Монголд минь эзэнгүй нутаг үлдээгүй байх чинь

Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

Монголд минь эзэнгүй нутаг үлдээгүй байх чинь

Авлига, хээл хахууль, дам­пуу намын хэрүүл, ялсан ялагд­сан сонгууль, Намбарын Энх­баяр, Гаалийн Баатар, яршиг цаашаа. Эд ер нь юу юм бэ.Эх ор­ны минь хажууд хэн юм бэ. Эх­лэн бичээчийн хорон үг эр­гэх хургах зүйлгүй гулгаж со­нин бүрийн эхний нүүрийг тахалж байхад эх орны тухай бичихэд үг хоолойд торж, үзэг цаасан дээр цуцна.

Монголчууд 800 жилийн өмнө дэлхийн талыг байлдан эзэлж байсан бол өдгөө дэл­хийн талаар нэг тэнэн оджээ. Гэх­дээ найман зууны өмнө эзэн хаан, ван, ноёноор өргөмж­лөгдөн очиж байсан бол өдгөө өөрсдөө “Боол чинь болъё” хэ­мээн өвдөг сөхрөн гуйх нь энэ цагийн гутамшиг. Эндээ, эх орондоо амьдарснаас харьд очиж биеэ үнэлж, зарц барлаг бо­лон худалдагдаж, харь хү­ний далласан газар нь ил гарч, да­лайсан газар нь далд орж байх нь илүүтэй санагдаж бай­гаа болоод тэр. Хөөрхий дөө, хэдэн “ногоон” мөнгөний хойноос хань ижил, үр хүүхдээ хаяад харьд  одогсод сайнгүй л яваа дуулддаг юм. Зарим нь тэндээ үхэж үрэгддэг л сурагтай.

Солонгос, Япон, АНУ, Чех, Польш, Швед, Голланд, Герман, Ма­лайз, Сингапур гээд ер нь хаана л бол хаана монголчууд зарагдаж бас адлагдаж яваа. Яг л өндгөө да­рах үүр барихын төлөө хялгас, хол­тосхон түүх зөөх эх шувууны үлгэр мэт. Хүний нутагт үйлээ үзэн байж хэдэн “ногоон” олж гэ­рээдээ явуулчихаад нэг их хэрэг бү­тээсэн мэт хөлсөө арчин зүтгэх монголчууд минь дээ. Энд эх орон чинь эзгүйдэж байна. Орхиод явсан эх оронд чинь барилгачин хятадууд улай үзсэн хэрээ мэт шавлаа. Тэд бас эхнэр, охидыг чинь элэг барьж хавтгай дагзтай, хөх толбогүй эрлийз хүүхдүүд олширлоо. Эрчүүд эзгүй газар эмсийн бүс суларч, эхчүүд үгүй гэрт голомт зэвэрдэг юм байна. Одоо Монголд авлигач нь дэндсэн люмпэн элитүүд, Төрийн ордон тойрч гороолсон хэдэн хөгшид, биеэ үнэлэгч охид, тэнэмэл золбин хэдэн хүү­хэд л үлдэх нь. Энд, эх оронд минь ан амьтан, араатан жигүүртэн үгүй, ой байсан ч шатаж үнс болсон нүцгэн тал, ус байвч алт угаалган ширгэсэн сайр, эзэнгүй гэр, эцэггүй хүүхдүүд л байна. Хятадууд эхлээд бугын унасан эвэр авдаг байлаа. Дараа нь бугын чив авдаг болов. Ингэж хангайн үзэсгэлэнт тэр амьтан устаж үгүй болох дээрээ тулав. Дараа нь тэд хэрэм, тарваганы арьс өндөр үнээр авч эхлэв. Ой байлаа ч хэрэмгүй, тал байвч тарвагагүй болов. Тэгээд самар авна гэж баахан дүрэмдэв. Ингэсээр хэрэм, самарны наймаачид түймэр гээчийг хэдэн жил дараалан өрдөх нь тэр. Эцэст нь хэрэм байлаа ч ойгүй, самар ургая гэвч модгүй болсон. Гэтэл бас чулуужсан мод, үлэг гүрвэлийн өндөг авна гэлээ. Тэр бас л үгүй болов. Тэгээд хаягдал төмөр авна гэв. Төмөр замынхаа төмрийг хуулж ирээд урагшаа зөөлөө. Одоо хулгайлъя гэвч төмөргүй, зургийг нь авъя гэвч бугагүй болов. Мөдхөн ухъя гэвч алтгүй болно. Гээд байгаа бүхнээ барж, зарж идсээр гадагшаа гаргах зүйлээр хомсхон болоод ирмэгц “Байшинг чинь барьж, замыг чинь засаад өгье”, “Газар доорхийг чинь бас гаргаад өгье” гэсэн цаашаа сэтгэлтэй харийн тэнүүлчид мэндийн зөрөөгүй ороод ирлээ, миний эх оронд. Тэд дайнд явж байгаа мэт буу зэвсэг агсаж ирээд эх орны минь унаган байгалийг эзэгнэж, эмс охидыг нь хүчирхийлж, төр засгийг нь нулимж байна. Германы Элчин сайдын яамны ажилтан хүүхэд хүчирхийлж, “Тан Луу”-гийн хятадууд буу зэвсэг агсан хилээр алт зөөж, нэг муу зочид буу­дал ажиллуулдаг итали доншууч охид бүсгүйчүүдийг садарлуулж байвч тэдэнд ял зэм тооцох сачий­тай хууль ч гэж алга, шүүх ч бас ол­дохгүй нь. Хаа холын хойд Аме­рикт ад үзэгдэж орох оронгүй ша­хам явсан тэнэмэл эр Өмнийн цэн­хэр говийг минь өеөдүүлчихээд “Үүний­гээ надад үнэгүй өг. Тэгэхгүй бол та нар ертөнцийн шившиг” хэмээн хөм­хий зууж байна.  Араас нь алт­ны наймаачин олон зуйгуул “Энэ мон­голчууд мөхөж алга болоосой” гэж хан­цуйдаа хутга ирлэх нь холгүй хү­лээж суугаа. Ийнхүү эх орон минь эзэн­гүйрсэн атлаа эзэнгүй үлд­сэн газар гэж алга. Монголын газ­рын зургийг дэлгэж тавиад ашигт малтмалын лиценз эзэмшсэн байд­лаар нь хаанахын хэн аль газрыг авч вэ гэдгийг тодорхой харж болно. Тэнд монгол хүн байхгүй.

Сүүлийн жилүүдэд зуд, сонгууль хоёр эх орны минь элгийг эмтэртэл нэр­мэв. Төрийн толгойд л гарч бай­вал төрсөн эхээ ч худалдаж мэдэх хү­мүүс “намайг сонгоод өг. Шанд нь би та нарыг Солонгост аваачиж боол болгоно” хэмээн гуйх тавлах хос­луулж байсан. Ерөнхий сайд маань хүртэл ард түмнээ гадаадад экс­пор­толно гэж байж сонгогдсон нь сая­хан. “Төр булингартах нь түшмэдийн толгойноос, цус булингартах нь эм­сийн умайнаас” гэдэг үнэн юм­санж. 1937 оны хэлмэгдүүлэлтэд өр­төө­гүй элэг бүтэн үлдсэн айл гэж бай­гаагүй шиг одоо цагт харьд боол бо­лоогүй төрөл төрөгсөдгүй өрх гэж алга. Гадагшаа хөврөх “их нүүд­лийг” төрийн бодлогоор хазаарлаж болдоггүй юм болов уу. Хоёр ба түүнээс дээш хүүхэдтэй эх­чүүд гадагшаа явж ажиллавал тэд заавал буцаж ирнэ. Харин ганц бие, мөчиргүй мод шиг бүсгүйчүүд гар­вал буцаж ирэхгүйгээсээ гадна цус бузарлаж мэднэ. Бас хамаг Мон­голын удмыг бүү тасал. Голомт зал­гах нуган үрийг нутагт нь үлдээ.

Харийнхан “хаан” сууж эздийг элгээр нь хэвтүүлж буй эх орноо харахаар элэг эмтрээд байх юм. Гээд яахав. Эцэггүй хүүхдээр дүүрсэн эзэнгүй гэр, эргүй эмс яах ч билээ. Харьд очиж боол болох хувь тавилан монголчуудынх баймгүй санагдана. Хү­ний нутагт хүйтэн сэтгэлтний эрхшээлд юу хүссэнийг нь хийж байхаар “бор гэртээ богд, хар гэртээ хаан суух” болоогүй юу. Үүлэн чө­лөөний нар шиг тусгаар тогтнол маань үдийн хугаст жаргачихгүй л байгаасай даа.

2006 оны 09 сар 21

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж