Саяхан Санхүүгийн зохицуулах хорооноос хэд хэдэн даатгалын компаниудын үйл ажиллагаанд дүгнэлт хийжээ. Тухайлбал, “Үндэсний амьдрал” хэмээх компанийн дүрмийн санг нэмэгдүүлэх зөвшөөрөл олгосон. Мөн “Жи Эй Си Си” ХХК-д даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон байна. Харин үүний дараа даатгалын компаниудын үйл ажиллагаанд “ташуур” болохуйц арга хэмжээг ч бас авчээ. Тухайлбал, “Скай-Эрдэнэ” ХХК-ийн даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн юм. Мөн “Миг даатгал” ХХК-ийн найм, “Монгол даатгал” ХХК-ийн 168 даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус xүчингүй болгожээ. Эдгээр нь хуулийн хугацаа буюу зургаан сараас дээш хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй байв. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга С.Ганболд, “Бид эрх үүргийнхээ хүрээнд нэр бүхий компаниудад арга хэмжээ авсан. Аль нэг компанийг нь дэмжээд, нэгэнд нь хатуурхаад байгаа зүйл байхгүй. Ер нь бол хууль, дүрмийг ягштал сайн биелүүлэх ёстой. Хэрвээ биелүүлэхгүй бол төрөөс хараа хяналт тавьж байгаагийн хувьд тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх, хүчингүй болгодог арга хэмжээ байгааг сануулсан ажил” хэмээв.
Ер нь манай даатгалын компаниуд шинэ бүтээгдэхүүн гаргахдаа нэлээд хойрго ханддаг гэнэ. Ихэнх даатгалын компани нь хэдэн арван жилийн өмнө хийж байсан уламжлалт үйлчилгээнүүдээ үзүүлсээр иржээ. Тухайлбал, хөрөнгийн, гэнэтийн ослын зэрэг иргэдийн мэдэх үйлчилгээг энд дурьдаж болно. Түүнээс биш яг өнөөдөр монголчуудын амьдралд тулгамдаад байгаа нийтлэг мөртлөө даатгалаар шийдэх бүрэн боломжтой асуудлууд даатгалын салбар огтхон ч оролцдоггүй байна. Өнөөдөр Монголд даатгуулчихаж болох зүйл юу байгааг бодоод үзье. Уул уурхайн ашиглалт нэмэгдэж байгаа ч нөхөн сэргээлт хийсэн нь цөөн байна гэж бид ярьдаг. Нөхөөн сэргээлт хийхгүй байгааг эсэргүүцэж нэгдмэл сонирхолтой бүлэг, холбоод ч олширлоо. Барууны орнуудад уул уурхайн компаниуд нөхөн сэргээлт хийх зорилготой даатгалд хамрагдсан байдаг аж. Тодруулбал, тухайн компани олборлолтоо дуусгаад нөхөн сэргээлт хийх боллоо. Ингэхдээ “Бид нөхөн сэргээлт хийж чадвал даатгуулсан мөнгөө эргүүлж авна. Чадахгүй бол тэр мөнгөө нөхөн сэргээлтэд ашиглах, хохирсон хүмүүст өгнө” гэдэг байна. Ийм хариуцлагын даатгал манайд хараахан нэвтрээгүй байдаг. Манай улсын хувьд ойрын 30, 40 жилийн хугацаанд уул уурхайг эдийн засгийг хөгжүүлэх гол арга хэрэгслээ болгох нь дамжиггүй. Тиймээс энэ төрлийн даатгалын тогтолцоог уул уурхайн компаниудад санал болгож, заавал даатгал хэлбэрээр шийдээд өгчихөж ч болох.
Зөвхөн энэ ч бус өөр олон зүйлсийг даатгалаар шийдэж болох нь. Тухайлбал, бид хүнсэндээ хэрэглэх гэж жил бүр 12-16 мянган тонн мах нөөцлүүлж байна. Тэдгээр махны агуулахууд даатгалтай байдаг болов уу. Уг нь амиак хэмээх хор дунд бидний хүнсийг бэлтгэж байгаа болохоор даатгалтай эсэх нь маш чухал.
Түүнчлэн эрхэлж буй бизнесээ ч даатгуулах боломжтой. Жишээ нь, би аль нэг худалдааны төвд лангуу түрээсэлж, наймаа хийдэг байлаа гэж бодъё. Гэтэл миний бодож тооцоогүй хүчин зүйл тулгарч болно шүү дээ. Худалдаалдаг бараа тасарч наймаа маань доголдлоо. Хэрвээ үүнийг би даатгуулсан байх юм бол бизнесийн тасалдлаа цаг, минут бүрийнх нь тоогоор хохиролынхоо төлөөсийг авч болно. Энэ бол орчин цагт даатгалын секторт нэвтрээд буй сонирхолтой хэлбэрүүдийн нэг юм. Манайд л нэвтрүүлж амжаагүй болохоор бид мэдэхгүй байгаа юм.
Манай ахуйгаас хөндий ч даатгал өндөр хөгжсөн газруудын даатгуулагч нар “Энд намайг оршуулна. Мөнгийг нь төлчихсөн” гэж хээв нэг хэлдэг гэнэ. Хатуухан хэлэхэд ийм даатгуулагчид үхэхдээ ч хэн нэгэнд гай болохгүй гэсэн санхүүгийн өндөр боловсролтой байгааг нь харуулж байна.
Манайхны хувьд ээж, аав, эмээ, өвөөгийнхөө дэргэд “Амь насаа даатгуулна” гэж хэлвэл ёстой л амаа алгадуулна даа. Манай улсын даатгалын салбар 70 гаруй жилийн түүхтэй байтал эцэг, эх нар ийм сэтгэхүйтэй байна гэдэг даатгал хөгжихгүй байна гэсэн үг биш үү. Дээр нь үндэсний онцлог гэх өнөөх “Амны билэггүй, муу ёртой” гэх үг. Ингэж ярьдаг атлаа “Гай газар дороос” гэж хэлэхээ ч тэд мартдаггүй. Мөн даатгалын компаниас илүү зурхайч, мэргэ төлөгч нарын бизнесийг дэвжээж, “баталгаат хугацаагүй” үйлчилгээг бид авах дуртай.
"Улс төрийн тойм" сонин