Газар тариалангийн бүс нутгаа зарлаж, автомашингүй өдрийг тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2018.05.20-нд нийтлэгдсэн

Газар тариалангийн бүс нутгаа зарлаж, автомашингүй өдрийг тэмдэглэв

Газар тариалангийн бүс нутгаа зарлаж, автомашингүй өдрийг тэмдэглэв

News агентлаг долоо хоног бүрийн ням гаригт өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлох хүргэдэг билээ.


Монгол Улс газар тариалангийн бүс нутгаа зарласан түүхэн шийдвэр гаргав

Нэр бүхий аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны саналыг харгалзан тариалангийн бүс нутгийг тогтоолоо. Энэ нь тариалангийн газрын эзэмшилт, ашиглалтыг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах, цаашид малын үүлдэр угсааг сайжруулан, малаас авах ашиг шимийг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах зорилготой юм. Засгийн газар ийм зохицуулалт хийснээр бэлчээрийн мал аж ахуй, газар тариалангийн салбар хооронд олон жил үргэлжилсэн зөрчил, маргааныг эцэслэж байна.

1990 оноос хойш газар тариалангийн бүс нутагт малтай иргэд олноор суурьших болсноор газар тариалан, мал аж ахуй хооронд зөрчилдөөн үүсч энэ хэрээр сөрөг үр дагавар гарах болсон юм. Тухайлбал малын тоо толгой өссөнөөс бэлчээрийн даац 30 хувь хэтэрч, үр тариа, хүнсний ногоо тариалах талбай сүйдсээр байна. Мөн малчид тариалангийн талбайд мал сүргээ оруулдаг гэсэн гомдол ч багагүй гардаг. Тухайлбал өнгөрсөн онд Сэлэнгэ аймгийн Хушаат суманд гэхэд л үүнтэй холбоотой 60 гаруй дуудлага иржээ.

Үр тариа тээвэрлэж явсан вагон осолдов

ОХУ-аас Улаанбаатарын чиглэлд 2018 оны тавдугаар сарын 17-ны 15.15 цагт Дархан өртөөний 15-р замаар 2508 дугаартай галт явж байгаад осолдсон хэрэг өнгөрөгч долоо хоногт гарав. Тодруулбал, нийт 70 вагонтой 5745 тонн жинтэй, 1081 метр урттай вагон Дархан өртөөнд зогсох үеэр, найман вагон замаас гарчээ. Хажуу тийшээ хазайсан хоёр, замаасаа мултарсан зургаан вагон байсан аж. Одоогоор уг замыг сэргээн засах, сэргээн босголтын ажил графикийн дагуу хийжээ. Ослын үеэр хүн гэмтээгүй гэв.

Эмч, эмнэлгийн ажилчдын тэмцэл хурцдаж, үсээ хусуулав

Эмч эмнэлгийн ажилтны үйлдвэрчний эвлэл /ҮЭ/-ээс эмнэлгийн салбарын ажилчдын цалинг 50 хувиар нэмж өгөхийг шаардсан суулт өнгөрсөн долоо хоногийн таван өдөр үргэлжлэв. Тэдний суултад хөдөлмөр, боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан зэрэг салбаруудын албан хаагчид нэмэгдсэн байна. Тэд цалингаа шат дараатайгаар нэмэгдүүлэхийн тулд Засгийн газар болон Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан ч тодорхой шийдэлд хүрэхгүй байсаар тэмцлийн хурц хэлбэрт шилжин, суулт зарлагсдын төлөөлөл үсээ хусуулсан юм. Тэдний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдээд буй. Харин Засгийн газрын зүгээс эмч, багш нарын цалинг шууд нэг өдөр 50 хувиар нэмэх боломжгүй, шат дараатайгаар нэмнэ гэдгээ илэрхийлээд байгаа юм.

С.Баяр, Ч.Сайханбилэг нар суллагдахыг дахин хүссэн ч шүүх зөвшөөрсөнгүй

С.Баяр, Ч.Сайханбилэг нар Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд хорихоос өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авч өгөхийг хүссэн хүсэлт явуулсныг хэлэлцэх шүүх хурал лхагва гаригт хэлэлцсэн юм. Гэвч шүүхээс тэдний хорихоос өөр арга хэмжээ авах боломжгүй гэж үзэн, гаргасан хүсэлтийг нь хүлээж аваагүй юм. Ингээд тэднийг 30 хоног хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн юм.

С.Баяр, Ч.Сайхабилэг, Б.Бадрал нарыг тавдугаар сарын 10-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргах шийдвэр гаргасан ч нийслэлийн прокурор гомдол гаргасан тул шүүхээс дахин хурал зарлаж, С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргасан шүүгчийн захирамжийн үндэслэл тодорхой бус хэмээн үзэж, шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцож, прокурорын гомдлыг хангаж шийдвэрлэсэн юм.

Автомашингүй өдөр тохиож, Монгол тамирчин марафоныг өнгөллөө

Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор жил бүрийн хавар автомашингүй өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр өчигдөр буюу тавдугаар сарын 19-ны өдөр боллоо. Автомашингүй өдрийн хүрээн баруун дөрвөн замаас зүүн дөрвөн замын хооронд автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, Сүхбаатарын талбайд өдөрлөг зохион байгуулдаг уламжлалтай. Мөн энэ өдөр “Улаанбаатар марафон 2018” олон гүйлтийн тэмцээнийг тав дахь удаагийн тэмцээнтэй холбогдуулж, Энхтайваны өргөн чөлөө, Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн уулзвараас “Шангри-Ла”-ийн урд уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг 07:00-17:00 цагийн хооронд хязгаарлав. “Улаанбаатар марафон” гүйлтийн тэмцээн анхны тэмцээнээс эхлэн олон улсын шилдэг тамирчдыг урин оролцуулж байсан. Энэ хугацаанд БНХАУ, БНСУ, Япон, Бутан болон дэлхийд марафоны төрлөөр тэргүүлж буй Кени, Этиопын тамирчдыг урилгаар оролцуулж ирсэн.

V дахь удаагийн “Улаанбаатар марафон 2018” гүйлтийн тэмцээн онлайн бүртгэлд нийт 30996 иргэн бүртгүүлжээ. Мөн Кени улсаас гурван тамирчин оролцсоноос гадна Монголд амьдарч буй гадаадын 30 орны гүйгчид оролцсон байна. Австрали, Америк, Бахрейн, Болив, Итали, Малайз, Канад, Франц, Этиоп, Япон, ОХУ, Испани зэрэг дэлхийн 30 орны 452 иргэн бүртгэлд хамрагджээ. Сүхбаатарын талбайд болсон гүйлтийн арга хэмжээний үеэр спортын байгууллагууд үйл ажиллагаагаа танилцуулж, иргэдэд зориулсан тусгай хөтөлбөрүүдийг бэлтгэсэн. Тодруулбал, бодибилдингийн үзүүлбэр, цэнгээнт бүжгийн тэмцээн, хөгжөөнт тоглоом зэрэг арга хэмжээг олон нийтэд таниулж, спортын өдөрлөгийг зохион байгуулсан юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж