Лизингээр авсан “Boeing” унаж, 110 хүн амь үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2018.05.20-нд нийтлэгдсэн

Лизингээр авсан “Boeing” унаж, 110 хүн амь үрэгдэв

Лизингээр авсан “Boeing” унаж, 110 хүн амь үрэгдэв

Өнгөрсөн Баасан гаригт Куба улсад 100 гаруй хүний амийг авч одсон харамсалтай осол гарсан билээ. Куба даяар гашуудал зарлаж, Төрийн далбаагаа бөхийлгөжээ. Тус улсын үндэсний агаарын тээврийн компанийн (Cubana de Aviacion) “Boeing 737-200” онгоц Хавана хотын нисэх буудлаас хөөрсөн даруйдаа осолдсон байна. Ослын улмаас 110 зоригч, нисэх багийн гишүүд амь үрэгдэж, аврагчид гурван эмэгтэйн амийг аварчээ. Тэдний нэг нь ослын дараа аврагчдаас ус өгөхийг гуйж байсан гэнэ. “Boeing 737-200” онгоц Хавана хотоос зүүн хэсгийн Ольгин хот хүрэхээр хөөрсөн байна. Зорчигчдын дунд Кубын 99, Баруун Сахарын хоёр, Аргентины хос, нисэх багийн зургаан Мексик иргэн байжээ.

Онгоц нисэх зурвасаас холгүйхэн талбайд унаж, эх бие нь бүрэн сүйрчээ. Уг нисэх онгоцны хоёр хар хайрцаг бүрэн, бүтэн олдсон бөгөөд ослын шалтгааныг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгааг Кубын тээврийн сайд Адел Язквиэрдо мэдээлэв. 1979 онд үйлдвэрлэгдсэн “Boeing 737-200” онгоцыг тус компани Мексикийн компаниас лизингээр худалдан авсан байжээ. Мексикийн “Global Air” компани гурван ширхэг “Boeing 737-200” онгоцныхоо нэгийгнь Кубад зээлээр өгсөн аж. Нисэх онгоцыг өнгөрсөн арваннэгдүгээр сард хийгдсэн аюулгүйн ажиллагааны хяналт, шалгалтаар орж тэнцсэн гэж “Global Air” компанийн мэдээлжээ. Тэгвэл “Global Air” компанид 2005-2013 оны хооронд ажиллаж байсан нисгэгч Аурелио Хернандез тус компанийн нисэх онгоцнууд, болон засвар үйлчилгээ нь олон улсын стандарт хангадаггүй хэмээн шүүмжилсэн байна. Түүний мэдэгдлийг компанийн зүгээс эрс үгүйсгэсэн байна.  

Мексик улсаас онгоцны ослын мөрдөх шалгах ажиллагаанд оролцуулахаар нисэхийн хоёр мэргэжилтнийг Куба руу илгээж, “Boeing” компанийн техникийн багт туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгджээ.

Ослын дараа үндэсний удирдагч гэгддэг Рауль Кастрогийн залгамжлагчаар тодорч, Кубын ерөнхийлөгч болсон Диаз-Канэл хохирогчдын цогцсыг хадгалж буй гурван эмнэлэгт очсон бөгөөд ард түмэндээ хандаж, гашуудал зарласан байна.  Амиа алдсан зорчигчдыг таних ажиллагаанд ар гэрийнхэн нь оролцуулж байна.

Онгоцны осолд амиа алдсан, 22 настай Карлос Сантос найз бүсгүйгээ авахаар Мексик улсаас Хаванад ирээд, хоёул  Ольгин хот хүрэх замдаа ийнхүү осолджээ. Түүний ээж АНУ-д амьдардаг тул үеэл ах нь ДНК-гийн шинжилгээ өгөхөөр ирсэн гэнэ.

Кубад өмнө нь 1989 онд “Ильюшин Ил-62” онгоц Хавана хотоос хөөрөх үедээ унаж осолдсоноос 126 хүн амь үрэгдсэн юм. Зорчигчдын олонх нь Италийн жуулчид байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж