“Монголын эдийн засгийн 2018” уулзалтын үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-“Эрдэнэт” үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа юу?
-“Эрдэнэт” үйлдвэрээ цаашид хөгжүүлэх 15 жилийн хугацаатай үндсэн чиглэл баталж, түүний дагуу ажиллаж байна. Энэ хүрээнд орлого, үр ашгаа нэмэгдүүлэх гэсэн гол чиглэлтэй хэд хэдэн төслүүд хэрэгжүүлэхээр болсон. Ирэх таван жилд тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа. Үйлдвэрийн 40 жил болсон техник, тоног төхөөрөмжийг солих, засварлах, технологио сайжруулах талаар ажиллана.
– ‘Эрдэнэт’ үйлдвэрийн хөрөнгөөс үрэлгэн зардал их гаргасан гэсэн шүүмжлэл байгаа?
-“Эрдэнэт” үйлдвэр аль болох зардал багатай, хэмнэх чиглэлээр ажиллаж байгаа. Зэсийн үнэ энэ онд тогтвортой байгаа үед зардлаа хэмнэж, бага зардлаар үйл ажиллагаа явуулж байж өрсөлдөх чадвараа сайжруулна.
-Арбитрын шүүхий шийдвэр гарч, “Эрдэнэт” үйлдвэр өрөө төлж эхэлсэн гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Арбитрын шүүхийн асуудал яригдаж байгаа боловч өр төлсөн зүйл байхгүй. ‘Стандарт’ банкны барьцаанд тавьсан асуудал олон улсын Арбитрын шүүх болон дотоодын шүүх дээр асуудал шалгагдаж байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Цаашид нэгэнт үүссэн нөхцөл байдлыг “Эрдэнэт” үйлдвэр, улсдаа хохирол багатайгаар шийдэхийн төлөө үйлдвэрийн удирдлага, ажлын хэсэг ажиллаж байна. УИХ, Засгийн газрас ажлын хэсэг байгуулсан, тэдний зүгээс холбогдох хүмүүстэй уулзах, газар дээр нь ажиллаж, холбогдох байгууллагуудад зөвлөмж, чиглэл өгөөд ажиллаж байна.
-Арбитрын маргааны үеэр холбогдох бичиг баримтуудыг гаргаж өгсөн бол ялагдахгүй байсан гэсэн яриа гарах болсон?
-Арбитрын маргаанд бичиг, баримт гаргаж өгөөгүй гэдэг бол ташаа мэдээлэл. Шаардлагатай бичиг, баримтыг гаргаж өгсөн. Энэ бол зөвхөн одоо яригдаж байгаа асуудал биш олон жил яригдаж байгаа асуудал шүү дээ.
-Үйлдвэр ирэх жил улсын төсөвт хэдэн төгрөгийн орлого бүрдүүлэх вэ. 49, 51 хувийн маргаан эцэслэгдээгүй байгаа шүү дээ?
-2017 онд “Эрдэнэт” үйлдвэр 620 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Цаашид улсад төлж байгаа орлогоо бууруулахгүйн төлөө ажиллана. Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр хэлбэлзэлтэй байна. Бидний зүгээс 7000 ам.доллар орчимд байх болов уу гэж таамаглаж байна. Зэсийн үнэ тогтвортой байх нь бидэнд ч өгөөжээ өгнө. 2019 оны төсөв төлөвлөгөөг боловсруулаагүй байгаа.
-Эдийн засгийн чуулган төр хувийн хэвшил хүчээ нэгтгэнэ гэсэн уриан дор болж байна. Төр, хувийн хэвшлийн оролцоо ямар байх ёстой юм бэ?
-Сайн менежмент л явуулах ёстой. Төр, хувийн хэвшил аль аль нь хичээж ажиллах ёстой. Би хувьдаа төр муу менежер гэдэгтэй санал нийлдэггүй. Энэ бол хүний хүчин зүйл, менежерүүдээс шалтгаалдаг учраас баялаг бүтээгчид өндөр ашиг орлоготой, том төслүүдээ хөдөлгөхийн төлөө ажиллах ёстой. Энэ асуудалд төр, хувийн хэвшил хүчээ нэгтгэж оролцох нь зүйтэй.
Ш.ЧИМЭГ