Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

Тангараг ба урвалт

Хайртай нэгэнтэйгээ хамтын амьдрал зохион аз жаргалтай амьдарна гэдэг сайхан. Магадгүй хүний амьдралд тохиох тэр л агшинг хамгийн сайхан үе гэж хэлэх хүн  олон биз. Энэ л сайхан төсөөллөөр амьдралын гараагаа эхлэх охид бүсгүйчүүд тэр ч бүү хэл эрчүүд залуус амьдрал нь төсөөлсөнөөс өөрөөр эргэх үед гуньж гутрах, бас шантрах нь ч бий.

Олон жил ханилсан нэгэн нь амьдралдаа буруу сонголт хийснээ хэзээ хожуу ухаарч, байж болох эрсдлийг дагуулсан сонин содон алхам хийнэ. Энэ алхмыг “амьдралыг минь үрэн таран хийсэн муу хүн чи” гэж адлах нэгэн ч бий. Гэтэл үнэндээ тэр л сонин содон этгээд өөрийн амьдралаа танд ч бас өнгөрсөн хугацаанд зориулсан нь дамжиггүй.

Хэн нэгний, тэр дундаа хамтрагчийнхаа сэтгэл санаа, зүрх сэтгэлийг хорьж барина гэдэг хэцүү. Анх нийлж буй хосууд насан туршдаа нэг нэгэндээ үнэнч байж үүрд мөнх хайрлахаа амалдаг. Чухамдаа бид хэт бодит бусаар өөрийн амьдралдаа хандсанаас үүдэн үүрдийн сэтгэлийн зовлонтой хоцордог.

Өөрийн хүсэл эрмэлзлэлээ хамтрагчдаа хатуугаар тулган өөрийн болон хамтрагчийнхаа амьдралыг харамсалтай байдалд оруулах эмгэнэлтэй ирээдүй бидэнд хэрэгтэй гэж үү?

Байгалиасаа эрэгтэй, эмэгтэй хүн бие, сэтгэл болон химиэрээ өөрөөр заяагдсан. Тиймээс биднийг эмэгтэй болон эрэгтэй гэж нэрлэдэг. Үүнд мэдээж эрэгтэйгээр үзэгддэг эмэгтэй сэтгэл зүй, эмэгтэйгээр үзэгддэг эрэгтэй сэтгэл зүй ч хамаарна. Хань тань таны хүссэнээр танд хичнээн үнэнч, хайртайгаа амлавч үнэн хэрэгтээ түүний хэлсэн, таны бодсоноор биш байвал сайхан гэж үү?  Үүний оронд сэтгэлт  хамтрагч, амраг ханьтайгаа  хариуцлагатай харилцаанд орохдоо илэн далангүй, бодитой яриа өрнүүлэн хамтын амьдралаа хэрхэн сэтгэл хангалуун байлгахад анхаарсанаар магадгүй үүсч болох сэтгэлийн зовлонгоос тодорхой хэмжээгээр ангид амьдарч болох юм.

Нэгэнтээ бид бүхэн өөр өөрсдийн онцлог өвөрмөц зан араншинтай учир аливаа харилцаа, тэр дундаа бидний нандин харьцаа болох гэр бүлийн харилцаанд нэг нэгнээ байгаагаар нь хүлээн зөвшөөрч, хайртай хүнтэйгээ хамт байх тэрхүү харилцааг илүү нандин, хялбар, баяр баясал, аз жаргал, таашаалтай байлгахыг хүсвэл өөрийн хүслээр өөрийгөө No.1 байхаас татгалзан тодорхой өөрчлөлт, буулт хийж чадах нь хамгийн зоримог бас ухаалаг алхам байж болох юм.

Гэрлэлт бүхэн төсөөлснөөр сайн сайхан, амжилттай болох мэдээж албагүй. Эрс тэс ондоо байдал, бүтэлгүй байгаа харилцаа, өөр өөр хүсэл тэмүүллийг хүлээн зөвшөөрөн өөртөө болон хамтрагчдаа өөр нэгэн сонголтыг нээлттэй орхих нь сөрөг биш харин эерэг сонголт байхыг үгүйсгэхгүй. Салалт гэдэг өөрт болон бусдад хүнд, хэцүү сонсогдох боловч үнэндээ магадгүй энэ үг амьдралын хоёр дахь боломж байхыг мөн л үгүйсгэхгүй.

Ө.Энхлэн 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж