй байна.  Ингэснээр нэг хүнд оногдох  ногдол ашгийн хэмжээ нэмэгдэнэ. Бид ирэх есдүгээр сараас хувьцааг хөрөнгийн бирж дээр гаргах бэлтгэл ажлаа хангаж байна. Төр болон аж ахуйн нэгж, иргэн эзэмшдэг 1072 хувьцаа эзэмшигчдэд 2019 оноос ногдол ашиг хүртээнэ.

Мөн борлуулалтын орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр гурван төрлийн ажил зохион байгуулж байна. ‘Эрдэнэс-Таван толгой’ ХК-ийн төлөөлөл энэ сарын 10-11-ний өдрүүдэд ‘Чалко Трейдинг Хонконг” компанитай нүүрсний үнэ өсгөх, үнийн индекст өөрчлөлт оруулах асуудлаар  уулзалт зохион байгууллаа. Өмнөх долоо хоногт  тонн нүүрс 59.3 ам.доллар байсныг  60 ам.доллар болгосон. ‘Чалко Трейдинг Хонконг”  компаниас өнөөдөр ирсэн мэдээллээр 60.5 ам.доллартай байна. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд  зөвхөн Цанхийн зүүн уурхайн нүүрсний үнийг 1.3 ам.доллараар нэмэгдүүлсэн. Цаашид Цанхийн баруун уурхайн нүүрсний үнэ 1.3 ам доллар өснө” гэлээ.

Хөрөнгийн биржийн дэд захирал О.Хуягцогт:

Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй 220 орчим төрийн болон хувийн  хэвшлийн компани байдаг. Тус бүртгэлтэй компаниудын  хувьцааны үнийг өндөр байлгах, хамгаалах чиглэлээр  ажилладаг. “Эрдэнэс-Тавантолгой”  ХК хувьцааг нээлттэй болгосноор Монголын хөрөнгийн зах зээлд шинэ хуудас нээнэ.  Цаашид бид иргэдийн хувьцааны үнэ цэнийг хамгаалах зорилгоор ажиллана.

Иргэдийн төлөөлөл болох Баянгол дүүргийн тавдугаар хорооны иргэн, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Л.Сүхбаатар:

Ард түмэнд 1072 хувьцааг тараана гэж сонгуулийн шоу  болгож ирсэн. Тэгвэл энэ удаад МАН амлалтдаа  хүрч 1072 хувьцааг хөдөлгөж эхэллээ. Ард түмнийг холбох гүүр  нь болох  “Мэдээллийн төв” нээгдэж  байгаад баяртай байна.

Түүнчлэн тус “Мэдээллийн төв”–д 10 орчим брокерын компани ажиллаж байна. Брокерт хандан дансаа нээлгэснээр та хувьцаагаа өөрийн дансанд баталгаажуулсан гэсэн үг юм.

-“Эрдэнэс-Таван толгой”  ХК-ийн  1072 хувьцааг хэн эзэмших вэ?

Засгийн газрын 2012 оны дөрөвдүгээр сарны 11-ний өдрийн 116 дугаар тогтоолоор 2012 оноос өмнө төрсөн Монгол Улсын иргэн бүрд 1072 хувьцааг эзэмшинэ. Харин энэ өдрөөс хойш төрсөн иргэд эзэмшихгүй юм.

-1072 хувьцааны ногдол ашиг авч болох уу?

Компани өнгөрсөн хугацаанд алдагдалтай ажиллаж ирсэн тул 2018 оны дөрөвдүгээр сарын 26 -ны өдрийн ТУЗ-ийн 08 дугаар тогтоолоор ногдол ашиг хуваарилахгүй байх тухай шийдвэрийг гаргасан. Харин цаашид компани ашигтай ажилласан тохиолдолд ногдол ашиг хуваарилах эсэх шийдвэрийг гаргана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж