Төрийн өндөрлөгүүдийн айлчлал юу өгүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

Төрийн өндөрлөгүүдийн айлчлал юу өгүүлэв

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Баг болон АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жозеф Байден нарын айлчлал өчигдөр зэрэг шахам эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч айлчилж байгаа бол АНУ-ын дэд Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар айлчилж буй юм. Төрийн ордон айлчлалын хөлд дарагдсан хэдий ч АНУ-ын дэд Ерөнхийлөгч өчигдөр нутаг буцлаа. Харин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн айлчлал өнөөдөр өндөрлөнө.

ӨМНӨД СОЛОНГОС 300 САЯ ГАРУЙ АМ.ДОЛЛАРЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР БОЛЛОО

БНСУ-ын Төрийн тэргүүн болон тэргүүн хатагтай нарыг өчигдөр өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэргүүн хатагтай Х.Болормаа нар Сүхбаатарын талбайд угтан авлаа. Угтах ёслолын үеэр Монголын талаас Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Мон­гол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Гэрэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт  тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм. Ийнхүү Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлснээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Мон­гол Улсад хийж буй гурав дахь удаагийн айлчлал эхэллээ. Манай улс БНСУ-тай 1990 оны гуравдугаар сарын 26-нд дипломат харилцаа тогтоосноос хойш өдгөө 21 жил өнгөрчээ. Хоёр орны харилцаа жил ирэх бүр өргөжин хөгжиж буйг хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдээс харж болно. Өмнөд Солонгосын Төрийн тэргүүний энэ удаагийн айлчлалын хүрээнд Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай тохиролцоонд Монгол Улсын эрүүл мэндийн сайд, БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд гарын үсэг зурав. Уг тохиролцоогоор хоёр тал анагаах ухаан, эрүүл мэндийн чиглэлийн хамтарсан байгууллагуудыг байгуулж ажиллуулах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг давтан сургаж, дадлагажуулах хөтөлбөр хэрэгжүүлэх, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, худалдаа зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм. Мөн эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт   Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, БНСУ-ын Мэдлэгийн эдийн засгийн сайд гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд хоёр улсын яамны түвшинд эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хороог байгуулж ажиллахаар болов. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч хэвлэл мэдээллийнхэнд хамтарсан мэдэгдэл хийлээ. Хамтарсан мэдэгдэлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Манай хоёр орны харилцаа, улс төр, эдийн засаг, соёл боловсрол, хүмүүнлэгийн болон бүс нутаг, орон нутгийн салбарт эрчимтэй өргөжин хөгжиж байгааг хэлэлцээрийн явцад бид дахин нотоллоо. Мөн цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг хөгжүүлэхээр тохиролцов. Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагааны “Дунд хугацааны хөтөлбөр”-ийг байгуулж ажиллана” хэмээлээ. Өмнөд Солонгос улс дипломат харилцаа тогтоосон энэ хугацаанд худалдааны эргэлтийн хувьд манай улсын дөрөв дэх томоохон түнш болжээ. Өнгөрсөн онд гэхэд худалдааны эргэлт 212.3 сая ам.долларт хүрсэн байна. Үүгээр ч зогсохгүй зээл, тусламж үзүүлдгээрээ дээгүүрт байрт ордог. Энэ дагуу айлчлалын үеэр эдийн засгийн өсөлт, хүний хөгжлийг дэмжихэд зориулж 300 гаруй сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг манай улсад олгохоор болов. Уг зээлийг Үндэсний оношлогоо, эмчилгээний төв байгуулахад зарцуулахаар талууд тохиролцжээ. Айлчлалын үеэр зайлшгүй хөндөгдөх ёстой асуудал бол иргэд харилцан зорчих явдлыг хөнгөвчлөх тухай юм. Талууд хэлэлцсэний эцэст нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, олон удаагийн визийн хамрах хүрээг өргөжүүлэх, виз олгох журмыг хялбарчлах арга замыг эрэлхийлж ажиллахаар тохирсон байна. Манай улс 2011-2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлж байгаагийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчиллын төлөө Азийн түншлэлийн санаачилга гаргажээ. Энэхүү санаачилгыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мен Баг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. БНСУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлах сургаар айлчлалыг Тавантолгойтой холбож байсан. Энэ нь ч оргүй зүйл биш юм. Учир нь Тавантолгойн тендерт Өмнөд Солонгосын компани ОХУ, Японтой хамтран консорциум болон оролцсон ч “тоглоом”-оос гарсан эсэх нь бүрхэг үлдсэн юм. Үүнийг тодруулахаар ноён Ерөнхийлөгч Ли Мен Баг өөрийн биеэр морилж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ганцаарчилсан уулзалт хийсэн нь энэ биз. Мөн айлчлалын үеэр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нар БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Багт бараалхсан.

АНУ-Д СУРАЛЦАХ ОЮУТНЫ ТООГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ СУДЛАХЫГ ХҮСЭВ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жозеф Байдены айлчлал өчигдөр эхэллээ. Тэрбээр үд дунд “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсан бөгөөд түүнийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Бэхбат, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар нар угтлаа. Манай улсад 1944 онд АНУ-ын 33 дахь дэд Ерөнхийлөгч айлчилж байжээ. Энэ удаа АНУ-ын 47 дахь дэд Ерөнхийлөгч Жозеф Байден ач охиныхоо хамт ирсэн. Түүний айлчлалыг “Ардчилал, зах зээлийн нийгэм рүү тайван замаар шилжиж болдгийг Монгол Улс өөрийн жишгээр дэлхий дахинд харуулж буйг үнэлж байна” хэмээн хоёр тал үзэж байгаа аж. Айлчлалын хүрээнд АНУ-ын дэд Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдтой уулзлаа. Энэ үеэр АНУ, манай улс нийтлэг үнэт зүйлс, харилцан ашиг сонирхолдоо суурилсан иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлэх талаар санал солилцсон байна. Мөн манай тал АНУ-д суралцах оюутны тоог нэмэгдүүлэх боломжийг судлахыг хүсчээ. Дэд Ерөнхийлөгч Жозеф Байден Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхснаар түүний айлчлал өндөрлөлөө.


Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж