“Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн О.Бямбадэлгэртэй ярилцлаа.
-Нефтийн нэмэлт бүтээгдэхүүн нэрээр өдөрт 200 гаруй вагон химийн бодис орж ирдэг гэсэн мэдээлэл байдаг. Энэ хэвээрээ юу?
-Тийм ээ. Замын-Үүд, Алтанбулагийн хилээр долоо хоногтоо 200-280 вагон нефтийн нэмэлт бүтээгдэхүүн ордог. Монгол Улсын Засгийн газар үйлдвэрийн тоног төхөөрөмж, унаа тэрэгнээс өндөр татвар авдаг хэрнээ 22 төрлийн нэмэлт бүтээгдэхүүнээс нэг ч төгрөг авдаггүй. Долоо хоног бүр 200 гаруй вагон нэмэлт бүтээгдэхүүн оруулж ирээд томоохон агуулах савнуудад буулган хэд хэдэн газар нэрж, найруулдаг. Тухайлбал, Багахангай дүүрэгт найруулах үйлдвэрийн асар том хашаанд гадны битгий хэл нутгийн удирдлагыг оруулахгүй байж байна. Үндэстэн дамнасан компани химийн бодис оруулж ирээд өөр өөр аж ахуйн нэрээр нэрэх найруулах, агуулах, буулгах, борлуулах үүрэг гүйцэтгэдэг бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулдаг.
-Тийм их нефтийн нэмэлт бүтээгдэхүүний зах зээлийн хэрэглээ бий юу?
-Одоо жилд 70 мянган тонн керосиноор дэн барьдаг сум тосгон, айл өрх гэж байхгүй дээ. Эдгээр нэмэлт бүтээгдэхүүнийг хольж нэрээд ямар ч баталгаагүй, стандартын бус шатахуун хийгээд байгаа юм. Зарим иргэд “Найрканы шатахуун” гэж нэрлэсэн байна лээ. Энэ найрканы шатахуун ямар ч автомашин, техник хэрэгслийн насжилтыг 2-4 жилээр богиносгож байгааг хэлэх хэрэгтэй.
-Монгол Улсад нэмэлт бүтээгдэхүүн оруулж ирдэг компанийг нэрлэхгүй юу?
-Хамгийн том нь Шейцарь улсад бүртгэлтэй “Трафигура” гэдэг үндэстэн дамнасан компани бий. Миний авсан мэдээллээр хөгжиж байгаа манайхтай төстэй 54 улс оронд нефтийн нэмэлт бүтээгдэхүүн нийлүүлдэг юм билээ. Татвараас зугтсан, байгаль дэлхий бохирдуулсан гэдэг ярианд ордог, хөөгдөж туугддаг томчуулын нэг л дээ. Монгол Улсад 1988 оноос эхлэн Эрдэнэтийг зэсийг авч байсан топ-5 компанийн нэг. Одоогийн байдлаар “Трафигура” компани Эрдэнэт, Оюутолгойн алт, зэс, “Эрдэнэс-Таван толгой”-гоос нүүрс авдаг. Уул уурхайн компаниудад шатахуун нийлүүлж байгаа хамгийн том компани юм.
-Нөгөө нэрсэн, найруулсан шатахуунаа нийлүүлэх үү?
-“Оюутолгой”, “Тавантолгой”, “Чинхуа МАК”, “Өсөх зоос”, Хишиг-Арвин индустриал” зэрэг томоохон уул уурхайн компаниуд авдаг юм билээ.
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар хуурамч шатахууны талаар үе үе ярьдаг л даа. Яагаад чимээгүй болчихдог юм бэ?
-“Трафигура” компани Монгол Улсын хоёр ч том банкны хувьцаа эзэмшигч. Интернэтээс хайгаад үзээрэй. “Трафигура” компанийн Монгол Улсын талыг хариуцсан захирлаар 30 гарч яваа залуу хариуцдаг. Энэ залуугийн ар талд нөлөө бүхий эрх мэдэлтнүүд байгаа гэдэг нь тодорхой. Бүр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд өндөр албан тушаал хашдаг нөхөр хаацайлдаг, хувь хишиг хүртдэг байж болзошгүй мэдээллүүд ирээд байгааг хэлэх хэрэгтэй болов уу.
-“Трафигура” компанийн оруулж ирсэн нэмэлт бүтээгдэхүүнийг ямар компани нэрдэг вэ?
-“Трансгайд” гээд охин компани нэрж найруулаад бас нэг өөр компанийн нэрээр борлуулалт хийдэг юм билээ. Эндээс том том уурхайнууд аж ахуйн нэгжүүд шатахуун аваад байна гэхээр нэгдүгээрт үнэ хямд байна. Хоёрдугаарт том лобби бүлэглэл ар талд нь байна шүү дээ. Ямар ч татваргүй орж ирсэн юм чинь хямд байхаас аргагүй. Зарим нэг нөхдөд ойлголт өгөхөд нефтийн нэмэлт бүтээгдэхүүн нэртэй борлуулалтгүй “хог шаар”-ыг оруулж ирээд Эрдэнэт, Оюутолгойн алт, зэс, Тавантолгойн нүүрсээр солиод явчихлаа гэхэд бараг болно.
-Хуурамч шатахуун гэдгийг нотлоод хориглож болдоггүй юм уу?
-Манай улс чинь их өрөвдөлтэй шүү дээ. Шинжилгээ хийдэг 4-6 лаборатори байна. Зарим нь шатахуун оруулж ирдэг компанийн мэдэлд байх жишээтэй. Ганц нэг нь айгаад хөдлөж өгөхгүй хэрнээ тэнгэр тулсан үнэ хэлдэг юм билээ. Ямар ч байсан хуурамч гэгдээд байгаа шатахуун, химийн нэгдлүүдийг шалгуулаад дүгнэлт авсан. Зарим нэг дээжүүдээ арай гэж ОХУ руу явууллаа. Химийн нэгдлийг нь нарийн шинжлүүлэх гэж шүү дээ. Ерөнхийдөө бол хуурамч, стандартын бус гэдгээ эрдэмтэн мэргэд, лабораториуд маань тодорхойлчихсон. Монгол Улсад 1300 орчим шатахуун түгээх станцууд ажиллаж байна. Үүнээс 400-500 ширхэг нь стандартын бус автобинзен, дизелийн түлш зарж байгаа юм.
-Төр засаг, хяналт шалгалтын байгууллагууд юу хийж байна?
-Шулуухан хэлэхэд Мэргэжлийн хяналтын газар, гаалийнханд мэдлэгтэй мэдээлэлтэй боловсон хүчин дутагдаад байна. Шатахууны нэмэлт бүтээгдэхүүн нэрээр ямар ч химийн бодис ороод ирэхэд мэдэхгүй нь. Нэг ижил нэртэй бодис л гэхэд 50-60 төрөл болон задарч байх жишээтэй. Нефтиэс 1000 гаруй бүтээгдэхүүн, бодис, химийн нэгдэл гардаг гээд бодоход шүү.
-Хуурамч шатахууны зах зээл хумигдаж байна уу?
-Улам л тэлээд өргөжөөд байна шүү дээ. “Трафигара” компани гэхэд агуулахаа өргөжүүлж, төмөр замын ачих буулгах талбайгаа тэлсээр байна. Төр засгийн зүгээс хуурамч шатахууны тухай ярьдаг ч дорвитой арга хэмжээ авдаггүй. Хэрвээ нефтийн нэмэлт бүтээгдэхүүнээс татвар аваад эхэлбэл компаниудын тоо буурах байх. Өнөөдрийн байдлаар 30 гаруй компани 22 төрлийн нэмэлт бүтээгдэхүүн оруулж ирдэг. Монгол Улс нефтийн нэмэлт бүтээгдэхүүнээс жилд 60-70 тэрбум төгрөгийн татвар авах бололцоотой юм билээ. Хууль эрхзүйн орчинд ч гэсэн хийдэл ихтэй. Ямар ч зөвшөөрөлгүй нефтийн нэмэлт бүтээгдэхүүнээр холих, нэрэх хуулиар хориотой ч татваргүй оруулж ирэхийг зөвшөөрдөг байх жишээтэй.
-Нефть боловсруулах үйлдвэр барих асуудал юу болсон вэ?
-Энэтхэгийн Засгийн газрын тусламжтайгаар нефтийн үйлдвэр барих талаар ярьдаг ч сонгон шалгаруулалт, ТЭЗҮ нь бүрэн хийгдээгүй. Миний мэдэхээс 20 гаруй жил нефть боловсруулах үйлдвэр барих талаар ярьсан ч ТЭЗҮ боловсруулахаас хэтэрсэнгүй. Тэгээд ч үндэстэн дамнасан импортлогч нар байхад нефтийн үйлдвэр барих нь ярианаас хэтрэхгүй байгаа юм болов уу даа. Миний авсан мэдээллээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам дээр нефтийн үйлдвэр барих долоон төсөл гацчихсан байдалтай байгаа юм. Жилдээ “Петро Дачин Тамсаг” компани сая гаруй тонн түүхий нефтийг дангаараа БНХАУ-д зөөж байхад монголчууд “хог шаар” нэрээд суудаг улс орон гэхээр ичмээр санагдсан шүү. Монгол Улсын шатахууны хэрэгцээ жилдээ 1,5 сая тонн гэхээр гадаадаас гуйхааргүй нөөц баялагтай энэ талаар иргэдэд мэдүүлэх зорилгогүй улс төрийн бүлэглэл байна. Нефтийн асар их нөөцтэй гэвэл иргэд чинь үйлдвэр нэхээд суучихна шүү дээ.
-Хуурамч шатахууныг энгийн иргэд таньж болох бололцоотой юу?
-Би нэг туршилт хийж үзүүлсэн дээ. Нэг хоног шилэн саванд хийхэд ээдээд тал хүртлээ хар тундас үүсч байгаа юм. Үнэр танар гэж жигтэйхэн хурц муухай үнэртэй. Цаг машин дотор авахад дотор муухайрч, толгой тархи өвдөх жишээтэй. Монголчууд бид дэлхийн стандартанд нийцсэн хурд хүч сайтай машин унадаг. Тийм атлаа стандартын шаардлага хангаагүй шатахуун хэрэглээд байгаагаа ойлгодоггүй, ойшоодоггүй юм билээ.
-Танай холбооны шаардлага?
-Нефтийн нэмэлт бүтээгдэхүүнийг гаалийн болон онцгой албан татвартай болго. Жилдээ 60 гаруй тэрбум төгрөгөө үндэстэн дамнасан компаниас ав. Эмч багш нараа хайрлаагүй байж харийнханг бүү давраа. Хоёрдугаарт дотоодын хяналт шалгалтаа мэргэжлийн түвшинд гүйцэтгэ. Хийж чадахгүй гэвэл төрийн бус байгууллага, хөндлөнгийн лабораторид даатга. Гуравдугаарт нефть боловсруулах үйлдвэрийнхээ ажлыг хурдан эхлүүл. Дөрөвдүгээрт түүхийгээр нь гарч байгаа нефтийн импортоо багасга, бүтээгдэхүүн хуваах гэрээгээ эргэж хараач. Хуурамч шатахуун зарж иргэдийг хохироосон, гадныханд ийм бололцоо олгосон, эрх ашгийг хамгаалагч нараа төр засгаас зайлуулаач гэсэн энгийн шаардлагуудыг эхний ээлжинд тавиад байгаа юм.
А.ТАМИР