Ким Чен Ир ОХУ-д нууц асуудал хэлэлцэж магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

Ким Чен Ир ОХУ-д нууц асуудал хэлэлцэж магадгүй

Хойд Солонгос, Өмнөд Солонго­сын эзэнгүй арал руу гал нээсэнтэй холбогдуулан Сөүлийн зүгээс АНУ-тай арав хоногийн хамтарсан цэргийн сургуулилт хийж байгаа билээ. Харин ийм үед Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ир ОХУ-ын зүүн бүсийн хилээр нэвтэрч, Москваг зорьсон нь хэвлэлийнхний дуранд өрт­жээ. Энэ талаар “Reuters” агентлаг мэдээлсэн юм. Ким Чен Ирийн айлчлалын талаар хэн ч юу ч мэдээгүй байхад ОХУ-ын “НовостиСибирь” сонинд “Хойд Солонгосын удирдагч хуяг­ла­сан галт тэргээрээ Кремлийг зорьж байгаа” гэсэн мэдээлэл анх нийт­лэгдсэн аж. Улмаар ОХУ-ын хэвлэлүүдээр дамжин дэлхийд тархсан юм.
 
Хойд Солонгосын  удирдагч  Ким Чен Ир хамгийн сүүлд 2002 онд ОХУ-д айлчилсан. Есөн жилийн дараах айлчлалын талаар Хойд Солонгосын үндэсний мэдээллийн хэрэгслүүдээр огт мэдээлээгүй таг чиг байгаа аж.

Уг айлчлалын үеэр Ким Чен Ир өөрийн улсад нүүрлэсэн хүнсний гачигдалд ихээхэн анхаарал хан­дуулж тусламж гуйж магадгүй талаар хэвлэлүүд онцолсон байна. Мөн Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилт, “Газпром” Хойд Солонгосоор дамжуулан Өмнөд Солонгост байгалийн хий ний­лүүлэх сувгийн талаарх яриа ч энэ айлчлалын гол зорилго байж мэдэх юм. CNN агентлагийн мэдээлж буйгаар “Хойд Солонгосын удирдагч ОХУ-д айлчилж байна. Хоёр улсын тэргүүний хэвлэлийн төлөөлөгчид уулзал­тын үеэр ямар асуудлын талаар хэлэлцэх тухай мэдээлэл хараа­хан өгөөгүй байна” гэжээ. Энэ сарын эхээр Хойд Солонгосын удирдагч зургаан талт хэлэлцээр хийх саналыг Өмнөд Солонгос, АНУ-ийн талд дэвшүүлсэн боловч уг саналыг дэмжээгүй хойш тавьсан. Зургаан талт хэлэлцээрт БНХАУ, Япон, ОХУ,Өмнөд Солонгос, АНУ болон Хойд Солонгос багтах бөгөөд өнгөрсөн баасан гарагт ОХУ-ын Гадаад хэргийн сайд хоол хүнсний дутагдалд ороод байгаа зарим улсад “Хүнсний тусламжийн цуваа илгээх болсон” талаар мэдэгдсэн. “Хойд Солонгос энэ тоонд багтаж байгаа болов уу, үгүй юу” энэ талаар одоохондоо тодорхой мэдээлэл байхгүй байгаа юм. Ерөнхийдөө АНУ-ын CNN агентлагаар Хойд Солонгост “Хоол горьдож яваа” гэх утга бүхий мэдээлэл цацагдсан бололтой.

Уг айлчлалын эцсийн хугацаа тодорхойгүй байгаа бөгөөд “Энэ долоо хоногийн сүүлээр Ким Чен Ир ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Мед­ведевтэй уулзахаар болсон” гэх мэдээлэл ч байгаа юм. АНУ-ын зү­гээс Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилт хийх болсноос хойш ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Мед­ведев Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ирд урилга явуулсан талаар www.indianexpress.com сайт мэ­дээлэв. Ямартай ч уг айлчлалын үеэр хоёр улсын тэргүүн нар томоохон тохиролцоонд хүрч, Хойд Солонгос олон асуудлын гарцыг ОХУ-с олно хэмээн олон улсын хэвлэлүүд онцолсоор байна.

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж