Мэргэжлийн талбайн теннисний Ромын нээлттэй тэмцээн үргэлжилж байна. Нэр хүнд, чансаагаараа Их Дуулга тэмцээний дараа орох Мастерс ангиллын тэмцээнүүдэд багтах Ромын нээлттэй тэмцээнд Р.Федерер, С.Вавринка болон Э.Мюррей нараас бусад шилдэг теннисчид өрсөлдөж байгаа билээ. Италийн нийслэл хотод Р.Надал, Н.Жокович, М.Чилич, Хуан Мартин дель Потро, Т.Бердих нарын хашир туршлагатай теннисчид мөн шинэ залуу гарч ирч буй А.Зверев болон Д.Дим нар өрсөлдөж байгаа.
Тэмцээний хагас шигшээд өрсөлдөх теннисчдийн нэрс тодорсон бөгөөд Р.Надал, Н.Жокович нар хагас шигшээд учраа таараад байгаа нь Ромын нээлттэй тэмцээний “чимэг” болж байна. Учир нь хоёр шилдэг теннисчин сүүлийн нэг жилийн хугацаанд хоорондоо тоглоогүй байгаа бөгөөд тэднийг бэртэл, гэмтлийн асуудал хооронд нь тоглох боломжийг олголгүй бүтэн жил тойрчээ. Хамгийн сүүлд хоёр шилгүүд Мадридын нээлттэй тэмцээний хагас шигшээд таарч Р.Надалын ялалтаар өндөрлөж байсан. Тэгвэл энэ удаагийн уулзалт нь тэдний 51 дэх тоглолт болох юм. Н.Жокович дунд шөвөгт Японы К.Нишикориг буулган авсан бол Италийн Ф.Фогниниг хожсон.
Дэлхийн шилдгүүд ийн хагас шигшээд таараад байгаа бол тэдний нөгөө талд М.Чилич Германы өсөж яваа залуу теннисчин А.Зверевтэй тоглоно. А.Зверевийн хувьд өнгөрсөн онд Ромын нээлттэй тэмцээнд түрүүлснээс гадна долоо хоногийн өмнө Мадридын нээлттэй тэмцээнд түрүүлсэн.
Б.БЯМБАБАЯР