ФОРУМ: Дарга нарыг сонслоо, хувийнхан үгээ хэлнэ

Хуучирсан мэдээ: 2018.05.21-нд нийтлэгдсэн

Монголын эдийн засгийн форум-2018

ФОРУМ: Дарга нарыг сонслоо, хувийнхан үгээ хэлнэ

ФОРУМ: Дарга нарыг сонслоо, хувийнхан үгээ хэлнэ

‘Монголын эдийн засгийн чуулган 2018” Төрийн ордноо үргэлжилж байна. Чуулган төр, хувийн хэвшил хамтран хүчээ нэгтгэх уриатайгаар зохион байгуулж буй чуулганд оролцогчдын байр суурийг сонслоо. Энэ удаагийн чуулганаас ямар үр дүн хүлээж байна вэ гэх асуултад оролцогчдын байр суурийг сонслоо.


Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга  Занданшатар: 

-Энэ удаагийн эдийн засгийн чуулганаар хөрөнгө оруулалтыг дэмжсэн, тодорхой асуудал шийдэхийн төлөө чуулж байна. Энэ хүрээнд тодорхой гарын үсэг зурна. Өнөөдөр гэхэд “Монголын хөгжлийн алтан гурвалжин” баримт бичигт манай таван яам, нийслэл гарын үсэг зурна. Мөн Монгол Улсыг, хөдөө аж ахуйн салбарыг дэмжсэн. Мэдээлэл технологи, аялал жуулчлал, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын гэрээнүүдэд гарын үсэг зурна. Зөвхөн ярьж, санал солиолцох бус үр дүнд чиглэсэн уулзалтууд хийхийг зорьж байна. Тавантолгойн төслийг 10 жилийн өмнө ашигласан бол Монгол Улс өнөөдөр огт өөр төвшинд байх байсан. Өдөр ирэх тусам боломжоо алдаад байна. Эдийн засагт алагдсан боломжийн өртөг гэж бий. Нөгөө талдаа том төслүүд хөдлөхөөр ард түмэнд өгөөж нь хүртэхгүй улс төр, бизнесийн цөөхөн бүлэглэлүүд үр ашгийг нь шимээд авчихдаг засаглалын гажуудлыг засахаар гурван тулгуурт хөгжлийн бодлого боловсруулсан.

Дефакто нэвтрүүлгийн хөтлөгч, эдийн засагч Д.Жаргалсайхан:

-Цахим оролцоо гэх сэдвийг энэ удаагийн чуулганаар хэлэлцэж буй нь маш шинэлэг бас давуу тал юм. Уг оролцоог идэвхжүүлснээр төр засгийн бодлого, шийдвэр иргэдэд маш түргэн хүрнэ гэсэн үг. Хууль гаргахаасаа өмнө иргэдийнхээ саналыг авна гэж сая ярьсан. Энэ бол өмнө нь яригдаж байгаагүй зүйл юм. Технологийн болон агуулгын, ажил үүргийн хувьд цоо шинэ сэдэв боллоо. Үүний цаана блокчейн технологийн тухай асуудлыг ярих ёстой юм. Блокчейн бол дараагийн интернэт юм. Энэ интернэт нэвтэрснээр аюулгүйгээр мөнгө шилжүүлэх цахим гарын үсгийг бий болгох юм. Тэгэхээр янз бүрийн лавлагаа болон бусад зүйлийг авах гэж бөөн ажил болох шаардлагагүй болж байна. Цахим гарын үсгээр байгаа газраасаа хуралд оролцож гарын үсэг зурж болно.  Чиний гэрээг хүлээн зөвшөөрнө. Ийм ажлууд бий болж буйг зарлачихлаа. Гэхдээ манай форумын онцлог нь яриад л өнгөрөх юм. Ярьсан зүйлээ ажил хэрэг болгоход ажиллах ёстой. Монголын эдийн засагт тушаа болж буй зүйл бол НӨАТ. Компанийн орлогоос татвар авах нь хөл рүү нь буудаж буйтай ижил. Ийм учраас манай хувийн хэвшил хөл дээрээ босч чадахгүй байна. Иргэд мянга, мянгаараа Солонгос руу зугатаад байгаа юм. Үүнийг засахгүйгээр Монгол Улсын эдийн засаг хөгжихгүй. Форумаа бид ярьж, дараа нь юу хийх ёстой вэ гэдгээ  биелүүлж чаддаггүй. Форумыг зохион байгуулагчид ч гэсэн үүнийг анхаарах хэрэгтэй.

Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд:

-Энэ удаагийн Эдийн засгийн форумын онцлог нь нэрэндээ байна. ‘Хүчээ нэгтгэе’ гэсэн уриан дор явуулж байгаа нь бодлого гаргагч буюу шийдвэрлэгчид, хувийн хэвшил, судлаачид, олон нийтийн оролцоотой эдийн засгийн одоогийн өсөлтөө хадгалах, цаашид илүү эрчимтэй эдийн засгийг бий болгоход хамтарч ажиллаж байгаагаараа онцлог. Нэгдүгээр үр дүн бол чуулганы явцад гардаг. Найман дахь жилдээ зохион байгуулж байгаа учраас бизнесийнхэн, бодлого тодорхойлогчид, судлаачид, ОУ-ын байгууллагынхан нийлээд өнөөдрийн Монголын эдийн засаг, бизнесийн орчинд нэлээд сайн дүгнэлт хийдэг. Энэ бол олон талын оролцоотой дүгнэлт. Энэ дүгнэлт нь өөрөө нэгдүгээр үр дүн. Дараа нь эдийн засгийн форумын үр дүнгээр хэрэгжүүлэх арга хэмжээг форумыг зохион байгуулагчид, Засгийн газар хамтарч төлөвлөнө. Энэ төлөвлөлт нь Монгол Улсын эдийн засгийн хөгжил, жил бүрийн төсөв болоод хөрөнгө оруулалтын бодлогод тусгагдаад явдаг ач холбогдолтой. Монголын Эдийн засгийн зонхилох орлогыг энэ салбар бүрдүүлж байна. Өнөөдрийн чуулганаар хоёр дахь онцлох зүйл нь уул уурхай, зэс, алт, нүүрс гээд бидний экспортолдог бүтээгдэхүүний үнэ өсөлттэй байна. Тавантолгойг маш олон жил ярьж байна. Яг одоо өнөөдрийн байдлаар дорвитой шийдэлд хүрээгүй байгаа. У.Хүрэлсүх сайдын удирдаж байгаа Засгийн газар Тавантолгойг эргэлтэд оруулна, хөрөнгө оруулалтын шинэ загварыг авчирна гэсэн. Үүнийгээ хийх хэрэгтэй. Үүний суурь нь Тавантолгой үндэсний томоохон орд учраас ард түмний тодорхой хувь, эзэмшлийг тодорхойлж өгөх, мөн гадаадын стратегийн томоохон хөрөнгө оруулагчийг олох нь чухал.

 

Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат:

-Банк санхүүгийн салбар ямар ч асуудалгүй, хэвийн үйл ажиллагаатай байгаа. Бид ОУВС-гийн активын чанрын үнэлгээг амжилттай даван туулсан. Одоо өөрийн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлэх ажлыг энэ ондоо багтаагаад хийх төлөвлөгөө гарган, ажиллаж байна. Бид энэ удаагийн эдийн засгийн чуулганаас өмнө нь гарсан бодлогын шийдвэрүүдийн хэрэгжилтийг хүлээж байгаа. Үндсэндээ Монгол Улс бодлого, хөтөлбөрүүдийг цаасан дээр гаргасан байдлаар  дутагдаагүй. Гол нь эдгээрийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Түүнээс гадна гадаадын хөрөнгө оруулалт чухал хэрэгтэй байгаа энэ үед бидний нэрийн хуудас болсон Оюутолгойг төсөл дээр улс төрийн шийдвэр гаргасан хүмүүсээ шалгаад эхэлчихлээ. Мега төслүүд нь явж эхлэхгүй байна. Нөхцөл байдал ийм байхад бид шинэ бодлого, хөтөлбөр яриад байх нь тохиромжгүй. Одоо хөрөнгө оруулалтын орчноо сайжруулахыг зорьж байгаа бол өмнө нь энэ чиглэлд чухал шийдвэр гаргасан улсуудаа ингээд хориод байх юм уу. Эсвэл асуудлаа томоор нь харах юм уу гэдгээ тодорхой болгох хэрэгтэй л гэж хэлмээр байна.

“Эрдэнэс Монгол” компанийн бизнес хөгжлийн асуудал хариуцсан дэд захирал О.Одбаяр:

– Эдийн засгийн форум “Хүчээ нэгтгье” уриан дор зохион байгуулагдаж байна. Хүчээ нэгтгье гэхээр хэдэн дарга, захирлууд хүчээ нэгтгэх асуудал биш юм. Энэ форумын өгөөж нь  Монгол Улсын 3 сая иргэнд хэрхэн нөлөөлүүлэх вэ гэдгийг хөндөх ярих учиртай. Давосын чуулга уулзалтад дэлхийн бүхий л улсууд очдог. Тэдний очдог гол зорилго нь ерөөсөө эрэлхийлэл. Дэлхийн цаашдын хөгжлийн чиг хандлага юун дээр байна. Юун дээр суурилж, цаашаа явахаар байна гэдгийг тандаж, мэдээлэл авахыг хүсдэг. Өнөөдөр Монголын бизнес эрхлэгчид, улстөрчид энд цуглачихаад, богино болон дунд хугацааны стратеги хөгжил нь ямар байх  юм гэдгээ ярилцаж байна. Эндээс гарах үр дүн  гурван сая иргэдийн амьдралд ямар нэгэн байдлаар  нялзах хэрэгтэй. Манай улс цаашдаа ийм байдлаар хөгжих юм байна. Тиймээс хувь хүний хөгжилдөө ингэж анхааръя гэсэн ерөнхий ойлголтыг өгөх хэрэгтэй. Жишээ нь, том төслүүдээ хөдөлгөхтэй холбогдуулан, ЕБС төгсөж байгаа хүүхдүүд энэ чиглэлд мэргэжлийн боловсон хүчин  болоход анхаардаг юм ч уу. Ийм байдлаар бодит төсөөлөл өгөх хэрэгтэй. Бидэнд эх орон, баялаг байна. Яагаад хөгжихгүй байна гэхээр хүний хөгжил дутмаг байна. Тиймээс өнөөдөр энэ чуулганаар уул уурхай ярихаасаа илүүтэй хувь хүний хөгжлийг илүү хөндөн ярих учиртай гэж би харж байна.

Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав:

– Төр, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааны хэлбэрээр энэ форум найм дахь жилдээ зохион байгуулагдаж байна.  Өнөөдөр үдээс өмнө хоёр цагийн турш дарга нарын үгийг сонслоо. Одоо хувийн хэвшил үгээ хэлнэ. Сонсох байх гэж найдаж байна. Ер нь эдийн  засгийг жаахан өсгөж, өндийлгөж байгаа хүмүүс чинь энэ хэдэн бизнес эрхлэгчид, малчин тариаланчид. Түүнээс биш дарга нар эдийн засгийг өсгөчихөөгүй юм. Олон улсын байгууллагууд, дарга нарын яруу найраг, цэцэрхэлээс үнэндээ залхаж байгаа.  Тоон үзүүлэлтээрээ эдийн засаг жаахан өндийж байгаа нь үнэн боловч  яг баялаг бүтээж байгаа ААН, иргэнд наалдсан зүйл бага байна.  Цалингаа 200 тэрбум төгрөгөөр нэмж чадахгүй байж, бид 20 их наядын эдийн засаг ярьж байгаа нь хэт өрөөсгөл, хийсвэр зүйл. Бодит амьдралаа л ярих хэрэгтэй. Хоёр жилдээ бид гадна дотныг хамарсан хоёр их наядын ажил хийж чадна. Өнгөрсөн 2012 онд эдийн засаг өсөлттэй байх үед дарга нар гарч ирээд л боломжуудыг хааж боосон хууль ярьж эхэлснээр өсөлт унасан. Одоо тэр хүмүүс ч өнөөдөр илтгэл тавиад л явж байна. Гол нь өнөөдөр бид бодит байдлаа ярих ёстой.

Ш.ЧИМЭГ

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж