“Олонлог” сургууль “Математикийн баяр”-ыг тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2018.05.18-нд нийтлэгдсэн

“Олонлог” сургууль “Математикийн баяр”-ыг тэмдэглэв

“Олонлог” сургууль “Математикийн баяр”-ыг тэмдэглэв

Математикийн боловсрол, математикийн соёлыг хүүхдүүдэд таниулах үүднээс “Математикийн баяр” арга хэмжээг “Олонлог төв” сургуулиас өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү баяраар шилдэг сурагчдыг алдаршуулж, урамшуулахаас гадна уулзалт, өдөрлөгийг зохион байгуулдаг байна. “Математикийн баяр”-ыг санаачилсан тус сургуулийн хамт олон энэ жил тав дахь удаагаа хичээлийн жилийн ажлаа дүгнэн баяраа тэмдэглэлээ. Мөн сүүлийн гурван жил Соёл, амралтын хүрээлэнд зохион байгуулж байгаа аж.

“Математикийн баяр” арга хэмжээний үеэр тус сургуулийн захирлын А.Сугарын сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр “Бид жил бүрийн тавдугаар сарын сүүлээр “Математикийн баяр”-ыг тэмдэглэж ирсэн. Энэ жил тав дахь удаагаа зохион байгууллаа. Монголдоо анх удаа энэхүү баярыг тэмдэглэж байгаагаараа анхдагч болсон. Одоогоор манай сургуулиас өөр сургууль энэ баярыг тэмдэглээгүй байна. Энэ өдөр сурагчдаа алдаршуулж, батламж гардуулдаг. Мөн математикийн боловсрол, соёлыг таниулах зэрэг олон арга хэмжээг зохион байгуулж байна. Тусгаар тогтнолын ойн 100 жилийн хүрээнд зохион байгуулж байсан математикийн олимпиад энэ жил олон улсын хэмжээнд зохион байгуулагдсан нь анхдагч болсон. Уламжлалт энэ олимпиадад зургаан орны 1800 орчим сурагчид өрсөлдсөн. Монгол улсаа төлөөлж олон улсын математикийн олимпиадад манай сургуулийн сурагчид тогтмол оролцдог. Энэ жил мөн зургаан сурагч явахаас 12 дугаар ангийн сурагч ахална. Мөн элсэлтийн шалгалтаар ч сурагчид улсын хэмжээнд өндөр амжилтыг үзүүлсээр байна. Нийт сургуулийн хамт олон, сурагч нартаа “Математикийн баяр”-ын мэндийг хүргэе.” гэсэн юм.  

“Олонлог” сургуулийн “Математикийн баяр”-аар манлайлагч сурагчдын сэтгэгдлийг сонслоо.

Б.Доржсамбуу

Намайг Б.Доржсамбуу гэдэг. 6г ангийн сурагч. Тооны хичээл улам л сонирхолтой болж байна. Надад өгүүлбэртэй бодлого, тэгшитгэлийн бодлого бодох амархан байдаг. Шилдэг тоочин шагналыг хоёр дахь удаагаа авлаа. Тооны хичээлээр дотоодын олон тэмцээнд амжилттай оролцсон.

С.Жавхлан, А.Эрдэнэзаяа

Намайг Бямбажавхлан гэдэг. 12-р ангийн сурагч. Энэ шагналыг хоёр дахь удаагаа авлаа. Математикийн хичээлд дуртай болж, амжилтаа ахиулж байна. Би зураг зурах дуртай. Тийм учраас ШУТИС-д архитекторын мэргэжлээр суралцах сонирхолтой.

Намайг А.Эрдэнэзаяа гэдэг. 12а ангийн сурагч. Математикийн баяраас анх удаа шагнал авлаа. Би “Олонлогт” дунд анги хүртлээ сурч байгаад өөр сургуульд шилжсэн. Өнгөрсөн жил буцаж сургуульдаа ирсэн. Ер нь дундуур нь гарсандаа жаахан харамсдаг. Би багаасаа математикт сонирхолтой байсан. Математик, мэдээлэл зүйн хичээлд илүү дуртай. Тиймээс их сургуулийн график дизайны ангид орох бодолтой. 

Амарзаяагийн Пүрэвзаяа

Намайг Амарзаяагийн Пүрэвзаяа гэдэг. Энэ жил математикийн улсын олимпиадаас алтан медаль авсан. Манай сургуулийн сурагчид жил бүр улсын олимпиадад өндөр амжилтыг үзүүлдэг. Энэ жил бид хоёр алтан медаль болон мөнгө, хүрэл медаль авч өмнөх амжилтуудаа ахиулж чадсан. Намайг бэлтгэж өгсөн “Олонлог” сургуулийн багш нартаа маш их баярлаж байна. Мөн математикт анх бэлдэж байсан ээждээ баярлалаа. Би энэ сургуульд наймдугаар ангиас шилжиж ирсэн. Сүүлийн хоёр жил багш нарынхаа дэмжлэгээр математикийн хичээлдээ улам л сонирхолтой болсон. Энэ жил улсын олимпиадаас алтан медаль авсан нь надад их урам зориг өглөө. Мөн 2018 онд Итали улсад болсон олон улсын олимпиадаас хүрэл медальтай ирсэн. Багш нартаа баярлалаа.

 

ОЛОНЛОГ ТӨВ СУРГУУЛЬ нь 1993 оноос тогтмол хэвлэгдэж буй математикийн соён гэгээрүүлэх “Олонлог” сэтгүүлийн мэдээллийн сан, сургалтын технологи болон үзэл санааг дэмжигч хамтран ажиллагсдын багт тулгуурлан 2002 онд анх байгуулагдсан. Дунд сургуулийн математик боловсролыг олон улсын түвшинд хүргэх багш нарын чадварлаг баг бүхий хувийн хөрөнгө оруулалттай анхдагч сургууль гэдгээрээ нэн онцлог юм.

Манай сургууль дараах онцлогтой:

  • Олонлог сургуулиас гаргадаг сурах бичгээр сонгон суралцах математик хичээлийг судалдаг.
  • 1-р ангийн 3-р улирлаас англи хэлний сургалт эхэлдэг.
  • Байгалийн ухаан, дуу хөгжим, англи хэл, биеийн тамирын дугуйлан секцүүдийг мэргэжлийн багш нар ордог.
  • Дотооддоо үйлдвэрлэсэн өөрийн онцлогийг илтгэсэн дүрэмт хувцастай.
  • Хичээлийн дараах сургалтын хөтөлбөрийг эцэг, эхийн саналаар зохион байгуулдаг.
  • Сургуулийн өөрийн автобус сурагчдын аюулгүй байдлыг ханган Хан-Уул, Баянгол, Чингэлтэй дүүрэгт оршин суудаг сурагчдад үйлчилдэг. Эцэг, эхчүүдээс гарсан санал асуулгаар нэмэлт маршрут гаргаж болно
  • Олонлог зуны сургалт нь сурагчдадаа эрүүл, цэвэр агаарт хичээллэж, зуны амралтаа өнгөрүүлэх сайхан боломжийг олгодог.

МАТЕМАТИКИЙН БАЯР – Математик соёл, математик гоо сайханг сурагч нартаа мэдрүүлэх, сургуулийнхаа, найз нөхдийнхөө амжилтаар бахархах том хэмжээний арга хэмжээ юм. Жил бүрийн 5 дугаар сард зохион байгуулдаг Математикийн баяраар Олонлог сургуулийн математикт шимтэн суралцдаг сурагчид ололт амжилтаа дүгнэн нэг өдрийг инээд хөөр, баяр баяслаар дүүрэн өнгөрүүлдэг. Математикийг баяр болгон тэмдэглэдэг ховор тохиолдлын нэг бол энэ уламжлал юм.

БИДНИЙ АМЖИЛТУУД

Олонлог төв сургууль үүсгэн байгуулагдсанаас эхлэн одоог хүртэлх хугацаанд улсын болон олон улсын математикийн олимпиадад өндөр амжилттайгаар оролцож ирсэн. Улсын математикийн олимпиад жилд нэг удаа 6 алтан медалийн төлөө 400 гаруй шилдэг өрсөлдөгч уралддагаас Олонлог төв сургууль нь 1-4 алтан медаль дангаар нь авдаг.

Олон улсын математикийн олимпиад – 3 мөнгө, 10 хүрэл

Монголын математикийн олимпиад – 23 алт, 25 мөнгө, 40 хүрэл

Төгсөгчид дотоодын их, дээд сургууль – МУИС – 32%, Санхүү, эдийн засгийн их сургууль – 18%, ШУТИС – 21%

Гадаадын их дээд сургууль – АНУ -35, Англи – 8,  Европ – 9, ОХУ -10, Хятад -16, Солонгос 4, Япон – 6, Австрали – 2, Энэтхэг, Малайз, Сингапур – 6

Хамгийн сүүлд гаргасан амжилтуудаас дурдвал Итали улсад зохион байгуулагдсан Европын охидын олимпиадад Монгол улсаас анх удаа Олонлог Төв сургуулийн 12б ангийн сурагч Б.Долгормаа Мөнгөн медаль, 10а ангийн сурагч А.Пүрэвзаяа хүрэл медаль тус тус хүртсэн.

Мөн Монгол улсын гавьяат багш У.Доёдын нэрэмжит улсын математикийн 54-р олимпиад Дорноговь аймгийн Сайншанд хотноо 5-р сарын 10-наас 5-р сарын 15-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тус олимпиадад Олонлог төв сургуулиас нийт 5 багш, 7 сурагчийн бүрэлдэхүүнтэй баг 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл, 2 уран бодолтын шагнал хүртэж, багийн дүнгээр тэргүүн байр эзэлсэн бахдам амжилт байгууллаа.Тодруулбал:

  • 10А ангийн сурагч А.Пүрэвзаяа 35 оноогоор алтан медаль
  • 11Б ангийн сурагч Г.Батбуян 20 оноогоор хүрэл медаль
  • 12А ангийн сурагч М.Лханаажав 35 оноогоор алтан медаль
  • 12Б ангийн сурагч Б.Долгормаа 27 оноогоор мөнгөн медаль
  • Бага ангийн багш нарын төрөлд бага П.Чимэг багш 32 оноогоор мөнгөн медаль
  • 11Б ангийн сурагч Б.Энгүүн, Ганбилэг багш нар Уран бодолтын шагнал тус тус хүртсэн.

Бидний амжилтын буухиа үргэлжилсээр байна.

УЛААНБААТАР ХОТЫН СЕМИНАР

Математикийн орчин үеийн үр дүнгүүдийг хэлэлцэх, шийдвэрлэх, баталгааг гаргах, математикийн гоо сайхныг түгээн дэлгэрүүлэх, багш, оюутан, сурагчид, математик сонирхогчдын боловсролыг дээшлүүлэх зорилго бүхий “Улаанбаатарын математикийн нээлттэй семинар”-н танхим 2011 оноос хойш Олонлог сэтгүүлийн дэмжлэгтэйгээр Олонлог төв сургууль дээр нээгдсэн.

Монгол улсын гавьяат багш Доктор, Профессор Ц.Дашдоржийн мягмар гарагийн семинар, Олонлог сургуулийн багш нарын өдөр тутмын семинар, Олонлог төв сургуулийн баасан гарагийн семинарууд өрнөдөг.

Олонлог төв, Олонлог Академи сургуулийн математикчид тоо хамтарч боддог, хэлэлцдэг уур амьсгал бүрддэг учир Олонлогийн математикчид жил бүр улс, олон улсын түвшинд олон амжилт үзүүлсээр байна.

ТУСГААР ТОГТНОЛ МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАД – Сурагчдад дэлхийн математик боловсролын түвшин, чиг хандлагыг мэдрүүлэх, математикийн хичээлийн  мэдлэг,  чадвар, оюун ухаанаа хөгжүүлэх, тэдэнд олон улсын хэмжээнд  өөрийгөө сорьж, өрсөлдөх боломжийг олгох, математикийн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох , Монгол улсаа сурталчлах зорилготой.

Тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны ойд зориулсан математикийн улсын уралдааныг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Олонлог төв сургууль хамтран сүүлийн 5 жил тасралтгүй зохион байгуулж байгаа бөгөөд 2017 оноос эхлэн Тусгаар тогтнолын улсын математикийн олимпиадыг олон улсын хэмжээнд зохион байгуулж байсан. Энэхүү уралдаан нь Монголын математикийн олимпиадын хорооны албан ёсны зөвшөөрөлтэй уралдаан бөгөөд багш, сурагчдын дунд нэр хүндтэй, хот хөдөөгийн олон сурагчид өрсөлддөгөөрөө онцлогтой юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж