Хакүхо, Какүрюү нар унав

Хуучирсан мэдээ: 2018.05.19-нд нийтлэгдсэн

Хакүхо, Какүрюү нар унав

Хакүхо, Какүрюү нар унав

Японы мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээн (Нацү башё) Токио хотод үргэлжлэн явагдаж байна. Кокүгикан ордонд болж буй зуны тэмцээний зургаа дахь өдөр буюу өчигдрийн барилдаанд олон сонирхолтой барилдаан гарлаа. Энэ өдөр ёкозүна Хакүхо М.Даваажаргал Абид, ёкозүна Какүрюү М.Ананд Даеишод ялагдлаа. Мөн өндөр цолтой бөхчүүдээс озэки Гоэйдо гурав дахиа ялагдаж, тэргүүлэгчдийн дөрөвдүгээр эгнээнд шилжлээ.

Манай хоёр бөх болох Ичиножёо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил нар оноолт таараад байсан. Тэгвэл энэ барилдаанд Тамаваши давж, хоёр даваа, дөрвөн унаатайгаар башёг үргэлжлүүлж байна. Сэкивакэ Ичиножёо дөрвөн даваа, хоёр унаатайгаар тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд бичигдлээ.

Өчигдрийн барилдаанд Гүржийн бөх сэкивакэ Точиношин Ютакаяамаг давж, зургаан даваатай болсноор башёг ганцаараа тэргүүлж эхэллээ. Точиношин өнгөрсөн нэгдүгээр сарын тэмцээнд 14 даваатайгаар түрүүлсэн. Мөн гуравдугаар сарын тэмцээнд 10 давахдаа ёкозүна Какүрюү М.Анандыг давсан билээ. Түүнийг энэ башёд сайн барилдвал озэки /арслан/ цол өгөхөө Сүмогийн холбооноос амлаад байгаа. Тэгвэл тэмцээний зургаа дахь өдрөөс эхлэн ганцаараа тэргүүлж буй Точиношин олны анхааралд өртөж эхэллээ. Түүнийг үлдсэн өдрүүдэд олон хүнд барилдаан хүлээж байгаа.

Өнөөдрийн долоо дахь өдрийн барилдаанд ёкозүна Хакүхо Чиёотайрюү, ёкозүна Какүрюү Ютакаяаматай барилдахаар оноолт таарчээ. Одоогоор башёг ганцаараа 6 даваатай тэргүүлж байгаа Гүржийн бөх Точиношин комүсүби Эндотой барилдана.

Ёкозүна Какүрюү М.Ананд 5 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна

Гүржийн бөх сэкивакэ Точиношин башёг ганцаараа тэргүүлж эхэллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж