Үр тариа зөөж явсан ачааны галт тэрэг осолдсон

Хуучирсан мэдээ: 2018.05.18-нд нийтлэгдсэн

Үр тариа зөөж явсан ачааны галт тэрэг осолдсон

Үр тариа зөөж явсан ачааны галт тэрэг осолдсон

ОХУ-аас Улаанбаатарын чиглэлд үр тариа зөөвөрлөж явсан галт тэргийг “Дархан-1” өртөөний замаар хүлээн авч байх явцад найман вагон замаас гарсан осол өчигдөр /2018.05.17/-ны өдрийн 15.15 цагт гарсан юм. Энэ асуудлаар Улаанбаатар төмөр замын Тээврийн хяналтын албаны дарга Н.Адъяа сэтгүүлчдэд өнөөдөр /2018.05.18/ мэдээлэл өглөө. Хурлын эхэнд тэрбээр осол болсон үед үүссэн нөхцөл байдлын талаар танилцуулав.


-Галт тэрэг осолдох үед чухам юу болсон бэ? Ослын шалтгааныг замын дэр мод ялзарсантай холбон тайлбарлаж байна? Үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-2018 оны тавдугаар сарын 17-ны 15.15 цагт Дархан өртөөний 15-р замаар 2508 дугаартай галт тэргийг хүлээж авсан. Уг галт тэрэг нь ОХУ-аас Улаанбаатар чиглэлд явж байсан. Тодруулбал, нийт 70 вагонтой 5745 тонн жинтэй, 1081 метр урттай вагон байсан юм. Ингээд хамгийн захын 15-р замаар вагоныг хүлээж авсан. Дархан өртөө бол 15 замтай том өртөөний нэгд тооцогддог юм. Тухайн үед вагон хүлээж авахад галт тэрэгний сүүлийн вагоныг хяналтад оруулдаг. Эдгээр вагонууд нь үр тариа ачиж явсан ачааны вагон байсан. Нийтдээ найман вагон замаас гарсан байгаа. Хажуу тийшээ хазайсан хоёр, замаасаа мултарсан зургаан вагон байсан. Улмаар вагон осолдсон мэдээг 15.16 цагт Дархан өртөөнд дараа нь Галт тэргийн хөдөлгөөний удирдлагын төвд мэдэгдсэн. Одоогоор уг замыг сэргээн засах ажлыг Д.Жигжиднямаа дарга биечлэн удирдаж байгаа. Үүнийг бид нар гологдол гарлаа гэж ярьдаг. Яг одоо сэргээн босголтын ажил графикийн дагуу явагдаж байна. Бидний төлөвлөснөөр өнөөдөртөө багтаан сэргээн босголтын ажил бүрэн дуусна.

-Урьдчилсан дүгнэлтээр ослын шалтгааныг юу гэж тогтоосон бэ? Эдгээр дэр модыг нийтэд нь засах шаардлагатай юу?

-Дэр мод нь төмөр замын гол бүтээгдэхүүн юм. Тухайлбал, 1100 километр зам байлаа гэж бодоход 2.1 сая дэр мод хэрэгтэй. Бид дэр мод гэж яриад байгаа. Уг нь төмөр замын дэр гэж ярих нь зүйтэй. Төмөр замын дэр нь төмөр бетонон эсвэл модон байж болно. Хөтлийн төмөр бетоны үйлдвэр ашиглалтад орохоос өмнө дандаа модон дэр хэрэглэдэг байсан. Ойн бүсийг хамгаалах асуудал Засгийн газрын түвшинд яригдахад дэр модыг төмөр бетон дэрээр сольж эхэлсэн байдаг. Төмөр бетонон дэрийг үйлдвэрлэхэд нэлээн хугацаа ордог. Төмөр замын дэр модыг жилд хоёр удаа шалгадаг. Энэ үзлэгээр солих шаардлагатай гэсэн тэмдэглээ тавиад их засвар хийдэг. Түүнээс биш модон дэрээ үзлэг хийгээд гайгүй байхад нь солино гэсэн ойлголт байхгүй. Дэр мод үмхэрнэ гэж ярьдаг. Хэрэв үмхэрсэн байвал будаг тэмдэглээ хийгээд сольдог. Яг одоогийн байдлаар юунаас болсныг нь тодруулахаар ажиллаж байна. Шалтгааныг хэлэхэд хараахан эрт байна. Үүнийг осол гэж ярихаас илүү онцгойд тооцогдох гологдол гэж ярина. Яагаад гэхээр хүний амь нас хүрээлэн буй орчинд хохирол учраагүй. Хоёрдугаарт тээврийг нэг ч минут саатуулаагүй учраас тэр юм.

-Хэрэв суудлын галт тэрэг байсан бол яах вэ? Аюулгүй байдал талаас нь урьдчилан сэргийлэх ямар ажил хийж байгаа вэ?

Суудлын галт тэргийг энэ замаар хүлээж авдаггүй. Нөгөө платформ буюу зорчигчийн тавцантай замаар авна. Тэр замыг гол зам гэдэг. Тэр замуудад илүү засвар үйлчилгээг хийгээд явдаг.

-Ослын дүгнэлт хэдийгээр гарах вэ? Ослын улмаас ямар нэг хохирол гарсан уу?

-Одоогоор хохирол гараагүй. Хохирол бол буудай хүлээн авагч дээр гарах байх. Бусад нь манай компанийн асуудал. Энэ ирсэн вагон бол нийтдээ 70 вагон байсан. Сүхбаатарын боомтоор Улаанбаатар чиглэлд явсан вагон байгаа. Салбар яамнаас ослын дүгнэлтийг 14 хоногийн дотор гаргах байх.

Э.Ариун 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж