Засгийн газар Багануур, Шивээ-Овоогийн тулгамдсан асуудлыг шийдэхээр боллоо

Хуучирсан мэдээ: 2018.05.21-нд нийтлэгдсэн

Засгийн газар Багануур, Шивээ-Овоогийн тулгамдсан асуудлыг шийдэхээр боллоо

Засгийн газар Багануур, Шивээ-Овоогийн тулгамдсан асуудлыг шийдэхээр боллоо

“Ардын Заргын товчоо” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга С.Зоригтбаатартай ярилцлаа.

-“Ардын заргын товчоо” төрийн бус байгууллага “Эрдэнэс Монгол” компанийн үрэлгэн байдлын талаар мэдээлэл хийсэн. Ямар шалтгаанаас ийм мэдээлэл хийсэн вэ?

-Монголчууд 12 жилийн өмнө уул уурхайгаас орж ирэх мөнгийг хуримтлуулах, хөгжлийн гарааны хөрөнгө цуглуулах үүднээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Энэ компанид стратегийн ордуудыг өгч удирдлага, зохион байгуулалт, менежментээр хангах чиглэлтэй ажилуулсан. Нөгөө хөгжлийн мөнгө босгох компани маань 12 жилийн хугацаанд өр ширэндээ баригдах, сүүлдээ бусад аж ахуй, уурхайнуудад дарамт болох шинжтэй болж ирсэн юм билээ. Үрэлгэн байдлын тухайд гэхэд гүйцэтгэх захирал нь сарын зургаан сая төгрөгийн цалинтай, зар сурталчилгаанд 1,958,000,000, урамшуулалт цалинд 2,448,000,000, автомашин худалдан авахад 1,036,000,000, оффисын түрээсэнд 718,000,000 төгрөг  төлж байх жишээтэй. Нэг ч төгрөгийн орлого олохгүй байгаа хэрнээ уурхайнуудаас гурван тэрбум төгрөгийн татаас авдаг. Ганц мөнгө олж байгаа нь Гашуунсухайтын нүүрсний авто замын хураамж юм. Цаашдаа энэ компанийг тэжээгээд байх уу гэдэгт төр засгийн өмнөөс асуулт хайсан гэхэд болно.  “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үрэлгэн байдлын талаар яагаад мэдээлэл хийсэн вэ гэхээр цэвэр захиалга байсан.

-Хэний вэ?

-Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн төлөөлөл бидэндээ уулзсан юм. Тэд юу ярьсан вэ гэхээр “Манай уурхайнуудын санхүүгийн байдал хүндэрлээ. Өр ширэндээ баригдчихлаа. Техник тоног төхөөрөмж элэгдэлд орж, хөрс хуулалтын ажил эхлээгүй байна. Нүүрсний уурхайн ихэнх талбайгаа лиценз хэлбэрээр бусад аж ахуйн нэгжид алдчихлаа. Энэ янзаараа байвал Улаанбаатар хотыг хөлдөөх, цаашлаад уурхайнууд маань хувьчлагдах аюултай байдал руу орчихлоо. Уурхайнууд хувьд шилжээд эхэлбэл цахилгаан дулааны үнэ нэмэгдэж, уурхай дагасан амьдрал хэцүүднэ. Энэ талаар та бүхэн шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудад хэлээд яриад, өгөөч гэж гуйсан. Бид жагсаал цуглаан хийх туршлага багатай, тэгээд ч  ил гарвал ажил төрөлгүй, хавчилгад орж болох юм гэсэн. Тэдний хүсэлтийг аваад Багануур, Шивээ-Овоогийн ажилтнууд болон нутгийн иргэдтэй уулзалт хийсэн.

-Газар дээрээ байдал ямар байсан вэ?

-“Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компаниуд болох  Шивээ-Овоо, Багануурын уурхай дампуурлын ирмэг дээр ирсэн байсан. Тухайлбал Шивээ-Овоо гэхэд 2,7 тэрбум тонны нөөц бүхий хайгуул, ашиглалтын талбайтай байжээ. Хайгуул, ашиглалтын талбайн төлбөр төлөөгүйн улмаас 2,2 тэрбум тонн нүүсний нөөцөө бусдад алдчихсан. Одоо “Эрдэнэс Монгол” компанийн ашиглалтын талбайгаас нүүрс худалдан авах дээрээ тулчихсан байна. Багануурын уурхайн хувьд нийт нөөцийнх нь 53 хувь “Алтайн гянт” гэдэг компанийн мэдэлд орчихсон байх жишээтэй. Та бүхэн бод доо. Уурхайн өөрөө нүүрс худалдан авах дээрээ тулна гэж байх уу.

-Удирдлага зохион байгуулалт, менежмент муу байна гэсэн үг үү?

-“Эрдэнэс Монгол” компани менежментээ сайжруулах нэрээр 35 сая ам.доллар гадны санхүүгийн байгууллагаас зээлсэн байдаг юм билээ. Энэ мөнгөөрөө Шивээ-Овоо, Багануурынхаа менежментийг  сайжруулах бололцоотой л доо. Уурхайнууд маань Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Эрдэнэс Монгол” ХХК болон өөрсдийн ТУЗ-ийн  харьяанд байгаа юм. Дөрвөн толгойтой гэх юм уу даа.

-Та бүхэнг ялалт байгуулсан гэж сонслоо. Үүнд хариулт өгөхгүй юу?

-Бид биш уурхайчид маань нэг алхам урагшаа алхсан гэхэд болно. Тэд ялсан. Биднээр дамжуулсан уурхайчдын “бэсрэг” тэмцлийг Засгийн газар авч үзээд шуурхай шийдвэр гаргасан. Багануур, Шивээ-Овоогийн богино хугацааны өрийг 6-р сарын 1 гэхэд дуусгах шийдвэр гаргалаа. Энэ шийдвэрийн хүрээнд тус уурхайнуудад олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм билээ. Зээл юугаараа ач холбогдолтой вэ гэхээр нийгмийн даатгал, татварт хуримтлагдсан өр дарагдана. Өр дарагдахаар ажилтнууд нь орон сууцны болон цалингийн зээлд хамрагдах бололцоотой болно. Өрөө дарахаас гадна зарим нэг тоног төхөөрөмжөө шинэчлэх, хөрс хуулалтыг эрчимжүүлэх гээд ажлын эхлэл тавигдана. Уурхайчид их баяртай байгаа шүү. Алдагдсан талбай, тусгай зөвшөөрлийн асуудлаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ тууштай ажиллана гэдгээ илэрхийлсэн.

-“Эрдэнэс-Монгол” ХХК-ийн захирлыг сольсон гэж гэж байна?

-Засгийн газартай удаа дараа хэлэлцээрт орсон. Уурхайнуудын нөхцөл байдлыг авч үзээд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогтыг өөрчилж Эрчим хүчний сайд асан П.Ганхүүг томилсон байна лээ. Үр ашиггүй, ард түмний өмчид үрэлгэн хандвал “Эрдэнэс Монгол” компанийг татан буулгана шүү гэсэн мессежийг нийгэмд өгч чадлаа. Ерөнхийдөө олон нийтийн хяналт дор “Эрдэнэс Монгол” компани ажиллаж эхэлсэн гэхэд болно.

-Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайнууд дампуурлын аюулаас мултарч чадсан уу?

-Шууд хэлэхэд хаашаа юм. Гэхдээ менементийг сайжруулах, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх бололцоо бий боллоо. Нэн түрүүнд 31,900 төгрөгийн зардлаар олборлолт хийгээд 29,500 төгрөгөөр борлуулдаг байдалд цэг тавих хэрэгтэй болов уу. Засгийн газрын зүгээс ашиглалт, хайгуулын талбайгаа эргүүлэн авах хууль эрхзүйн орчныг судлана гэсэн. Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Эрдэнэс Монгол” компаниудын дунд хаягдаад байсан эдгээр уурхай руу Засгийн газрын анхаарлыг хандуулж, хөрөнгө оруулалт хийж чадлаа. Мөн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн “Эрдэнэс Таван толгой”, “Мон-Атом”, “Эрдэнэс Оюутолгой” гэх мэт компаниудад санхүүгийн хэт үрэлгэн байдал, ажлын арга барил, булхай луйвар бидэнд ажиглагдсан. Энэ талаарх санал дүгнэлт, Засгийн газрын шийдвэрийг бодит ажил болгоход хяналт тавихаа сая томилогдсон гүйцэтгэх захирал П.Ганхүүд хүргүүлнэ гэж бодож байна.

-“Ардын заргын товчоо” Төрийн бус байгууллагын цаашдын зорилт юу вэ?

-“Ардын заргын товчоо” Төрийн бус байгууллагын дор олон нэгдлүүд бий. Эрдэнэт үйлдвэр болон мафийн гар хөл болсон шүүгч нарын тухай нэлээд баримт материал дэлгэн тавьсан, жагсаал цуглаан, акци хийсэн. Энэ ажлынхаа үр дүн, шаардлагынхаа хариуг Улсын Дээд шүүх болон ШЕЗ-өөс  авна. Үүнээс гадна иргэдийн гомдлыг үндэслэн хийсэн хуурамч шатахууны талаар  акци маань төр засагт нөлөөлж хэлэлцүүлэг, хуулийн өөрчлөлт хийхээр яригдаж байна.  Бидний хийгээд байгаа ажлууд олон түмэнд тустай, төр засагт санаж сэрэх, эргэн харах бололцоог олгож байгаа нь үр дүн, зорилт юм.

 

Ярилцсан С.ПҮРЭВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж