Хуучирсан мэдээ: 2018.05.20-нд нийтлэгдсэн

Онцлох томилгоо

Өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн онцлох томилгоо хийгдэв. Тодруулбал, бүтэн жил орчмын хугацаанд хүлээгдэж байсан Япон, Канадын Элчин зэрэг дөрвөн Элчин сайдыг томилсон бол ‘Эрдэнэс Монгол’ компанийн захирлыг мөн чөлөөлж, томилсон юм. 


Дөрвөн Элчин сайд томилогдов

УИХ-ын пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар гадаад улсад Монгол Улсын төлөөлж суух дөрвөн Элчин сайдыг шинээр томилж, хоёр Элчин сайдыг эгүүлэн татах шийдвэр гаргав. Тодруулбал, Засгийн газраас удтал хүлээсэн Япон болон Канад улсад суух бүрэн эрхт Элчин сайд нарыг томилсон юм. Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргал, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболд нарыг тус тус томилох асуудлыг зөвшилцөхөөр Ерөнхийлөгчид саналаа хүргүүлсэн. Ерөнхийлөгч Засгийн газраас өргөн мэдүүлсэн Элчин сайд нарыг зөвшилцөж, УИХ-д өргөн барьснаар ийнхүү тэднийг томилов. Мөн Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мэндсайханы Энхсайханыг эгүүлэн татаж, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэгийг, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Санжаагийн Баярыг эгүүлэн татаж, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулгыг тус тус томилохыг чуулганы хуралдаанаар дэмжсэн юм. Уг нь Засгийн газрын зүгээс зургаан Элчин сайд томилохоор санал оруулсан Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь нарыг зөвшилцөөгүй бөгөөд одоогийн байгаа Элчин сайд нараа эгүүлэн татсаны дараа тэднийг дахин зөвшилцөх нь зүйтэй гэсэн тайлбар өгчээ. Г.Тэнгэрийг Австралийн холбооны улсад, Н.Чимгүүндарийг Тайландын вант улсад суух Элчин сайдаар томилуулахаар саналаа хүргүүлээд байсан юм.

“Эрдэнэс Монгол”-ын захирлаар П.Ганхүүг томилов

Засгийн газрын ээлжит хуралдаан өнгөрсөн долоо хоногт болж, хуралдаанаар төрийн өмчит ‘Эрдэнэс-Монгол’ ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Түмэнцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Эрчим хүчний сайд асан П.Ганхүүг томилсон байна.

П.Ганхүү нь эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй. 1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль төгсөөд, Япон Улсын Сэншүгийн Их Сургуульд эдийн засгийн магистр, Австралийн Сиднейн их сургуульд мастер хамгаалсан байна. Эрчим хүчний яаманд дэд бүтэц, эрчим хүчний мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, агентлагийн орлогч дарга, сайдын түвшинд ажиллаж байжээ. Харин өнгөрсөн 2016-2017 онд Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан юм.

ШШҮХ-ийн дэд захирал Ц.Гантулгыг чөлөөлжээ

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал Ц.Гантулга ажлаасаа чөлөөлөгджээ. Түүний орны хүн одоогоор томилогдоогүй байгаа юм байна. Тэрээр Хууль сахиулах их сургуульд тэнхимийн эрхлэгч ажиллахаар болсон байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал Ц.Гантулгыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаад албан тушаал, авлигын хэрэгт холбогдуулан АТГ шалгагдаж байгаа талаар тус газраас мэдээлсэн билээ.Тэгвэл энэ мэдээлэл, шалгалттай холбогдуулан ШШҮХ-нд ХЗДХ-аас шалгалт оруулаад байгаа гэнэ.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж