С.Цэрэнчимэд цэргийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2018.05.18-нд нийтлэгдсэн

С.Цэрэнчимэд цэргийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв

С.Цэрэнчимэд цэргийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв

Чөлөөт бөхийн цэргийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 15-17-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотын ЦСКА-гийн “Игровой” спортын ордонд болж өндөрлөлөө.  33 дахь удаагийн тэмцээнд Дэлхийн цэргийн спортын зөвлөл (FIAS)-д багтдаг Монгол, ОХУ, Азербайжан, Армен, Алжир, Бразил, Беларусь, БНАСАУ, БНСУ, БНХАУ, Герман, Грек, Иран, Казахстан, Унгар, Финланд, Франц, Швейцарь, Эстони гэсэн 22 орны 330 гаруй тамирчид өрсөлдлөө. Манай тамирчид зөвхөн чөлөөт бөхийн төрөлд өрсөлдсөн бөгөөд тэмцээний сонгомол барилдаан өнөөдөр, маргааш болно.

Монголын армийн баг болох “Алдар” спорт хорооны тамирчид цэргийн ДАШТ-ээс нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль, эмэгтэйчүүд багаараа хоёрдугаар байрт орсон амжилтыг үзүүллээ. 

Эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, ОУХМ Энхбаярын Цэвэгмид, 68 кг-ын жинд спортын мастер Энх-Амарын Даваанасан мөнгө, 62 кг-д ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд, 72 кг-д спортын мастер Пүрвээгийн Номин-Эрдэнэ, 76 кг-д “Хернинг-2009” ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Бадрахын Одончимэг нар хүрэл медалийн эзэн боллоо.

Өнгөрсөн жил үрийн зулай үнэрлэсэн С.Цэрэнчимэд, Б.Одончимэг нарын шилдэг тамирчид дэвжээндээ эргэн ирж, цэргийн ДАШТ-ээс медаль хүртэв.

Гавьяат тамирчин С.Цэрэнчимэдийн жинд таван бөх тойргоор барилдсан бөгөөд БНХАУ-ын Яныг 13:10-аар, Казахстаны Назира Аманзоловаг оноогоор цэвэр (12:0), 2013 оны Европын аварга Беларусийн Анастасья Хучокийг 6:2-оор дараалан ялсан ч Бразилийн Де Оливейрад 4:13-аар ялагдсан. Техникийн оноо тоолоход манай тамирчин хүрэл медаль дээр буув. 

ОУХМ Б.Одончимэг хагас шигшээд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Казахстаны Гульмарал Еркебаевад оноогоор цэвэр ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд Беларусийн Ханна Маслаковаг 8:3-аар ялж шагналын тавцанд зогслоо. Манай тамирчин 6:3-аар ялагдаж явсан ч туршлага зааж төгсгөлийг сайн хийснээр 8:3-аар өрсөлдөгчөө ялжээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж