Л.Элдэв-Очир: Бэлчээрийн тухай хуулиар “гал авахад” бэлэн

Хуучирсан мэдээ: 2018.05.20-нд нийтлэгдсэн

Л.Элдэв-Очир: Бэлчээрийн тухай хуулиар “гал авахад” бэлэн

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очиртой ярилцлаа.


-УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын хувьд улирлын байдалтай холбоотойгоор газар тариалан, мал аж ахуйн салбарынхны томоохон уулзалт чуулгануудаар дүүрэн байгаа бололтой. Малчдын улсын зөвлөгөөн саяхан боллоо. Үүгээр Бэлчээрийн тухай хуулийг яаралтай баталж өгөхийг хүсч байгаа нь анхаарал татлаа. УИХ-ын гишүүний хувьд энэ хуулийг батлуулах талаар хэр анхаарч байна вэ? Галыг өөр дээрээ авах итгэл үнэмшил байна уу?

Энэ хууль сүүлийн 16 жил дараалан Бэлчээрийн тухай хуулийг УИХ-аар батлуулах гээд батлуулж чадаагүй байдаг. Гэтэл энэ хууль хэчнээн чухал ач холбогдолтой тулгамдсан асуудал болоод байгааг бид харлаа шүү дээ. Сая зөвлөгөөнөөр хэлэлцэгдсэн тоогоор бол 110.5 га газарт 66.2 сая мал, зохист харьцаанаас 25 сая толгой малаар хэтэрсэн байна. Зарим нутагт 2.5-10 дахин хэтэрсэн үзүүлэлт ч байна. Энэ бол цаашид мал аж ахуйн хөгжүүлэхэд зайлшгүй тулгамдсан асуудал мөн. Миний хувьд бол Бэлчээрийн тухай хуулийг хэлэлцүүлж батлуулахын тулд “гал авахад” бэлэн байна.

-Та бизнесийн олон салбарыг хамарсан томоохон группийг удирдалцаж байгаад улс төрд орсон. Тиймээс улс орны эдийн засгийн хөгжлийг өргөн хүрээнд, том зурагаар нь харах өнцөг тань өөр байх. Хувь хүнийхээ хувьд аль салбарыг илүү дэмждэг вэ?

-Миний хувьд мал аж ахуйн салбарыг Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар гэж үздэг хэвээрээ. Мэдээж уул уурхай, аялал жуулчлал зэрэг хөгжлийн голлох салбарууд ойрын хугацаанд хөрөнгө оруулалтыг татах нь үнэн боловч уламжлалт мал аж ахуйн салбартаа анхаарахгүйгээр, тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхгүйгээр улс орны эдийн засгийг хөгжүүлэх аргагүй. Энэ удаагийн парламент Монгол Улсын нутаг дэвсгэрт мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг дэмжих зорилгоор Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулиудыг баталлаа гаргалаа. Мөн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээрийн малын удмын сан, тэсвэрт чанарыг хадгалж, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, бэлчээрийн даацад нийцсэн мал сүргийн зохистой харьцааг бүрдүүлэх, малын халдварт өвчинтэй тэмцэх талаар онцгой анхаарч ажиллаж байна. Дэлхийн улс үндэстнүүд даяаршил хэмээх нэг орон зайд шилжиж байгаа хэдий ч улс үндэстэн өөрсдийн өвөрмөц онцлогоор ондооших үйл явц хүчтэй нэмэгдэж байна. Мал маллах арга ухаан, нүүдлийн соёл иргэншлийн өвөрмөц уламжлал нь манай улсын ондоошил болох учиртай.

Төрийн бодлогын хүрээнд малын махыг гадаадын улс орнуудад экспортлох үүгээр дамжуулан малчин иргэдийг тогтвортой орлоготой болгоход малын эрүүл мэндийн асуудал тулгамдаад байна. Цаашид мал аж ахуйн бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлж, малчдын амьжиргааг сайжруулахад нөлөөлж байгаа олон хүчин зүйлсийн сөрөг нөлөөллийг бууруулах, эерэг үр дүнг дэмжих, шийдвэрлэх боломжтой асуудлуудыг цэгцлэн шийдэх хэрэгтэй гэж үзэж байна.

-Уул уурхайн салбарын ид үед буюу 2012-2013 онд та Канад улсад Элчин зөвлөхөөр ажиллаж байсан. Тухайн үед мөн л хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх яриа хэлэлцээр ид үргэлжилж, уул уурхайн салбарын хамтын ажиллагааны идэвхжүүлэлтийн чиглэлээр олон талт үйл ажиллагаа өрнөж байсан. Харамсалтай нь одоо хэр нь манай татварын орчин хөрөнгө оруулагчдад таатай бус, тогтвортой байна гэсэн итгэл үнэмшилгүй хэвээрээ байна. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Уул уурхайн салбарын хувьд гадаадын төдийгүй дотоодын хөрөнгө оруулагчдыг эргэлзээнд оруулдаг зүйл бол яах аргагүй татварын болон улс төрийн тогтворгүй орчин гэдэгтэй санал нэг байна. Миний хувьд хөгжлийн томоохон төслүүдээ одоо хөдөлгөх цаг нь болсон гэдгийг чанга дуугаар хэлдэг, дэмждэг хүмүүсийн нэг. Владивостокоор нүүрс зөөнө гэх мэтийн “үлгэрээ” зогсоож уул уурхайн салбарыг мэддэггүй хүмүүс энэ тухай популист дуулиан дэгдээхээ болих хэрэгтэй. Мэддэгүүд нь зоригтойгоор чанга дуугарах цаг болсон гэдгийг би УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр ч хэлж байсан. Цаашид ч ярих болно.

-Эргэн санахад, 2017 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан дээр таны хэлсэн үг анхаарал татаж дуулиан тарьсан. Үүнд та “Тавантолгойн гэрээг явуулах лобби бүлэг байгуулъя, зардал мөнгө босгоё гэж хүмүүс над дээр орж ирлээ” гэсэн. Гэхдээ манай намынхан биш гэж та тэр үед хэлж байсан. Одоо тэр хүмүүс хэн байсныг хэлж болох уу?

-Мэдээж улс төрийн хүрээнийхэн байсан. Улстөрчид. Гэхдээ хэн байсныг нь, одоо хэр нь тэр саналыг хүлээн зөвшөөрөөгүйн төлөө хэрхэн хор уршиг бүхий мэдээллээр нийгмийг цэнэглэж байгааг та бүхэн харж байна шүү дээ. Энэ төсөл хөдлөх ёстой. Гэхдээ ашиг сонирхлоос үүдсэн наймаалцал бүхий лобби бүлэг элдэв санал тавьж, түүнийг нь хүлээн аваагүйн төлөө өс хонзон зангидаад байвал цаашаа явах аргагүй. Улстөрчид нь эдийн засгийг “алж” байгаа учраас улс орон хөгжихгүй, том төсөл хөтөлбөрүүдэд улстөрчдийн оролцоо их байгаа учраас хөдлөхгүй байгаа юм гээд байдгийн маань учир энэ.

-Оюутолгой төсөл бол маш том төсөл. Мега мөн эсэх дээр маргах бус манай улсын хувьд том төсөл гэдэгтэй хэн ч санал нийлэх биз. Гэтэл Оюутолгойн “хуучин”, “шинэ” гэрээтэй холбоотойгоор хоёр ч Ерөнхий сайдаа, мөн нэгэн мэдлэг чадвартай залуугаа төрд ажилласных нь алдаа, оноог дэнслэхээр хорьчихоод байна. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-УИХ, түүний гишүүн энэ талаар нөлөөлж болохгүй гэдэг нь ойлгомжтой. Хувь хүний байр суурь асууж байгаа бол хүнийхээ хувьд С.Баяр нар болон Оюутолгой төслөөс болж хоригдох байгаа гэгдсэн тэр хүмүүсийн хэнийг нь ч гэсэн амьд мэнд, эрүүл саруул гарч ирээсэй л гэж бодож байна. Хэн, хэнийх нь талаар, таны нэр дурдсан тэр мэдлэг чадвартай залууг хүртэл эрүүл мэндийн хувьд хүнд байгаа талаар мэдээллийг харж байгаа. Тэд эсэн мэнд л гарч ирээсэй. Төрд ажил хийсэн, төсөл дээр ажилласныхаа төлөө яллуулах, заавал хорьж байж үнэн зөвийг тогтоох нь хэр зөв юм бол. Цаашид томоохон төслүүд дээр ажиллах хүмүүс олдох болов уу. Чадвартай, мэдлэгтэй, эр зоригтой байх ирийг дарсан явдал болох вий гэсэн болгоомжлол төрж байгааг нуугаад яахав.

-Та Ерөнхийлөгчийн засаглалтай болох талаар ярьдаг. Энэ бодол тань одоо ч хэвээрээ юу?

-Энэ бол миний хувийн бодол, хувилбар төдий юм. Монгол Улс өнөөдөр хөгжлөө хурдасгахын тулд засаглалын ямар хэлбэртэй байж болох тухайгаа Үндсэн хуулийг өөрчлөх талаар хэлэлцэхдээ тодорхойлно, энэ тухайгаа ярьж эхлээд байна. Миний хувьд төрийн нэр хүнд, УИХ-ын болон түүний гишүүний нэр хүндийн талаарх өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн үйл явдлуудаас харахад нэг удаа Ерөнхийлөгчийн засаглалтай байж, нэг хүн энэ улс орныг өөрийн боловсруулсан хөгжлийн төлөвлөгөөгөөр удирдаж үзвэл ямар вэ. Магадгүй одоогоос хавьгүй хурдацтай хөгжиж мэдэх юм шүү. Ядаж л хариуцлага хүлээлгэхэд тун амар, бодитой болсон байх болно. Энэ тухай ярихаар намайг “байг, битгий ярь” гэж болгоомжлуулдаг хэвээрээ. Гэхдээ би ярина. Яагаад бид дөрвөн парламент дамжаад нэг хуулийг баталж чадахгүй байгаа юм бэ. Яагаад 20 гаруй жил хэлэлцсэн “тулгамдсан” асуудлууд, тоочдог зовлон маань хэвээрээ байгаад, ард түмэн бухимдаад байна вэ гээд бодоход бид засаглалын хэлбэрээ өөрчлөх цаг болсон гэж бодож байна. Тэр 76 гишүүнтэй болж улс орноо худалдахаас хамгаална, нэг удирдагчтай бол амархан худалдагдана гэдэг бол ердөө л Ерөнхийлөгчийн засаглалд дургүй хүмүүсийн яриа. Гэтэл 76 гишүүнд чинь бухимдаад байгаа нэг иргэний, мянган иргэний, арван мянган иргэний амсч байгаа бэрхшээл өөрт нь тулгараагүй болохоор хайнга хандав явсаар “тулгамдсан асуудлууд” хэвээрээ байна шүү дээ. Тэгэхээр түүхээ хар, хөршүүдээ хар. Нэг удирдлага хэрэгтэй цаг үе иржээ. Хэн байх вэ гэдэг дээр намайг бүү хард. Учир нь одоогийн Ерөнхийлөгч лав биш. Тухайн үед энэ сэдвээр хэлэлцэж шийдвэр гаргалаа гэхэд хэрэгжиж эхлэх цаг хугацаа, яаж сонгох, тэр Ерөнхийлөгч нь ямар институцийг сонгодог эрх мэдэлтэй байх, Ерөнхийлөгчтэй хэн, хэзээ, яаж хариуцлага тооцож болдог байх вэ гэхчлэн нарийн хэлэлцэж байж шийдэх болно. Хэн байх тухайд биш яагаад нэг удирдагч 76-аас дээр вэ гэдгийг иргэд маань дор бүрнээ харьцуулан бодоход илүүдэхгүй.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж