Бүсийн шигшээ буюу стэнлийн цомын төлөөх хагас шигшээ тоглолтонд Вашингтон Капиталс баг эхний хоёр тоглолтонд ялалт байгуулаад байсан. Гэвч Тампа Бэй Лайтнинг баг цувралын дараагийн гурван тоглолтонд ээлж дараалан ялалт байгуулж цувралыг 3-2 харьцаатай тэргүүлж эхэллээ.
Хоёр багийн цувралын тав дахь тоглолт Тампа хотын “Амалие Арена” ордонд болж 3-2 харьцаатай талбайн эзэн Тампа Бэй Лайтнинг багийн ялалтаар өндөрлөсөн байна. Тоглолтын нэгдүгээр үед талбайн эздээс С.Пакет болон О.Палат нар гоол оруулж тэргүүллийг авсан. Тэдний тэргүүлэл хоёрдугаар үед ч үргэлжилж Р.Каллахан энэ плэй-оффын хоёр дахь, багийнхаа энэ тоглолтын гурав дахь гоолыг оруулсан. Харин зочдоос Е.Кузнецов тоглолтын хоёрдугаар үед нэг гоол оруулсан бол А.Овечкин гуравдугаар үед нэг гоол оруулсан юм. Ингэснээр үндсэн цаг өндөрлөхөд Тампа Бэй Лайтнинг баг 3-2 харьцаагаар ялалт байгууллаа. Одоо хоёр багийн дараагийн тоглолт Вашингтон хотноо болно. Хэрвээ тус тоглолтонд Тампа Бэй Лайтнинг баг ялалт байгуулбал финалд шалгарна.
Б.БЯМБАБАЯР