ХААН банкийг 493 сая төгрөгөөр торгожээ

Хуучирсан мэдээ: 2018.05.21-нд нийтлэгдсэн

ХААН банкийг 493 сая төгрөгөөр торгожээ

ХААН банкийг 493 сая төгрөгөөр торгожээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас (ШӨХТГ) иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр хийсэн шалгалтын талаар өнөөдөр /2018.5.21/ мэдээллээ.

ШӨХТГ-ын дарга Б.Лхагва “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Хүүхэд хэрэглэгч” аяныг энэ сарын 20-ноос зургаадугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулж байна. Аяны хүрээнд баярын өдөр Сүхбаатарын талбайд хэрэглэгчийн булан ажиллуулна. Мөн хүүхдийн бэлгэнд өнгөрсөн долоо хоногоос хяналт шалгалт хийж байна. Үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдэд зориулан хүүхдийг хаанд өргөмжилсөн олон талт үйл ажиллагаа зохион байгуулах уриалга гаргасан байгаа“ гэлээ.

Давамгай аж ахуйн нэгжийг хуулийн дагуу ажиллахыг анхаарууллаа

Түүнчлэн тус газар ХААН банкийг хууль бус үйлдэл гаргасантай холбоотойгоор Өрсөлдөөний тухай хуулийн дагуу торгосон байна. Тодруулбал, ХААН банк нь Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа эрхлэгч, даатгал, үнэт цаас, хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллага болон ломбардын харилцах дансны доод үлдэгдэл 20 мянган төгрөг байсныг нэг сая төгрөг болгон, данс хөтлөлтийн хураамж болгон сар бүр 5000 төгрөг авах шийдвэр гаргасан байна. Энэ үйлдэл нь Өрсөлдөөний тухай хууль, Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн тул 493 сая төгрөгөөр торгожээ. Мөн цаашид зах зээлд энэ мэт давамгай байдалтай аж ахуйн нэгжүүдийг хуулийн дагуу ажиллахыг анхааруулж байлаа.

“Сакуралайфмакс”  компанийг таван сая төгрөгөөр торгожээ

Мөн “Alivemax” бүтээгдэхүүнтэй холбоотой гомдлын дагуу шалгалт хийжээ. Шалгалтаар тус бүтээгдэхүүнийг импортлогч “Сакуралайфмакс”  компани нь хүнсний бүтээгдэхүүний ангилалд хамаарах дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг эрүүл мэндийн бүтээгдэхүүн хэмээн сурталчилж байжээ. Энэ нь хэрэглэгчийн эрхийг зөрчсөн тул   Зөрчлийн тухай хуулиар таван сая төгрөгөөр торгожээ.  Түүнчлэн нэр бүхий телевизүүд нь анхааруулга хүргүүлсээр байтал дээрх бүтээгдэхүүнтэй холбоотой, хууль бус сурталчилгааг түгээсээр байвал хуулийн дагуу хариуцлага тооцохоо мэдэгдлээ.

Р.Ренчиндулам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж