Шатрын насанд хүрэгчдийн УАШТ Архангайд болж байна

Хуучирсан мэдээ: 2018.05.21-нд нийтлэгдсэн

Шатрын насанд хүрэгчдийн УАШТ Архангайд болж байна

Шатрын насанд хүрэгчдийн УАШТ Архангайд болж байна

Шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Архангай аймгийн Цэцэрлэг хотод нээлтээ хийлээ. Энэ сарын 18-27-ны өдрүүдэд болох эрэгтэйчүүдийн 58, эмэгтэйчүүдийн 50 дахь удаагийн тэмцээнд шилдэг 24 шатарчин өрсөлдөж байна. Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээний нэг онцлог нь Гүржийн Батуми хотод болох дэлхийн шатрын олимпиадад оролцох эрхийн төлөө шатарчид өрсөлдөж байгаагаараа онцлог болж байгаа. Мөн сүүлийн жилүүдэд шатрын холбооноос оюуны их спортыг хөдөө орон нутагт хөгжүүлэх зорилгоор Говь-Алтай, Завхан, Хэнтий аймгуудад зохион байгуулагдсан. Тэгвэл 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээнийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нарын ивээл дор Архангай аймгийн Цэцэрлэг хотноо зохион байгуулж байна.

Тэмцээний нээлтэд олон хүндэт зочид оролцсоны дотор Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр, дархан аварга, гавьяат тамирчин Г.Өсөхбаяр болон олон улсын шүүгч, Дэлхийн шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Жэйми Кенмуре нар байлцлаа.

Архангай аймагт болж буй шатрын насанд хүрэгчдийн УАШТ-ий үеэр Хотонт, Цэнхэр, Төвшрүүлэх, Булган зэрэг сумдын иргэдэд “Тэмцээн зохион байгуулагч”, “Шүүгч”, “Дасгалжуулагч”-ийн сертификат олгох сургалтыг зохион байгуулжээ. Уг сургалтыг олон улсын шүүгч Жэйми Кенмуре, шатрын холбооны ерөнхий менежер, багш Д.Эрдэнэбат нар удирдан явуулсан байна.

Тамирчид эхний өргийг бямба гаригт хийсэн бөгөөд өчигдөр хоёр, гуравдугаар өргийн тоглолтууд боллоо.

Эмэгтэйчүүдийн төрлийн эхний өрөгт 2017 оны улсын аварга Ү.Үүрийнтуяа, их мастер Б. Мөнгөнтуултай таарсан нь анхаарал татаж байлаа. Энэ өрөгт их мастер Б.Мөнгөнтуул илүүрхэж, тэмцээнийг хожлоор эхэлсэн бол тэрбээр дараагийн өрөгт их мастер Т.Батчимэгтэй тэнцлээ.

Эмэгтэйчүүдийн гурван өргийн дараах байдлаар Т.Номиндалай 3 хожилтойгоор тэргүүлж эхэлсэн бол их мастер Б.Мөнгөнтуул 2,5, Б.Мөнгөнзул 2,0 оноогоор удаалж байна.

Эрчүүдийг У.Наранжаргал, С.Билгүүн нар гурван хожилтойгоор тэргүүлж эхэлсэн бол Г.Мөнхгал 2,5, Н.Баттулга 2.0 оноогоор удаалж байна.

Тэмцээний дөрөвдүгээр өргийн тоглолт өнөдөөр болох бөгөөд энэ сарын 27-ны өдөр 11 дэх өрөг болсноор улсын аварга шатарчин тодорно.

Тэмцээний дүнг http://chess-results.com/tnr355058.aspx?lan=1&art=2 сайтад мэдээлж байна.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж