БНХАУ-ын дарга Ши Жиньпиний тусгай элч, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, Хятад Америкийн эдийн засгийн бүх талын хэлэлцээний Хятадын талын ахлагч Лю Хэ Бээжин рүү буцахын өмнө “Энэ удаагийн Хятад Америкийн худалдаа эдийн засгийн зөвшилцөл идэвхтэй, ажил хэрэгч, бүтээлч чанартай, ололт амжилттай болж, худалдааны дайн хийхгүй бөгөөд харилцан гаалийн татвар нэмж хураахаа зогсооно гэсэн хоёр тал нийтлэг ойлголцолд хүрлээ” гэж мэдэгдэв.
Эдийн засгийн хоёр том гүрний харилцан цохилт дэлхийн олон оронд хүчтэй нөлөөлж, тэр хэмжээгээрээ олон улсын анхаарлын төвд байлаа. Хэдийгээр энэ удаагийн зөвшилцлөөр хоёр талын бүх шаардлагыг хангаж чадаагүй боловч Хятад Америкийн харилцааг эрүүл замаар хөгжүүлэн, дэлхийн худалдаа эдийн засгийг тогтвортой хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болов.
Эхний мэдээ. Ирээдүйн 15 жилд, Хятад улс 24 их наяд ам доллар бараа бүтээгдэхүүн импортолж, Америк болон бусад олон оронд нэн их боломжийг олгох болов. Мэдээж, нийтлэг ойлголцолд хүрэхэд маш их дарамттай байлаа. Учир нь хоёр тал хэний төлөө зөвшилцөж, хэнд үйлчлэх гэсэн тэнцвэртэй цэгээ олох эгзэгтэй үүрэг хүлээсэн байв. Хятад улс энэ талаар маш тодорхой байр суурьта байсан. Энэ нь тус улсын удирдагч Ши Жиньпиний “Ард иргэдэд илүү хүртээмжтэй байлгах” гэдэг үзэл баримтлал нь Америкийн талыг ч хүлээн зөвшөөрүүлэхэд хүргэж чадав. Америкийн ерөнхийлөгч Д.Трамп Ши Жиньпиний тусгай элч, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Хятад улсын ерөнхий сайдын орлогч, Хятад Америкийн эдийн засгийн бүх талын хэлэлцээний Хятадын талын ахлагч Лю Хэтэй энэ сарын 17-нд уулзахдаа “Америк Хятадын хамтын ажиллагаа хоёр ард түмэнд улам илүү бодит ашиг хүртээхийг хүсэж байна” гэсэн юм. Өөрөөр хэлбэл дэлхий дахины анхаарлыг татсан Хятад, Америкийн худалдааны зөвшилцлийн хэлэлцээнд хамгийн том хожлыг Хятад Америк хоёр орны ард иргэд хүртэнэ гэдэг дээр байр суурь нь ийн нэгдэв.
Хятад Америкийн хамтарсан мэдэгдэлд зургаан заалт байна. Анхаарал татсан нь, юуны өмнө
“Хоёр тал боловсруулах аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдааны асуудлыг авч хэлэлцэн, тус салбарын худалдааг хөгжүүлэх ашигтай боломжийг бүрдүүлэх талаар нийтлэг ойлголцолд хүрсэн” гэсэн заалт байв. Үүгээр Хятад улс Америкаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, нефть, цэвэр эрчим хүч, дээд технологийн бүтээгдэхүүн зэргийн их хэмжээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах гэж буйг харуулж байна. Ерөнхийдөө хамтарсан мэдэгдлийн агуулга “Эрх тэгш харилцан ашигтай”
зарчимд гол анхаарлаа хандуулжээ.
Хоол хүнсний асуудал дэлхийн хамгийн олон хүн амтай энэ “их айлын” өмнө тулгарсан гол асуудал болоод байгаа. “Сүүлийн жилүүдэд Америкийн жимс, шар буурцаг, улаан дарс, үхрийн мах зэрэг нь Хятадын хэрэглэгчдийн чансаа сайтай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдан авах эрэлт хэрэгцээг хангасан бөгөөд Америкийн тариачдад асар их ашиг орлого олгожээ” гэсэн мэдээлэл бий. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Хятад Америкийн худалдааны маргааны хохирогч болгох юм бол Хятадын дотоодын хэрэглээний зах зээлд шаардагдах бараа бүтээгдэхүүн нь дутагдаж, импортлох, үйлдвэрлэх өртөг нэмэгдэн, дахиад л хэрэглэгчид хохирно. Америкийн талд мөн адил хохиролтой. Учир нь тус улсын шар буурцгийн нийгэмлэгийн дарга Хейсдуров “Өнгөрсөн таван жилд Америкийн үр тарианы үнэ ханш 40 хувиар буурч, тариачдын орлого 50 хувир хасагдсан, хэрэв импортлогч орон хариу авах бодлого хэрэгжүүлэх юм бол тариачид болон хөдөө нутаг цаашид хохирох болно гэж байсныг хэлэлцээрийн үед ч эш татан ярилцсан байна. Тиймээс хоёр тал Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортыг өргөтгөх талаар нийтлэг ойлголтод хүрсэн нь хоёр ард түмний ашиг сонирхлыг хамгаалсан явдал болжээ.
Эрчим хүчний хангамжийн хэрэгцээний зөрчил хэрхэн шийдэгдэх вэ. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болсон Хятад улс дэлхийн хамгийн том эрчим хүчний импортлогч орон. Хятад улс бохирдлыг багасгаж агаарыг сайжруулахад онцгой анхаарч буй Хятад улс “занарын хийн хувьсгал”-д анхаарал хандуулж дэлхийн нефть болон байгалийн хийн үйлдвэрлэлийн “акул” АНУ-аас авах нефть, байгалийн хийн импортыг нэмэгдүүлэх талаар харилцан ашигтай ажиллахаар боллоо.
Хамтарсан мэдэгдлийн дагуу хоёр тал зөвшилцлийн явцад оюуны өмчийн эрхийг хамгаалахыг дээд хэмжээгээр чухалд үзэж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцсон бөгөөд “Патентын эрхийн хууль” зэрэг холбогдох хууль тогтоолд нэмэлт чөлөөлөлт оруулахаа Хятад улс амлалаа. Энэ нь хоёр талын ашиг сонирхол болон зах зээлийн жам ёсонд зохицох зайлшгүй сонголт юм. Өнгөрсөн онд олон улсын патентын өргөдлөөрөө Хятад улс дэлхийд хоёрдугаарт оржээ. Тус улс оюуны өмчийн эрхийн үндэсний газраа шинээр байгуулан бүтцийн өөрчлөлт хийж хууль зөрчсөн тохиолдолд залхаан цээрлүүлэх торгууль төлбөрийг нэмэхээр болсон.
Өнгөрсөн хугацаанд Америк Хятадын талтай барааны худалдааны талаар алдагдал ихтэй байна гэж гоморхож иржээ. Гэвч бас улс орны аюулгүй байдал гэсэн шалтгаар бүэгдэхүүнээ Хятадад экспортлохыг хязгаарлаж ирсэн юм. Энэ нь Хятад, Америкийн эдийн засаг худалдааны тэнцвэрргүй байдлыг буй болгосон гол шалтгаан гэж үзэж энэ удаагийн зөвшилцлөөр Хятадад худалдаалах Америкийн шинэ дэвшилтэт техник технологийн бүтээгдэхүүний эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх нь харилцан ашигтай гэж үзжээ.
Ийнхүү хоёр сар шахам үнэ хаялцан харилцан татвараа нэмэлцсэн “дажин” зогсож жинхэнэ утгаараа “худалдааны дайн” хийхгүйгээр харилцан гаалийн татвараа нэмж хураахаа зогсоохоор нийтлэг ойлголцолд хүрлээ. Үүгээр Хятад улс чансаатай өсөлтөө ахиулж, АНУ худалдааны алдагдлаа бууруулж хоёр тал харилцан хожлоо гэсэн мэдээллийг дэлхий дахинаа түгээж байна. Хятад улс АНУ төдийгүй дэлхийн бүх орноос бараа бүтээгдэхүүн худалдан авахад бэлэн гэдгээ онцолсон. Гэхдээ хоёр тал нийтлэг ойлголцолд хүрсэн ч хоёр орны худалдаа эдийн засгийн харилцаанд оршиж буй олон жил хуримтлагдсан бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд цаг хугацаа хэрэгтэй” гэдгийг Хятадаас илгээсэн тусгай элч хэлээд мордсон билээ.