‘Орос-2018’ хөлбөмбөгийн ДАШТ эхлэхэд 26 хоног үлдлээ. Мэдээллийн news агентлаг ДАШТ-нд оролцох 32 улсын шигшээ багийн танилцуулгыг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Өмнөд Америкийн төлөөлөл Колумби улсын шигшээ багийг танилцуулж байна.
Колумби улсын шигшээ баг
- Дасгалжуулагч: Хосе Пекерман
- Багийн ахлагч: Радамель Фалькао
- Шигшээ багтаа хамгийн олон тоглосон: Карлос Вальдеррама 111 тоглолт
- Шигшээ багийнхаа төлөө хамгийн олон гоол оруулсан: Радамель Фалькао 26 гоол
- ФИФА-н чансаа: 2018 оны 4 сарын байдлаар 8
- ДАШТ-нд оролцсон тоо: 5 удаа
- ДАШТ-нд үзүүлсэн амжилт: 2014 онд дунд шөвөгт шалгарсан
МОСКВА ХҮРЭХ ЗАМД:
Колумби улсын талаар олон сонирхолтой зүйл ярьж болно. Тухайлбал, Хойд Америкийг Өмнөд Америкийн эх газартай холбох яг “үүд” нь болж оршидог. Мөн Испани хэлээр Мексик, Испани улсуудын дараа орох хамгийн их ярьдаг улс бол Колумби улс юм. Үүнээс гадна Өмнөд Америкийн эх газарт орших улсуудаас цор ганцаараа Номхон далай болон Атлантын (Карибын тэнгисээр дамжин) далайгаар хүрээлэгдэх улс юм. Газарзүйн энэ мэт онцлогтой Колумби улсын шигшээ баг 6 дахь удаагаа дэлхийн спортын хамгийн том үйл явдал болох хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох гэж байна. Колумбын шигшээ баг Өмнөд Америкийн бүсээс тун ээдрээтэй замыг туулан Оросыг зорих эрхийг авсан. Өмнөд Америкийн бүс бол маш чанга, хүнд сорилт юм. Колумбын шигшээ энэ бүсээс 18 тоглолт хийхдээ 7 хожиж, 6 тэнцэн 5 хожигдон 4-р гарч Оросыг зорих эрхтэй болсон. Колумби улсын шигшээ баг бүсдээ сүүлийн 5 тоглолтоос ердөө ганц хожил авч 3 тэнцэж 1 хожигдсон. Гэхдээ тэд Оросыг зорих эрхээ авч чадсан.
ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:
Колумби улсын шигшээ багийн дасгалжуулагч Аргентин мэргэжилтэн Хосе Пекерман өнгөрсөн 3 сарын 14-нд Оросыг зорих бүрэлдэхүүнээ урьдчилсан байдлаар 35 хүнтэй зарлаад байгаа. Х.Пекерман эдгээр тоглочдоос 12 тамирчинг гэрт нь үлдээнэ. Ингээд түүний мэдэлд байгаа тамирчидтай танилцъя.
Хаалгач: Д.Оспина (Арсенал), К.Варгас (Колумбын Депортиво Кали), Х.Куадрадо (Колумбын Онсе Кальдас), И.Арболеда (Аргентины Банфиелд). Магадгүй гэртээ үлдэх хаалгач нь хамгийн залуу хаалгач И.Арболеда байх болов уу?
Хамгаалагч: К.Запата (АС Милан), С.Ариас (ПСВ Эйндховен), Ф.Фабра (Аргентины Буко Хуниорс), Ф.Диаз (Парагвайн Олимпиа), О.Мурилло (Мексикийн Пачука), Е.Мина (Барселона), С.Медина (Мексикийн Монтреррей), Д.Санчес (Тоттенхэм Хотспур), Ж.Можика (Жирона), У.Тесилло (Мексикийн Лион), Б.Эспиноса (Жирона)
Хагас хамгаалагч: К.Санчес (Эспаньол), А.Агуйлар (Колумбын Депортиво Кали), Х.Куадрадо (Ювентус), Х.Родригес (Бавари Мюнхен), Э.Кардона (Аргентины Буко Хуниорс), Ж.Морено (Хятадын Шанхай Шенхуа), Х.Кунтеро (Аргентины Ривер Плэйт), В.Барриос, С.Перез (хоюулаа Аргентины Буко Хуниорс), М.Урибе (Мексикийн Америка), Ж.Лерма (Леванте), Г.Куеллар (Бразилын Фламенго).
Довтлогч: Р.Фалькао (Монако), Т.Гутиерез, Ю.Хара (хоюулаа Колумбын Жуниор), К.Бакка (Вильярреал), Л.Муриел (Севилья), М.Бора (Бразилын Палмерас), Д.Запата (Сампдориа), Х.Изкуиердо (Брайтон Хоу Альбион)
ДАШТ-НИЙ ХЭСЭГ:
Колумбын шигшээ баг дэндүү азтай юм. Тэд 2014 оны ДАШТ-нд дэндүү гэмээр азтай хэсэгт багтан хэсгээ тэргүүлж улмаар шөвгийн 8-д хүрч байсан. Энэ жил тэдний хувьд амжилтаа давтах боломж бүрэн бий. Оросод болох ДАШТ-ний Н хэсэгт Колумби улсаас гадна Польш, Сенегал болон Японы шигшээ багууд багтсан. Польшийн шигшээ багийн бүрэлдэхүүн бас л гоё байгаа. Магадгүй Польшуудтай хэсгээ тэргүүлхийн төлөө өрсөлдөөн үзүүлэх болов уу? Гэхдээ Азийн төлөөлөл Япон, Африкийн төлөөлөл Сенегал хоёрыг тооцооны гадна үлдээж болохгүй.
ТҮЛХҮҮР ТОГЛОГЧ:
Испаний Реал Мадрид клубт “данс”-тай өнгөрсөн улиралд Германы Бавари Мюнхен клубт зээлээр тоглосон Х.Родригес бол Колумбын шигшээ багийн гол хөдөлгүүр юм. Тэр өнгөрсөн улиралд Бавари Мюнхен клубын төлөө 35 тоглолтонд оролцож 6 гоол оруулсан. Энэ цаг үед Европын шилдэг дундын шугамны тоглогч юм. Мэдээж Х.Родригесээс гадна Р.Фалькаог мартаж болохгүй.
Б.БЯМБАБАЯР