Шайбтай хоккейн 2018 оны ДАШТ-ний хагас шигшээ тоглолт өндөрлөж медалийн төлөө тоглох багуудын нэрс тодорлоо. Урьд шөнө хагас шигшээ тоглолтууд явагдаж Шведүүд АНУ-ын шигшээг 6-0 харьцаагаар буулгаж авсан бол Швейцарын шигшээ баг Канадын шигшээг 3-2 харьцаатай хожиж, аваргын төлөө шалгараад байна.
Шведүүдийн хувьд финалдах боломжтой баг. Харин Швейцарын шигшээ баг “Агч навч”-ны орны хүчирхэг багийг хожно гэж таамаглахад хэцүү байсан. Гэвч Швейцарын шигшээ баг гайхамшгийг бүтээж хүчирхэг Канадуудыг Т.Щервей, Г.Хофманн болон Г.Хаас нарын гоолоор буулгаж авсан байна. Тоглолтын эхний үед Швейцарын Т.Щервей гоол оруулсан. Харин хоёрдугаар үед хоёр багаас тус бүр нэг гоол орсон бол шийдвэрлэх гуравдугаар үед мөн адил хоёр багаас нэг нэг гоол орсон. Ингэснээр Швейцарын шигшээ баг ДАШТ-ний түүхэнд гурав дахь удаагаа финалдаж байна. Өмнө нь 1935, 2013 онуудад шигшээд шалгарч байсан ч ялагдаж байсан.
Б.БЯМБАБАЯР