Уг айлчлалын үеэр Ким Чен Ир өөрийн улсад нүүрлэсэн хүнсний гачигдалд ихээхэн анхаарал хандуулж тусламж гуйж магадгүй талаар хэвлэлүүд онцолсон байна. Мөн Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилт, “Газпром” Хойд Солонгосоор дамжуулан Өмнөд Солонгост байгалийн хий нийлүүлэх сувгийн талаарх яриа ч энэ айлчлалын гол зорилго байж мэдэх юм. CNN агентлагийн мэдээлж буйгаар “Хойд Солонгосын удирдагч ОХУ-д айлчилж байна. Хоёр улсын тэргүүний хэвлэлийн төлөөлөгчид уулзалтын үеэр ямар асуудлын талаар хэлэлцэх тухай мэдээлэл хараахан өгөөгүй байна” гэжээ. Энэ сарын эхээр Хойд Солонгосын удирдагч зургаан талт хэлэлцээр хийх саналыг Өмнөд Солонгос, АНУ-ийн талд дэвшүүлсэн боловч уг саналыг дэмжээгүй хойш тавьсан. Зургаан талт хэлэлцээрт БНХАУ, Япон, ОХУ,Өмнөд Солонгос, АНУ болон Хойд Солонгос багтах бөгөөд өнгөрсөн баасан гарагт ОХУ-ын Гадаад хэргийн сайд хоол хүнсний дутагдалд ороод байгаа зарим улсад “Хүнсний тусламжийн цуваа илгээх болсон” талаар мэдэгдсэн. “Хойд Солонгос энэ тоонд багтаж байгаа болов уу, үгүй юу” энэ талаар одоохондоо тодорхой мэдээлэл байхгүй байгаа юм. Ерөнхийдөө АНУ-ын CNN агентлагаар Хойд Солонгост “Хоол горьдож яваа” гэх утга бүхий мэдээлэл цацагдсан бололтой.
Уг айлчлалын эцсийн хугацаа тодорхойгүй байгаа бөгөөд “Энэ долоо хоногийн сүүлээр Ким Чен Ир ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевтэй уулзахаар болсон” гэх мэдээлэл ч байгаа юм. АНУ-ын зүгээс Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилт хийх болсноос хойш ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ирд урилга явуулсан талаар www.indianexpress.com сайт мэдээлэв. Ямартай ч уг айлчлалын үеэр хоёр улсын тэргүүн нар томоохон тохиролцоонд хүрч, Хойд Солонгос олон асуудлын гарцыг ОХУ-с олно хэмээн олон улсын хэвлэлүүд онцолсоор байна.
"Улс төрийн тойм" сонин