Монгол Улсын Төрийн албаны зөвлөл Япон улсын Газар, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын яамтай хамтран өнөөдөр Төрийн ордонд “Төрийн захиргааны манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Уг сургалтад Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, Зам тээврийн хөгжлийн яам болон төрийн бусад байгууллагын ажилтнууд оролцов.
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарзориг, Японы Мейжигийн их сургуулийн доктор RBA олон улсын байгууллагын тэргүүн Нобухиро Күмэ нар сургалтыг нээж үг хэлсэн юм. Монгол Улс, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 46 жилийн ой тохиож буй цаг үед энэхүү хамтарсан сургалтыг зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Япон Улсын тусламжаар Хөшгийн хөндийд олон улсын нисэх онгоцны шинэ буудал баригдаж, олон удаагийн буцалтгүй тусламж, төсөл, хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын дунд сургууль, цэцэрлэг, нийгэм, соёлын салбарын барилга, байгууламжуудыг сэргээх, шинэчлэх ажлыг хийж, JICA, JDS байгууллагууд болон Японы Засгийн газрын тэтгэлгээр монгол залуус сургалтад хамрагдаж буйг бүгд мэднэ. Тэдний дотор төрийн албан хаагчид олон байгааг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарзориг нээлтийн үгэндээ онцоллоо.
Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-аар батлагдсанаар төрийн албанд шаталсан зарчмаар дэвших, төрийн алба болон төрийн албан хаагчид улс төрөөс хараат бус ажиллах зэрэг зарчмын олон чухал өөрчлөлт ороод байгааг тэрээр бас хэлж байв.
Энэ удаагийн сургалтыг Японы Мейжигийн их сургуулийн доктор RBA олон улсын байгууллагын тэргүүн Нобухиро Күмэ, Японы Газар, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын яамны газрын дарга Тошиаки Андо тус яамны хэлтсийн дарга Томояасү Шимакава нартай хамтран зохион байгууллаа.
Өнөөдрийн сургалтаар Японы Мейжигийн их сургуулийн доктор RBA олон улсын байгууллагын тэргүүн Нобухиро Күмэ эдийн засаг, менежмент, менежерийн үүрэг хариуцлага хэмээх ойлголтуудыг өрнө, дорнын үзэл баримтлалд ямар ялгаатай авч үздэг, олон улс хоорондын эдийн засгийн харилцааны тулгуур болох бизнес кодын талаар болон их гүрнүүд, жижиг улсуудын хооронд худалдаа хийдэг зарчим зэргийн талаар ярьсан бол Японы Газар, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын яамны газрын дарга Тошиаки Андо тус яамны хэлтсийн дарга Томояасү Шимакава нар дэлхийн II дайнд дэд бүтэц нь бүрэн сүйрсэн Япон орон 1964 онд олимпийн наадмыг эх орондоо зорхион байгуулах том зорилгыг урдаа тавьж, хэрхэн богино хугацаанд өндөр хөгжилтэй улс болж чадсан туршлагаас танилцуулав.
УИХ-аар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсантай холбогдуулан Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс удаа дараа сургалтууд зохион байгуулж байгаа бөгөөд үүний өмнө “Орчин үеийн төрийн захирга, удирдлага, манлайлал” сэдэвт сургалтыг яамдын төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга болон удирдах албан тушаалтны түвшинд зохион байгуулж, мөн Энэтхэгийн Төрийн албаны комисстой хамтран төрийн нарийн бичгийн дарга нарын сургалтыг Энэтхэгт зохион байгуулжээ.