Америк дахь Старбакс компани үйлчилгээндээ шинэ соёл нэвтрүүлэхээр болжээ. Компанийн удирдлагуудын ажилчид руугаа илгээсэн и-мейлд дурдсанаар “Манай кофе шопийг зорин ирсэн хэн ч болов ямар нэгэн төлбөр төлөлгүйгээр ариун цэврийн өрөө ашиглах боллоо. Энэ нь ямар ч кофе ундаа худалдан аваагүй хүмүүст ч хамаатай” талаар тайлбарлажээ.
Тэдний энэхүү шинэ бодлого нь өнгөрсөн сард арьсны өнгөнөөсөө гадуурхагдаж, зүй ёсны үйлчилгээ авч чадаагүй хэмээн гомдол гаргасан хоёр хар арьст залуугийн шуугиан үүдэлтэй бөгөөд үйлчлүүлэгчдээ эргүүлэн татах хариу арга хэмжээ юм байна. Тодруулвал, ямар нэгэн худалдан авалт хийлгүйгээр ариун цэврийн өрөө ашиглах хүсэлтэй байсан хар арьст залууд Старбаксийн менежер “Ариун цэврийн өрөө нь төлбөртэй” хэмээн татгалзаад, цагдаа дуудсан юм. Хэдий тэдэнд ямар нэгэн хуулийн хариуцлага оногдоогүй боловч, гаргасан алдааныхаа төлөө Старбакс компанийн зүгээс уучлал гуйсан билээ.
Г.Сүмбээ
Эх сурвалж: CNN