Шатрын насанд хүрэгчдийн УАШТ нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.05.19-нд нийтлэгдсэн

Шатрын насанд хүрэгчдийн УАШТ нээлтээ хийнэ

Шатрын насанд хүрэгчдийн УАШТ нээлтээ хийнэ

Шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2018.05.19/ Архангай аймгийн Цэцэрлэг хотод нээлтээ хийнэ. Эрэгтэйчүүдийн 58, эмэгтэйчүүдийн 50 дахь удаагийн тэмцээнд шилдэг 24 шатарчин өрсөлдөх аж. Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээний нэг онцлог нь Гүржийн Батуми хотод болох дэлхийн шатрын олимпиадад оролцох эрхийн төлөө шатарчид өрсөлдөнө. 

Эмэгтэйчүүдийн ангилалд хамгийн ахмад нь олон улсын хэмжээний мастер Б.Анхчимэг бол эрэгтэйчүүдээс Б.Баярмандах аж. ФИДЕ мастер Б.Баярмандахын хувьд шатрын УАШТ-д хамгийн олон удаа буюу 15 дахь удаагаа оролцож байгаа бол ФИДЕ мастер М.Гүнбаяр, олон улсын мастер Н.Баттулга нар 14 дэх удаагаа өрсөлдөхөөр болжээ. Тэгвэл эмэгтэйчүүдээс олон улсын мастер Б.Анхчимэг 22, Д.Янжиндулам 18 дахь удаагаа оролцоно. Харин дэлхийн шатрын холбооны дэд мастер Г.Халиунаа 11 настайдаа насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөхөөр шалгарсан бөгөөд тэрбээр энэ тэмцээний хамгийн залуу оролцогч ажээ. Г.Халиунаа Дорноговь аймгийн 2-р сургуулийн сурагч, мөн “Дагшаахүү” клубын тамирчин юм байна. Тэрбээр анх удаагаа насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох аж.

Шатрын спортыг хөдөө орон нутагт хөгжүүлэх зорилгоор сүүлийн жилүүдэд Говь-Алтай, Завхан, Хэнтий аймгуудад зохиосон байна. Орон нутагт шатрын спортыг хөгжүүлэх, бүс нутгаа сурталчлах, аялал жуулчлал, түүх соёлын өвийг 180 гаруй оронд танилцуулахад тэмцээний гол зорилго оршдог. Мөн тэмцээний үеэр аймгийн 19 сумыг дөрвөн бүсэд хуваан Эрдэнэбулган, Батцэнгэл, Цэнхэр, Тариат зэрэг сумдад төвлөрүүлэн шатрыг сургуулиудад дэлгэрүүлэх, Архангай аймагт шатрын спортыг хөгжүүлэх, сурталчлах, орон нутгийн шатарчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Шатрын тэмцээн зохион байгуулагч”, “Шүүгч”, “Дасгалжуулагч багш” зэрэг сертификат олгох сургалт явуулахаар болжээ.

Тэмцээний дүнг http://chess-results.com-д мэдээлэх бөгөөд тавдугаар сарын 27-ны өдөр өндөрлөнө.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж