Италийн нийслэл Ром хотноо АТР-н Мастерс ангиллын Италийн нээлттэй тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Испаний алдарт теннисчин, “шороон кортны хаан” Р.Надал 8 дахь удаагаа түрүүллээ. Өмнө нь тэрээр 2005, 2006, 2007, 2009, 2010, 2012, 2013 онуудад Италийн нээлттэй тэмцээний цомыг хүртэж байсан.
Р.Надал дунд шөвөгт Италийн Ф.Фогиниг, хагас шигшээд Н.Жоковичийг буулган авч шигшээд шалгарсан. Харин түүний өрсөлдөгч, өнгөрсөн оны Италийн нээлттэй тэмцээний аварга Германы А.Зверев хагас шигшээд М.Чиличийг хожиж шигшээд шалгараад байсан. Ингээд хоёр теннисчин 3 сет тоглож 6-1, 1-6, 6-3 харьцаагаар Р.Надал ялалт байгуулжээ.
Тэгвэл эмэгтэй ганцаарчилсан төрөлд Украйны Е.Свитолина хүчтэй өрсөлдөгч С.Халептай тоглож 6-0, 6-4 харьцаагаар хожиж цомыг хүртсэн байна. Өнгөрсөн жил яг дээрх хоёр теннисчин шигшээд шалгарахад мөн л Украйн бүсгүйн ялалтаар өндөрлөж байжээ.
Б.Бямбабаяр