“Барааг нь хараагүй, нэрийг нь ч мэдэхгүй тэр хүмүүсийн буянаар би дахин амьдарсан”

Хуучирсан мэдээ: 2018.05.21-нд нийтлэгдсэн

Таны цус амьдрал бэлэглэнэ

“Барааг нь хараагүй, нэрийг нь ч мэдэхгүй тэр хүмүүсийн буянаар би дахин амьдарсан”

“Амьдралд дутуу хөтүү зүйл их ч тэр бол цаг хугацааны асуудал. Зовлон биш юм. Зовлон гэвэл өвчинг л хэлдэг юм байна лээ. Үхлийн өмнө ирэхэд болохгүй, бүтэхгүй байна гэж бодсон бүхэн юу ч биш санагддаг. Хүн эрүүл, амьд байна гэдэг ямар их хувь тохиол вэ. Өглөөний нарыг, үр хүүхэд, хань ижил, ижий ааваа харах шиг жаргал энэ хорвоод үгүй” хэмээн ярих энэ бүсгүйг В.Аля гэдэг.

30 дөнгөж гарч буй энэ бүсгүй өнөөдөр бусад залуусын л адил хүсэл, зорилго, мөрөөдлийнхөө төлөө зүтгэж буй нэгэн. Хоёр хүү, нөхрийн хамт их хотын хэмнэлд уусан, өглөөнөөс үдэш хүртэл завгүй байх энэ гэр бүл өнөөдөр ийн элэг бүтэн, инээд хөөр, баяр баяслаар дүүрэн байгаа нь энх цагийн баатар болсон цусны доноруудын гавьяа.

Үхэл, амьдралын заагт, эмнэлгийн орон дээр аав ээж, хань ижлийнхээ сэтгэлийг чилээн, нулимсыг дуслуулж байсан тэр өдрөөс хойш 5 жил өнгөрчээ

Хүний амьдралд жаргал, зовлон ээлжилдгийн адилаар түүний амьдралыг ч бэрхшээл тойроогүй аж. Үхэл, амьдралын заагт, эмнэлгийн орон дээр аав ээж, хань ижлийнхээ сэтгэлийг чилээн, нулимсыг дуслуулж байсан тэр өдрөөс хойш 5 жил өнгөрчээ.

Өнөөдөр тэр хоёр хүүгээ харж баясан, ханийнхаа цээжийг түшин сууж байгаагаа “гайхамшиг” гэж хэлэх дуртай. Тэрээр таван жилийн өмнөх тэр цаг хугацааг бодох, хэрвээ гэсэн асуултыг өөрөөсөө асуух бүртээ илүү уужуу болж, илүү сайхан зүйлс бодож, түүнийгээ хэрэгжүүлэхийг хичээдэг байна.

Хэрвээ…

2013 оны 12 дугаар сар. Оройн 21 цагийн орчимд В.Аля гэнэт цус алдан, нөхөртэйгээ хамт хуучнаар II төрөхийг зорьжээ. Тухайн үед тэрбээр дөрвөн сартай жирэмсэн байсан бөгөөд цус алдсаны улмаас ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн байна. Ингээд эмч нар яаралтай арга хэмжээ авсан бөгөөд түүнд хоёр хүний цус сэлбэжээ.

Эмч нар “Охин чинь их хүнд байна. Бид чадах арга хэмжээгээ авч байгаа ч сэтгэлийн бэлтгэлтэй байгаарай. Уулзуулах хүн байвал хагалгааны өмнө уулзуулаарай” гэсэн хүндхэн үгийг гэрийнхэнд нь дуулгасан байна.

В.Алягийн дөрөв дэх жирэмслэлт байсан бөгөөд кесарево хагалгаагаар гурван удаа хүүхэд төрүүлсөн түүний савны оёдол задарсан байжээ. Сүүлийн төрөлтийн дараа эх барих эмч түүнд дахин төрөх боломжгүйг сануулж, савыг нь боох шаардлагатай гэсэн байна. Гэсэн ч дөнгөж 26 настай, залуу бүсгүй учраас, анагаах ухаан хөгжиж байгаа юм чинь дахин төрөх боломж олдож магадгүй хэмээн эмчээсээ гуйснаар савыг нь боогоогүй байна. Бага хүү нь дөрвөн нас хүрчихсэн учраас дахиад хүүхэдтэй болохыг хүссэн хосын шийдвэр эрсдэл дагуулсан нь энэ байжээ. Хагалгаанд орох явцад дахин цус хэрэг болсон бөгөөд гурван хүний цус сэлбэсэн байна.

Хүний амь гэж өчүүхэн юм билээ. Өнөөдөр эрүүл саруул инээж хөхрөөд явж байхад, маргааш юу ч тохиолдож магадгүй

“Эмч нар бүтэн гурван өдөр сэхээнд үхэлтэй тэмцэх намайг аврах гэж хичээсэн. Гурав дахь өдрийн өглөө нойргүй, ядарсан царайтай эмч  орж ирээд “Ийм сайхан залуу хүүхэд даанч яав даа л гэж бодож байсан. Ингээд босоод сууж байдаг ус уух хувьтай хүн юм аа. Гайхамшиг л гэж энэ байх даа” гэж хэлснийг одоо ч сайн санаж байна.

Хүний амь гэж өчүүхэн юм билээ. Өнөөдөр эрүүл саруул инээж хөхрөөд явж байхад, маргааш юу ч тохиолдож магадгүй. Төрөхийн хүндрэл, осол, өвчин зовлонгийн улмаас өдөрт хэчнээн хүнд цус хэрэг болж байгаа бол гэж боддог юм. Хэрвээ чадварлаг эмч нар байгаагүй бол, хэрвээ цусны донорууд байгаагүй бол би энд ингээд чамтай яриад суухгүй байсан шүү дээ. Тэр хүмүүсийн ач тусаар өнөөдрийн нарыг харж, аав ээж, хоёр хүү, ханийнхаа хайрыг мэдэрч байгаадаа маш их баяртай байдаг” хэмээн талархсан сэтгэлээ баярын нулимстайгаа дайж байлаа.

Энэ явдлаас хойш В.Алягийн амьдралд их зүйл өөрчлөгджээ. Дэггүй хөвгүүдээ сахилгагүйтэхэд нь уурлаж, зандардаг байсан бол одоо өвчингүй л бол жаргал шүү хэмээн өөртөө хэлж, зэрэгцээд тоглодог болсон гэнэ.

Амьдралаа хамтдаа туулж буй ханьтайгаа хааяа нэг ам зөрөх үедээ өөрийнхөө зөв хэмээн итгэж, хэрэндээ дийлэх гэж оролддог байсан бол одоо хэн хэндээ буулт хийдэг болсон байна.

Нэрийг нь мэдэх гээд чадаагүй цусны доноруудаа хэзээ нэг цагт танихгүйгээсээ болоод хатуу үг хэлчих вий хэмээн хэнтэй ч элгэмсэг дотно харьцаж, уурлах зүйл гарсан ч үг хэлэхээсээ өмнө боддог, хүнтэй маргалдахаас цааргалдаг болж.

Төрөхийн хүндрэл, осол, өвчин зовлонгийн улмаас өдөрт хэчнээн хүнд цус хэрэг болж байгаа бол…

Цаг хугацаа ч өгч чадахгүй ухаарлыг басхүү аз жаргалын үнэ цэнийг олж авсан гэдгээ энэ явдлыг хүүрнэх үеэрээ хэлж байсныг нь онцлох нь зүйтэй.

Үхэл, амьдралын заагт очсон хүн олон зүйлийг ухаардаг гэдэг. Тэр ч үүнийг хүлээн зөвшөөрч байлаа. Эмнэлгийн орон дээр биеэ дийлэх тэнхэлгүй хэвтэж байхдаа ижий ааваасаа түрүүлээд хоёр хүүгээ л бодсон гэнэ лээ. Үхтэл үр харам гэдэг болохоор эхийн хайрыг мэдрэхгүй өсөх нь дээ хэмээн балчир үрсээ өрөвдөж, надаас хойш яана даа хэмээн ханиа бодон өмөрч байсан гэдгээ дурсан ярьсан юм.

“Эмнэлгийн орон дээр хэвтэж байхад маш их зүйл бодогддог юм билээ. Өдийд үр хүүхэд, аав ээждээ харагдаад, ажлаа хийгээд сайхан амьдарч байгаа нь нэрийг нь ч мэдэхгүй тэр хүмүүсийн ач тус. Өмнө нь цусны донорын талаар ямар ч мэдлэггүй байсан. Хааяа телевизээр энэ талаар үзүүлэхэд “аан” гээд л өнгөрдөг байсан бол одоо би тэр хүмүүсээр бахархаж, бахдаж, талархаж явдаг. Хар залуугаасаа боломжтой насаа дуустал цусны донор болж буй хүмүүс зөндөө байдаг юм билээ. Салбарын тэргүүн гээд л олон хүн шагнаад байдаг. Тэгвэл өчнөөн олон хүний амийг, эргэн тойрных нь хүмүүсийн амьдралтай аварсан энэ хүмүүсийг өргөмжилж, төрийн хэмжээнд шагнавал гэж бодогддог юм.

26 нас гэдэг хүүхдээрээ нас байсан юм билээ. Тухайн үед юу ч мэдэлгүй өнгөрчихсөн бол амьдралын ийм сайхныг мэдрэхгүй байсан. Тухайн үед “явчихсан” бол юу ч ухаарахгүй байсан. Миний биед таван хүний цус урсаж байгаа гэж би хэлэх дуртай. Нэрийг нь ч мэдэхгүй тэр хүмүүсийн ачаар өнөөдөр би амьсгалж, амьдарч байна. Цусны донор гэж байгаагүй бол маш олон хүн аз жаргалыг мэдэрч амжилгүй хорвоогоос буцах байсан байх.

Цусны доноруудын хувьд янз бүр байдаг байх. Тогтмол өгдөг нэг нь байхад нэг удаа өгч үзье гэж бодоод өгсөн хүмүүс ч бий. Санаатай, санамсаргүй таны өгсөн тэр цус нэг хүний амиар зогсохгүй аав, ээж, үр хүүхэд, хань ижлийнх нь амьдралыг аварч байгаа юм. Бид гаднаас нь хараад мэдэхгүй ч, амьдралын сайхныг бэлэглэдэг тэр хүмүүс гудамжаар алхаад л явж байгаа. Тэгэхээр би өнөөдөр цус сэлбүүлээд амиа авруулчихсан гээд орхиж болохгүй. Миний ярилцлагыг уншаад цусны донор гэж ямар сайхан хүн байдгийг, бүхэл бүтэн хүний амьдралыг аварч чаддагийг  ойлгож, нэг ч гэсэн хүн цусаа өгөхөөр явах юм бол миний хувьд маш их баяртай байх болно” хэмээн тэрбээр ярьсан юм.

Уйлж, инээн ярилцах түүнээс чин сэтгэл мэдрэгдэж байлаа. Эмч нар болон цусны донорууддаа өнөөдрийн амьдралыг нь бий болгосонд талархаж буйгаа хэлсээр байв.

Үхэлтэй нүүр тулж, сар гаруйн хугацаанд эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн В.Аля бүсгүй өнөөдөр бусдын л адил үр хүүхэд, хань ижилтэйгээ амьдралын төлөө зүтгэж байна. Одоо тэрбээр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологийн мэдээллийн сангийн мэргэжилтнээр ажиллаж, тун удахгүй 1:500000 масштабтай геологийн мэдээллийн сан бүхий газрын зургаа хэвлэлтээс авах гээд завгүй байлаа. Гэсэн ч бидний урилгыг хүлээн авч ярилцсан нь түүний талархсан сэтгэлтэй салшгүй холбоотой.

Түүн шиг олон хүн, нэрийг нь мэдэхгүй, зүсийг нь ч хараагүй тийм л буянтнуудын ачаар өнөөдрийн нарыг харж, үр хүүхэд, хань ижил, ижий аавтайгаа элэг бүтэн амьдарч байгаа билээ.

Таны өгсөн цус хэзээ, хэнд, хаана, хэнийг аварч байгааг мэдэхгүй. Гэхдээ заавал нэг хүний амийг аварч байгаа гэдэгт итгээрэй.

Та дараах баннер дээр дарснаар Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн фэйсбүүк хуудаст хандах боломжтой. Хуудсаар дамжуулан хэрхэн цусны донор болох талаар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж