Чуулганыг нээж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ ‘Энэ форум нь өмнөх алдаа оноогоо дүгнээд зогсохгүй, цаашид хэрхэн ажиллах вэ гэдгээ ярилцахад маш чухал ач холбогдолтой. Улстөрчид олон жил талцаж явсаар өдийг хүрлээ. Ингэж хуваагдсаар дотоод хүч тамираа барж явсан нь нууц биш. Энэ нь биднийг гадаад ерөнцөд ойлгомжгүй харагдуулж, хөгжилд гай болж байна. Үүнд цэг тавих болсон. Тиймээс энэ жилийн форумыг Хүчээ нэгтгэе уриан дор хийж байгааг сайшааж байна.
Олон талаас нь ярьж шийдсэн шийдэл зөв байдаг гэдэгт би итгэлтэй байдаг. Олон төлөөлөл хамтран нийт иргэдийнхээ өмнө бодлогын нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулахаар цуглажээ. ДНБ-ий 80 хувийг хувийн хэвшлийнхэн бүтээж байна. Эдийн засгийн өсөлт 5,2 хувьд хүрлээ. Гадаад валютын нөөц 3 тэрбум ам.доллар болжээ. Манай Засгийн газар 2,8 их наяд төгрөгийн өрийг дарж барагдууллаа. Энэ бол бизнес эрхлэгчид та бүхэн болоод Засгийн газрын хамтын ажиллагаа гэж бодож байна. Монгол Улсын Засгийн газар хөгжлийн гурван тулгуурт бодлогоо зарласан. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Эдийн засгийн хямралаас гаргах хөтөлбөр зэргийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх нь биднээс шалтгаална. Хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, макро эдийн засгийн бодлогыг сайжруулахад анхаарч ажиллана. Татварын орчныг илүү сайжруулж, татваруудыг бууруулна гэдгээ бид амласан. Хамтдаа энэ бүхнийг хийх болно. Бид одоо л хийхгүй бол цаг хугацаанд ялагдах болно‘ гэв.
УИХ-ын дарга М.Энхболд чуулганд оролцогчдод амжилт хүсээд ‘Сүүлийн хоёр жилийн хугацаанд УИХ гаргасан шийдвэр бүхэн нь эдийн засгийн хөгжилд тус нэмэр болох, улс оронд гадны хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн нэгдсэн төлөвлөгөөт бодлогыг хэрэгжүүлж чадлаа. Түүнчлэн УИХ Банк санхүүгийн эрх зүйн орчныг сайжруулахад тодорхой шийдвэрт алхам хийсэн нь санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх багц таван хууль юм. Улс орны эдийн засгийн өсөлтийн талаар хэдэн тоо хэлье. Тухайлбал, сүүлийн 21 сарын дотор -1,6%-ийн уналттай байсан манай эдийн засаг 6,1 хувь өсөлттэй болж чадлаа. Улсын төсвийн алдагдал 2016 оны байдлаар 664 тэрбум алдагдалтай байсан бол энэ оны нэгдүгээр улирлын дүнгээр 98 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Энэ бол төсвийн алдагдалд бидний авч хэрэгжүүлсэн бодлогын үр дүн юм.
Олон улсын зээлдэгч нар ч биднийг эергээр харах болсон. Улс орон даяар хөрөнгө оруулалт нэмэгдсэн байна. Яг одоо Хэнтий аймагт ийм чуулга уулзалт зохион байгуулах бэлтгэл ажил хангагдсан байгаа юм. Эдийн засгийн энэ боломжийг бүрдүүлэхэд бизнес эрхлэгч, бүтээн байгуулагч та бүхний оролцоо их билээ. УИХ ойрын үед Өрсөлдөөний тухай, Хөдөлмөрийн тухай, Аялал жуулчлалын тухай, Тендерийн тухай, Хөдөө аж ахуйг дэмжих хөгжлийн тухай хууль зэрэг хууль эрх зүйн орчныг сайжруулах арга хэмжээ авна.
Бид Татварын багц хуулиар 2,5 тэрбумаас доош орлоготой, 200-аас доош ажилтантай жижиг дунд үйлдвэрийг татварын нэг хувийн, зээлийн, төрөлжүүлж хөгжүүлэх зэрэг орчныг бүрдүүлж ажлын байр нэмэгдүүлэх үйл ажиллагааг дэмжих ёстой гэж үзэж байна’ гэлээ.
Дэлхийн банкны Хөрөнгө оруулалтын орчин, худалдаа, өрсөлдөх чадварын газрын захирал Кристин Жэнвэй Чианг эдийн засгийн форумд оролцож, хүндэт зочноор оролцож, “Олон улсын чиг хандлага ба Монгол Улсын боломж”-ийн талаар илтгэл тавилаа. Тэрбээр ‘Монгол Улсын эдийн засгийн стратегийн хүрээнд гадаадын шууд хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх, тэр дундаа бизнес эрхлэгчид, ард иргэдэд очих үр шимийг баталгаажуулахад чиглэсэн эдийн засгийн алсын шинэ хараа, стратеги шаардагдаж байгаа‘-г онцоллоо. Тиймээс хөрөнгө оруулагчдын хамгаалалтын баталгааны асуудлыг бэхжүүлэх, хэрэгжилтийг сайжруулах, уул уурхай, олборлох салбарыг түшиглэсэн дотоодын нэмүү өртөг болон сүлжээг нэмэгдүүлэх, олборлолтын бус салбаруудад чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа гэлээ. Ялангуяа мал аж ахуйн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт татах нь зүйтэй гэв. Мөн Экспортоо нэмэгдүүлэх замаа үр ашгийг эрэлхийлсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтад хөшүүрэг үзүүлэх, бодлого, дэмжих үйл ажиллагаг өрсөлдөх чадвартай салбарууд, зах зээлүүдэд төвлүүлэн хэрэгжүүлэх, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах зэрэгт анхаарахыг санууллаа.
Үүний дараа Монгол Улсын хөгжлийн бодлого ба хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцуулах илтгэл тавьсан юм. Илтгэлд,
-Монгол Улсын эдийн засаг сүүлийн дөрвөн жилд хүрч байгаагүй хэмжээнд хүрч байна. Сүлийн үед Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын үр дүнд экспорт нэмэгдэж, эдийн засгийн өсөлт 6,1 хувьд хүрсэн, төсвийн алдагдал хоёр дахин буурч, төлбөрийн тэнцэл ашигтай гарсан зэрэг эерэг сайн үр дүн байгаа ч тулгамдсан шийдвэрлэх ёстой ажлууд хүлээгдэж байна. Бид нутаг дэвсгэр, байгалийн баялгаараа дэлхийн эхний 20-т багтдаг, нэг хүнд оногдох газар нутаг, мал сүргийн тоогоор тэргүүлдэг хэрнээ гурван хүн тутмын нэг нь ядуу байна. Монгол Улс улстөрчдийн буруу бодлогоос болж өрийн дарамтад орсон ийм цаг үед бид хүчээ нэгтгэн, хөрш орнуудын эдийн засгийн нөхцөлд дүн шинжилгээ хийж, гурван тулгуурт хөгжлийн бодлогоо боловсруулж, тодорхойлсон. Гурван тулгуурт хөгжлийн бодлогод Монгол Улсын хөгжлийн үндэс нь сайн төр, сайн засаглал монгол хүн Монголын баялаг гэж үзэн хүн төвтэй нийгмийн бодлогыг тэргүүлэх зэрэглэл болгон 27 зорилтыг дэвшүүлээд байна.
Засаглалын реформын хүрээнд иргэд, баялаг бүтээгчид шударга, хариуцлагатай, тогтвортой бодлогыг хүсч байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулгчдын дунд хийсэн судалгаагаар хөрөнгө оруулалтын шударга бус байдал. Үүнийг засахын тулд Засгийн газар хийхээр ажиллаж байна. Засаглалын чиглэлээр шударга, хариуцлагатай, тогтвортой зарчмыг бүрдүүлэхээр ажиллаж байна. Улстөр, бизнесийн бүлэглэлээс төрийн албыг ангижруулах, ангид байлгах зэргийг тодотгосон юм. Ингээд салбар хуралдаануудын хуралдаан эхэлж, чуулган үргэлжилж байна.
Ш.ЧИМЭГ