Б.Сэр-Од: Японд боломж байна

Хуучирсан мэдээ: 2018.05.20-нд нийтлэгдсэн

Б.Сэр-Од: Японд боломж байна

Б.Сэр-Од: Японд боломж байна

Нийслэлийн Засаг даргын захирамжаар зохион байгуулагдсан “Улаанбаатар марафон 2018” олон улсын гүйлтийн тэмцээн тавдугаар сарын 19-ний өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа. Энэ жилийн гүйлтэд 30 мянга гаруй иргэд онлайн бүртгэлд хамрагдаж, оролцсоны дунд 30 орны 400 гаруй гүйгчид оролцжээ. Мөн Кени улсын гурван тамирчин урилгаар оролцсон ч замаа дуусгаж чадаагүй.

Марафоны үндсэн төрөл 42 км 195 метрт тэргүүн байрт олон удаа орж байсан Гавьяат тамирчин Бат-Очирын Сэр-Од энэ удаа уралдааны замд гараагүй. Тэрбээр сүүлийн жилүүдэд Япон болон БНХАУ-д хамтарсан бэлтгэлийг хийж байгаа бөгөөд энэ удаа эх орондоо түр саатлаа.  

Б.Сэр-Од “Афин 2004”, “Бээжин 2008”, “Лондон 2012”, “Рио 2016” олимпийн наадам болон хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2003 оноос эхлэн оролцож байгаа. Энэ жил түүнийг ирэх наймдугаар сард болох Индонез улсад болох Азийн наадам хүлээж байгаа байна. Ингээд Гавьяат тамирчин Б.Сэр-Одтой ярилцсанаа хүргэе.

МОНГОЛ ХҮНД ХОЛЫН ЗАЙН ТЭСВЭР ТЭВЧЭЭР БАЙГАА ШҮҮ ГЭДГИЙГ БАГААРАА ОЛИМПИЙН НААДАМД ХАРУУЛАХ НЬ ЧУХАЛ

-Та марафонд оролцоно гэж бүртгэлээ авсан хэрнээ гэнэт оролцохгүй болсон. Яагаад ийм шийдвэрийг гаргав. Таныг олон хүн энэ уралдаанд түрүүлнэ гэж харж байсан шүү дээ?

-Энэ уралдаан 2011 оноос эхлэн зохиогдож эхэлсэн. Гэхдээ 2014 оноос эхлэн олон улсын хэмжээнд зохион байгуулагдах болсон. Энэ хугацаанд би олон удаа түрүүллээ. V удаагийн уралдаанд оролцохоор дугаараа авсан. Гэхдээ намайг гэнэт оролцохгүй болсонд олон хүн гайхсан. Би залуу тамирчдаа дэмжих үүднээс энэ удаагийн марафоныг өнжлөө. “Токио 2020” олимпийн наадам Япон улсад болох учраас марафоны тамирчид багаараа оролцох нь чухал байна. Тиймээс залуу тамирчдаа дэмжих үүднээс уламжлалт марафонд оролцоогүй. Учир нь залуу тамирчид Монголд болж буй тэмцээндээ сайн оролцож, тэр хэрээр тэднийг дэмжих компанитай болох боломж нээгдэх болов уу гэж харж байна.

-“Улаанбаатар марафон” олон улсын тэмцээнд гадаадын олон тамирчид урилгаар оролцдог. Тэр дундаа Кенийн гурван тамирчин энэ уралдаанд оролцлоо. Тэдэнтэй хэр ойр байдаг вэ?

-Зохион байгуулагчид гадаадын тамирчдыг урьдаг. Сүүлийн жилүүдэд Кенийн тамирчид энэ тэмцээнд олон удаа ирж оролцож байна. Энэ удаа Кенийн гурван тамирчин оролцсон. Би тэднийг сайн мэдэхгүй. Гэхдээ тэд бол сайн тамирчдын нэг. Би одоогоор гадаадын тамирчинг урьж авчраагүй. Надад монгол тамирчдаа дэмжин ажиллах нь чухал байна. 2017 онд Япон, Кенийн тамирчид оролцож байсан. Өмнө нь монгол тамирчид хоорондоо өрсөлддөг байсан бол сүүлийн жилүүдэд гадаадын тамирчид олноор ирдэг болсон. Тэгэхэр манай тамирчид гадаадын тамирчдыг ялан дийлж, ур чадвараа харуулах ёстой. Бусад оронд болж буй марафоны тэмцээнийг харахад гадаадын тамирчдыг олноор урьдаг. Тэр хэрээр дотоодын тамирчдын ур чадвар ахидаг.

-Таны хүү “Улаанбаатар марафон”-д оролцож байсан. Энэ удаа оролцов уу? Мөн таны эхнэр О.Оюунтуяа дасгалжуулагчаар ажиллаж байна? Хүүгээсээ хол байх хэр байна вэ?

-Хүү маань мөн гүйх дуртай. 2015 онд “Улаанбаатар марафонд”-д 5 км-т гүйж, дээгүүр байранд орж байсан. Гэхдээ тухайн үед манай хүүд шүүгч эвгүй сэтгэгдэл үлдээсэн юм билээ. Түүнийг замаа дуусгаад ороод ирэхэд шүүгч хүлээж авалгүй түлхээд гаргасан байсан. Энэ нь хүүд их хүнд туссан. Тэр дахиж энэ тэмцээнд орох сонирхолгүй болсон. Эндээс харахад зохион байгуулагчдын хувьд анхаарах зүйл их байгаа. 2017 онд мэргэжлийн гүйгч нар хүний гараас ус авахгүй гэсэн дүрэмтэй хэрнээ ийм алдаа гарч байсан. Уг нь зориулалтын усыг авах ёстой гэж дүрмэндээ заасан байдаг. Эхнэр маань миний дасгалжуулагчаар 2005 оноос хойш ажиллаж байна.

 -Олимпийн наадамд оролцсон тамирчин бүр эх орноо сурталчилдаг. Таны хувьд марафоны эрэгтэй тамирчдаас анхдагч болсон. Хоёр жилийн дараа Токиод болох олимпийн наадамд марафоны тамирчид багаараа оролцохоор бэлтгэж байна. Тамирчдын цагийн амжилт ямар байна вэ?

-Олимпийн наадамд марафоны төрөлд багаараа оролцох бүрэн боломж манай тамирчдад байна. Монгол хүнд холын зайн тэсвэр тэвчээр байгаа шүү гэдгийг бид багаараа харуулах нь чухал. Одоогоор манай залуу тамирчдын амжилт 2 цаг 16-18 минутын хооронд байгаа. Энэ нь дэлхийн тавцанд өрсөлдөх амжилтанд хүрэхгүй. Миний хувьд Монгол улсын рекорд амжилтыг 2 цаг 08 минутаар эзэмшдэг. Бусад тамирчдад боломж олгож, тэдэн эрч хүч өгөх үүднээс би энэ удаагийн марафоныг өнжсөн. Бид хоёр жилийн дараа Токиод болох олимпийн наадамд багаараа оролцохоор ажиллаж байна.  

КАТАР, БАХРЕЙН ОРОН КЕНИЙН ТАМИРЧДЫГ ХУДАЛДАЖ АВЧ БАЙНА

-Та сүүлийн жилүүдэд Япон улсад бэлтгэл сургуулилтаа хийж байна. Таны цагийн амжилт ямар байна вэ?

-Японд улсад бэлтгэл сургуулилтаа хийгээд тэндээсээ тэмцээн уралдаанд оролцож байна. Хамгийн сүүлд 2017 оны төгсгөлд Фүкүока марафонд оролцоод 2 цаг 13 минутын цагийн амжилт үзүүлсэн. Энэ оны хоёрдугаар сард Токиод болсон марафонд 2 цаг 15 минутын цагийн амжилттай оролцсон. 2018 оны хамгийн том зорилго бол Индонез улсад болох Азийн наадам байна даа.

-Японд нөхцөл байдал хэр байна вэ? Та аль хотуудад бэлтгэл сургуулилтаа хийж байна?

-Одоогоор NTN клубт хамтарсан бэлтгэл хийж байгаа. Нагано, Миязаки, Хоккайдо хотуудад бэлтгэл хийдэг. Гэхдээ аль ч хотод бэлтгэл хийж, тэмцээнд орох боломж гардаг. Токиод хоёр жилийн дараа олимпийн наадам болно. Тиймээс аль болох удаан хугацаагаар байж, дасан зохицох хэрэгтэй. Японд гадаадын олон тамирчин бэлтгэлээ хийж байгаа нь харагдлаа. Удаан хугацаагаар биш ч гэсэн богино хугацааны хамтарсан бэлтгэлийг Кени болон Европын тамирчид хийж байна. Риогийн олимпийн наадам дууссаны дараа Токиогийн олимпийн цикл эхэлсэн учраас бүх орны тамирчид адил бэлтгэлдээ гарсан. Миний хувьд Японд бэлтгэлээ хийхээс гадна урд хөршийн Хөх хотод мөн хамтарсан бэлтгэл хийж байна. Үндэсний шигшээ багийн тамирчин учраас Биеийн тамир, спортын газраас дэмжлэгтэйгээр ажиллаж байгаа. Сүүлийн жилүүдэд марафоны тамирчдад үзүүлж байгаа төр засгийн дэмжлэг сайжирч байна.  

-Азийн наадам гурван сарын дараа Индонез улсад болно. Та одоо хаана бэлтгэлээ хийх вэ?

-Энэ удаа “Улаанбаатар марафон 2018”-д оролцоно гэсэн бэлтгэлтэй ирнэ гэсэн боловч залуу тамирчдаа дэмжих үүднээс оролцоогүй. Удахгүй Хөх хотод очиж нэг сарын хамтарсан бэлтгэл хийнэ. Үүний дараа Японд очоод буцаж Монголдоо ирнэ дээ. Азийн надаамд өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно.

-Таны хувьд олимпийн наадам болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд олон удаа эх орноо төлөөлөн оролцсон. Хамгийн сэтгэлд хоногшсон тэмцээний тухайд? Мөн Азийн наадмын өрсөлдөөнийг хэрхэн харж байна вэ?

-Тэмцээн бүрийн цаг хугацаа дахин давтагдашгүй болохоор бүх тэмцээн уралдаан үнэ цэнэтэй байдаг. 2003 онд Францын Парис хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон “Афин 2004” олимпийн наадам үнэхээр сэтгэлд тод үлдсэн. Мөн 2014 оны БНСУ-ын Инчон хотод болсон Азийн наадам байна. Дөрвөн жилийн өмнөх Азийн наадамд би марафоны төрлөөр оролцож, дөрөвдүгээр байрт орж байсан. Тиймээс энэ жилийн наадам их өрсөлдөөнтэй болно. Марафоны төрөлд Япон, Катар, Бахрейн, БНХАУ, БНСУ, БНАСАУ гээд олон орноос хүчтэй оролцогчид ирнэ. Тэр дундаа Катар, Бахрейн орон Кенийн тамирчдыг өөрийн орны нэрийн өмнөөс оролцуулдаг учраас өрсөлдөөн үнэхээр хэлэхийн аргагүй байна даа. Манай хөнгөн атлетикийн тамирчдаас марафон болон бусад төрөлд 14 тамирчин, албаны дөрвөн хүний хамт оролцоно.

 

Лондонгийн марафонд 2012

2015 онд Бива нуурын марафон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж