Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 5 дугаар сарын 18-22-нд Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийж, Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео, АНУ-ын Конгрессын гишүүд болон албаны бусад хүнтэй уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцана.
Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Монгол, Америкийн Эдийн засгийн бодлогын Хоёрдугаар зөвлөлдөх уулзалт, Монгол Улсын Засгийн Газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хооронд байгуулах Хоёр дахь компакт гэрээний төгсгөлийн шатны хэлэлцээ зэрэг арга хэмжээнд оролцож, Монголд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой Америкийн бизнесийн төлөөлөлтэй уулзах юм.
Гадаад харилцааны сайдын айлчлалаар Монгол, Америкийн эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлыг талууд чухалчлан ярилцаж, хамтын ажиллагааны “замын зургийг” гаргах чиглэлээр ажиллана.
Сайд мөн Жонс Хопкинс, Хадсон, Азийн нийгэмлэг зэрэг АНУ-ын томоохон их сургууль, судалгааны хүрээлэнгүүдэд зочлон эрдэмтэн судлаачид, Монголыг сонирхсон хүмүүстэй уулзаж, илтгэл тавина.
Эх сурвалж: ГХЯ