Солонгос, Япон, АНУ, Чех, Польш, Швед, Голланд, Герман, Малайз, Сингапур гээд ер нь хаана л бол хаана монголчууд зарагдаж бас адлагдаж яваа. Яг л өндгөө дарах үүр барихын төлөө хялгас, холтосхон түүх зөөх эх шувууны үлгэр мэт. Хүний нутагт үйлээ үзэн байж хэдэн “ногоон” олж гэрээдээ явуулчихаад нэг их хэрэг бүтээсэн мэт хөлсөө арчин зүтгэх монголчууд минь дээ. Энд эх орон чинь эзгүйдэж байна. Орхиод явсан эх оронд чинь барилгачин хятадууд улай үзсэн хэрээ мэт шавлаа. Тэд бас эхнэр, охидыг чинь элэг барьж хавтгай дагзтай, хөх толбогүй эрлийз хүүхдүүд олширлоо. Эрчүүд эзгүй газар эмсийн бүс суларч, эхчүүд үгүй гэрт голомт зэвэрдэг юм байна. Одоо Монголд авлигач нь дэндсэн люмпэн элитүүд, Төрийн ордон тойрч гороолсон хэдэн хөгшид, биеэ үнэлэгч охид, тэнэмэл золбин хэдэн хүүхэд л үлдэх нь. Энд, эх оронд минь ан амьтан, араатан жигүүртэн үгүй, ой байсан ч шатаж үнс болсон нүцгэн тал, ус байвч алт угаалган ширгэсэн сайр, эзэнгүй гэр, эцэггүй хүүхдүүд л байна. Хятадууд эхлээд бугын унасан эвэр авдаг байлаа. Дараа нь бугын чив авдаг болов. Ингэж хангайн үзэсгэлэнт тэр амьтан устаж үгүй болох дээрээ тулав. Дараа нь тэд хэрэм, тарваганы арьс өндөр үнээр авч эхлэв. Ой байлаа ч хэрэмгүй, тал байвч тарвагагүй болов. Тэгээд самар авна гэж баахан дүрэмдэв. Ингэсээр хэрэм, самарны наймаачид түймэр гээчийг хэдэн жил дараалан өрдөх нь тэр. Эцэст нь хэрэм байлаа ч ойгүй, самар ургая гэвч модгүй болсон. Гэтэл бас чулуужсан мод, үлэг гүрвэлийн өндөг авна гэлээ. Тэр бас л үгүй болов. Тэгээд хаягдал төмөр авна гэв. Төмөр замынхаа төмрийг хуулж ирээд урагшаа зөөлөө. Одоо хулгайлъя гэвч төмөргүй, зургийг нь авъя гэвч бугагүй болов. Мөдхөн ухъя гэвч алтгүй болно. Гээд байгаа бүхнээ барж, зарж идсээр гадагшаа гаргах зүйлээр хомсхон болоод ирмэгц “Байшинг чинь барьж, замыг чинь засаад өгье”, “Газар доорхийг чинь бас гаргаад өгье” гэсэн цаашаа сэтгэлтэй харийн тэнүүлчид мэндийн зөрөөгүй ороод ирлээ, миний эх оронд. Тэд дайнд явж байгаа мэт буу зэвсэг агсаж ирээд эх орны минь унаган байгалийг эзэгнэж, эмс охидыг нь хүчирхийлж, төр засгийг нь нулимж байна. Германы Элчин сайдын яамны ажилтан хүүхэд хүчирхийлж, “Тан Луу”-гийн хятадууд буу зэвсэг агсан хилээр алт зөөж, нэг муу зочид буудал ажиллуулдаг итали доншууч охид бүсгүйчүүдийг садарлуулж байвч тэдэнд ял зэм тооцох сачийтай хууль ч гэж алга, шүүх ч бас олдохгүй нь. Хаа холын хойд Америкт ад үзэгдэж орох оронгүй шахам явсан тэнэмэл эр Өмнийн цэнхэр говийг минь өеөдүүлчихээд “Үүнийгээ надад үнэгүй өг. Тэгэхгүй бол та нар ертөнцийн шившиг” хэмээн хөмхий зууж байна. Араас нь алтны наймаачин олон зуйгуул “Энэ монголчууд мөхөж алга болоосой” гэж ханцуйдаа хутга ирлэх нь холгүй хүлээж суугаа. Ийнхүү эх орон минь эзэнгүйрсэн атлаа эзэнгүй үлдсэн газар гэж алга. Монголын газрын зургийг дэлгэж тавиад ашигт малтмалын лиценз эзэмшсэн байдлаар нь хаанахын хэн аль газрыг авч вэ гэдгийг тодорхой харж болно. Тэнд монгол хүн байхгүй.
Сүүлийн жилүүдэд зуд, сонгууль хоёр эх орны минь элгийг эмтэртэл нэрмэв. Төрийн толгойд л гарч байвал төрсөн эхээ ч худалдаж мэдэх хүмүүс “намайг сонгоод өг. Шанд нь би та нарыг Солонгост аваачиж боол болгоно” хэмээн гуйх тавлах хослуулж байсан. Ерөнхий сайд маань хүртэл ард түмнээ гадаадад экспортолно гэж байж сонгогдсон нь саяхан. “Төр булингартах нь түшмэдийн толгойноос, цус булингартах нь эмсийн умайнаас” гэдэг үнэн юмсанж. 1937 оны хэлмэгдүүлэлтэд өртөөгүй элэг бүтэн үлдсэн айл гэж байгаагүй шиг одоо цагт харьд боол болоогүй төрөл төрөгсөдгүй өрх гэж алга. Гадагшаа хөврөх “их нүүдлийг” төрийн бодлогоор хазаарлаж болдоггүй юм болов уу. Хоёр ба түүнээс дээш хүүхэдтэй эхчүүд гадагшаа явж ажиллавал тэд заавал буцаж ирнэ. Харин ганц бие, мөчиргүй мод шиг бүсгүйчүүд гарвал буцаж ирэхгүйгээсээ гадна цус бузарлаж мэднэ. Бас хамаг Монголын удмыг бүү тасал. Голомт залгах нуган үрийг нутагт нь үлдээ.
Харийнхан “хаан” сууж эздийг элгээр нь хэвтүүлж буй эх орноо харахаар элэг эмтрээд байх юм. Гээд яахав. Эцэггүй хүүхдээр дүүрсэн эзэнгүй гэр, эргүй эмс яах ч билээ. Харьд очиж боол болох хувь тавилан монголчуудынх баймгүй санагдана. Хүний нутагт хүйтэн сэтгэлтний эрхшээлд юу хүссэнийг нь хийж байхаар “бор гэртээ богд, хар гэртээ хаан суух” болоогүй юу. Үүлэн чөлөөний нар шиг тусгаар тогтнол маань үдийн хугаст жаргачихгүй л байгаасай даа.
"Улс төрийн тойм" сонин