“ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо” өнөөдөр /2018.05.18/ Үндэсний мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэд Нийслэлийн засаг дарга С. Батболд болон НИТХ-ын дарга С. Амарсайхан нарт шаардлага хүргүүлж байгаа аж. ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг ажиллуулан амьдрал, ахуйгаа залгуулдаг иргэд дараах шаардлага хүргүүлж байгаа юм байна.
- Биднийг хүлээн авч уулзахыг шаардаж байна
- Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жилийн төлөвлөгөөгөө бидэнд танилцуулахыг шаардаж байна
- ТҮЦ эрхлэх зөвшөөрлийг олгохгүй, сунгахгүй байж ТҮЦ-үүдийг маань ачиж, эвдэж, хохироож буй хууль бус үйл ажиллагаагаа таслан зогсоохыг шаардаж байна
- ТҮЦ эрхлэх үйл ажиллагааг улс төржүүлэн, өөрсдийнхөө бизнес, ашиг хонжооны хэрэгсэл болгохыг таслан зогсоохыг хатуу шаардаж байна.
- Олон жил тодорхой зөвшөөрлийн үндсэн дээр ТҮЦ эрхэлж ирсэн иргэдийнхээ амжиргааны эх үүсвэрийг баталгаажуулж ажлын байраа хадгалах, Улаанбаатар хотын аз жаргалтай иргэн байх баталгааг хангаж өгөхийг шаардаж байна.
- Төрийн албан хаагчид, газрын албаны ажилчид, цагдаагийн байгууллагын албан хаагчид өөрсдөө болон бусадтай хуйвалдан дур зоргоороо, хүссэн газраа эмх замбараагүй ТҮЦ байрлуулан бусдад түрээслэн ашиг хонжоо буй үйл ажиллагааг таслан зогсоохыг шаардаж байна.
- Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн талаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахыг шаардаж байна
- Одоогийн хэвийн ажиллаж буй ТҮЦ-нүүдийн үйл ажиллагааг зогсоож БНСУ-ын аж ахуйн нэгжийн карт цэнэглэх төв нэртэйгээр байрлуулах гэж буй ТҮЦ эрхлэгчдийн ажлын байрыг булааж авч буй бусармаг үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна гэжээ.
Шаардлагын хугацаа долоо хоног юм байна. Шаардлагыг эс биелүүлбээс тэмцлийн хурц хэлбэр сонгон тэмцэнэ гэв.
Н.ГАНБАТ