Даатгалын салбарт шинэ бүтээгдэхүүн хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

Даатгалын салбарт шинэ бүтээгдэхүүн хэрэгтэй

Даатгал гэдэг ойлголтоос монголчуудын зугтаах болсон эхний шалтгаан нь машины арын суудал дээр ол­ноороо хөглөрч байдаг тараах материалтай холбоотой гэнэ. Жилийн жилд авто тээврийн хэрэгслийн үзлэг болдог. Гэтэл машиныхаа хамаг эд ангийг “чагнуулж”, ха­лаасаа баахан “тэмтрүүлчихээд” бай­тал даатгалынхан гэж бөөн сур­талчилгааны материал барьж дайр­сан хүмүүс “манайхыг, манайхыг” гэж шавдаг даа. Ямар хэрэгтэйг нь ойлгуулахгүй мөртлөө мөнгө нэ­хээд байдаг тэднээс жолооч нар аль болох салахын түүс болдог. Зарим нь даатгалын төлөөлөгч хэмээх тэр хүмүүсийн гэнэтийн дай­ралтаас болж, юу ч ойлгодоггүй байна. Дараагийн шалтгаан нь мөн л их энгийн эрүүл мэндийн даатгал хэмээх жижиг цэнхэр дэвтрийн цаана нэгэн том сан байдаг. Тэр том сангаас иргэд хүртэж, эрүүл мэндийн үйлчилгээг хангалттай авч чаддаггүй. Тиймээс ч эмнэлэгийн бай­гууллагуудыг хамгийн хүнд сурталтай институциудад хамаа­руулан авч үздэг. Өнгөрсөн хавар Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөө­лөгч, хүний их эмч нэгэн эмэгтэй өвчтний түүх хуурамчаар үйлдэж багагүй мөнгө завшсан. Баригдсан нь энэ болохоос хэн нэгэн хүүхэд, настай хүний авч чадаагүй эрүүл мэндийн үйлчилгээг хэчнээн хуурамч өвчний түүхийн ард оруулсан бол, энэ эмч нар. Иргэд энэ мэтээр даатгалын талаар мэдэхийг ч хүсэхгүй байх хандлага газар авч байна.

ДААТГАЛЫН КОМПАНИУД ДҮРМИЙН САНГАА НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА

Саяхан Санхүүгийн зохицуулах хорооноос хэд хэдэн даатгалын компаниудын үйл ажиллагаанд дүг­нэлт хийжээ. Тухайлбал, “Үндэсний амьдрал” хэмээх компанийн дүр­мийн санг нэмэгдүүлэх зөвшөө­рөл олгосон. Мөн “Жи Эй Си Си” ХХК-д даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон байна. Харин үүний дараа даатгалын компаниудын үйл ажил­лагаанд “ташуур” болохуйц арга хэмжээг ч бас авчээ. Тухайлбал, “Скай-Эрдэнэ” ХХК-ийн даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн юм. Мөн “Миг даатгал” ХХК-ийн найм, “Монгол даатгал” ХХК-ийн 168 даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөв­шөөрлийг тус тус xүчингүй бол­гожээ. Эдгээр нь хуулийн хугацаа буюу зургаан сараас дээш хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй байв.  Энэ талаар Санхүүгийн зохицуулах хо­рооны Үнэт цаасны газрын дарга С.Ганболд, “Бид эрх үүргийнхээ хүрээнд нэр бүхий компаниудад арга хэмжээ авсан. Аль нэг компанийг нь дэмжээд, нэгэнд нь хатуурхаад байгаа зүйл байхгүй. Ер нь бол хууль, дүрмийг ягш­тал сайн биелүүлэх ёстой. Хэр­вээ биелүүлэхгүй бол төрөөс хараа хяналт тавьж байгаагийн хувьд тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх, хүчингүй болгодог арга хэмжээ байгааг сануулсан ажил” хэмээв.

НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙДЭГГҮЙ КОМПАНИУДЫГ ХҮЧЭЭР ДААТГАЛД ХАМРУУЛЪЯ

Ер нь манай даатгалын компа­ниуд шинэ бүтээгдэхүүн гаргахдаа нэлээд хойрго ханддаг гэнэ. Ихэнх даатгалын компани нь хэдэн арван жилийн өмнө хийж байсан уламж­лалт үйлчилгээнүүдээ үзүүлсээр иржээ. Тухайлбал, хөрөн­гийн, гэнэтийн ослын зэрэг иргэ­дийн мэдэх үйлчилгээг энд дурь­даж болно. Түүнээс биш яг өнөө­дөр монголчуудын амьдралд тулгам­даад байгаа нийтлэг мөртлөө даатгалаар шийдэх бүрэн боломжтой асууд­лууд даатгалын салбар огтхон ч оролцдоггүй байна. Өнөөдөр Монголд даатгуулчихаж болох зүйл юу байгааг бодоод үзье. Уул уур­хайн ашиглалт нэмэгдэж байгаа ч нөхөн сэргээлт хийсэн нь цөөн байна гэж бид ярьдаг. Нөхөөн сэргээлт хийхгүй байгааг эсэргүүцэж нэгдмэл сонирхолтой бүлэг, холбоод ч олширлоо. Барууны орнуудад уул уурхайн компаниуд нөхөн сэргээлт хийх зорилготой даатгалд хамрагдсан байдаг аж. Тодруулбал, тухайн компа­ни олборлолтоо дуусгаад нөхөн сэргээлт хийх боллоо. Ингэх­дээ “Бид нөхөн сэргээлт хийж чадвал даатгуулсан мөнгөө эргүүлж авна. Чадахгүй бол тэр мөн­гөө нөхөн сэргээлтэд ашиглах, хохир­сон хүмүүст өгнө” гэдэг байна. Ийм хариуцлагын даатгал манайд хараахан нэвтрээгүй байдаг. Манай улсын хувьд ойрын 30, 40 жилийн хугацаанд уул уурхайг эдийн засгийг хөгжүүлэх гол арга хэрэгслээ болгох нь дамжиггүй. Тиймээс энэ төрлийн даатгалын тогтолцоог уул уурхайн компаниудад санал болгож, заавал даатгал хэлбэрээр шийдээд өгчихөж ч болох.

Зөвхөн энэ ч бус өөр олон зүйлсийг даатгалаар шийдэж болох нь. Тухайлбал, бид хүнсэндээ хэрэг­лэх гэж жил бүр 12-16 мянган тонн мах нөөцлүүлж байна. Тэдгээр махны агуулахууд даатгалтай байдаг болов уу. Уг нь амиак хэмээх хор дунд бидний хүнсийг бэлтгэж байгаа боло­хоор даатгалтай эсэх нь маш чухал.  

Түүнчлэн эрхэлж буй бизнесээ ч даатгуулах боломжтой. Жишээ нь, би аль нэг худалдааны төвд лангуу түрээсэлж, наймаа хийдэг байлаа гэж бодъё. Гэтэл миний бодож тооцоогүй хүчин зүйл тулгарч болно шүү дээ. Худалдаалдаг бараа тасарч наймаа маань доголдлоо. Хэрвээ үүнийг би даатгуулсан байх юм бол бизнесийн тасалдлаа цаг, минут бүрийнх нь тоогоор хохиролынхоо төлөөсийг авч болно. Энэ бол орчин цагт даатгалын секторт нэвтрээд буй сонирхолтой хэлбэрүүдийн нэг юм. Манайд л нэвтрүүлж амжаагүй болохоор бид мэдэхгүй байгаа юм.

ЭНД НАМАЙГ ОРШУУЛНА. МӨНГИЙГ НЬ ТӨЛЧИХСӨН

Манай ахуйгаас хөндий ч даатгал өндөр хөгжсөн газруу­дын даатгуулагч нар “Энд намайг оршуулна. Мөнгийг нь төлчихсөн” гэж хээв нэг хэлдэг гэнэ. Хатуухан хэлэхэд ийм даатгуулагчид үхэхдээ ч хэн нэгэнд гай болохгүй гэсэн санхүүгийн өндөр боловсролтой байгааг нь харуулж байна.

Манайхны хувьд ээж, аав, эмээ, өвөөгийнхөө дэргэд “Амь насаа даат­гуулна” гэж хэлвэл ёстой л амаа алгадуулна даа. Манай ул­сын даатгалын салбар 70 гаруй жилийн түүхтэй байтал эцэг, эх нар ийм сэтгэхүйтэй байна гэдэг даатгал хөгжихгүй байна гэсэн үг биш үү. Дээр нь үндэсний онцлог гэх өнөөх “Амны билэггүй, муу ёртой” гэх үг. Ингэж ярьдаг атлаа “Гай газар дороос” гэж хэлэхээ ч тэд мартдаггүй. Мөн даатгалын компаниас илүү зурхайч, мэргэ төлөгч нарын бизнесийг дэвжээж, “баталгаат хугацаагүй” үйлчилгээг бид авах дуртай.

Т.Есөн-Эрдэнэ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж