Монгол Улс 1941 онд 4163 тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж байсан бол өнөөдөр жилд 1,2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж байна. 77 жилийн өмнө газрын тосны бүтээгдэхүүн хайх, олборлох ажлууд орос ах нарын тусламжтайгаар хийж байсан ч одоо ч бид газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээгээ 100 хувь гадаадаас импортолж байна.
Нийт импортын:
- ОХУ-94,5 хувь
- БНХАУ- 1,8 хувь
- Солонгос- 3,4
- Бусад -0,2 хувь тус тус эзэлж байна.
Дэлхий зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсөлттэй байгаа энэ цаг үед 100 хувь гаднаас хамаардаг монголчуудын хувьд шатахууны үнэ тогтвортой байх нь хамгийн чухал үзүүлэлт гэдгийг салбарыхан нь онцолж байлаа. Тиймээс ч Засгийн газраас ойрын хугацаанд газрын тосны боловсруулах үйлдвэр барих ажлыг эхлүүлэхээр Энэтхэг улсын Засгийн газартай хэлэлцээр хийсэн.
Засгийн газраас газрын тосны үйлдвэр барихаар Энэтхэг улсаас авах зээлээр Дорнод аймагт Газрын тосны үйлдвэр барихаар бэлтгэл ажлаа хангаж буй. Боловсруулах үйлдвэрийг 2021 он гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм байна. Энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газрын дэд дарга Ц.Эрдэнэбаяр “Энэтхэг улсаас нэг тэрбум гаруй ам.долларын хөнгөлөлттэй зээлээр газрын тосны үйлдвэр барихаар тохиролцсоны дагуу ТЭЗҮ-г ярилцаж байна. Зургадугаар сарын 20-н гэхэд ТЭЗҮ эцэслэн гарна. Мөн Засгийн газраас боловсруулах үйлдвэртэй холбоотойгоор автозам, төмөр зам зэрэг дэд бүтэц хийх төсвийг шийдэгдсэн байгаа. Газрын тосны үйлдвэрийн дэд бүтцийн ажил 2019 оноос эхлүүлэхээр ажиллаж байна” гэсэн юм.
Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллага, компанийн 97 агуулах, 1200 гаруй шатахуун түгээн станц, шингэрүүлсэн шатдаг хийн үйл ажиллагаа явуулж буй 10 хий агуулах, автомашин хийгээр цэнэглэх 78 станцаар дамжуулан бөөний болон жижиглэнгийн үйл ажиллагаа явуулж байна. Газрын тос олборлолтыг Дорнод аймгийн Зүүнбаян сумын нутагт байрлах 19, 21-р талбай дээр БНХАУ-ын хоёр компани үйл ажиллагаа явуулж байгаа аж. Олборлолт явуулж эхэлснээс хойш улсын хэмжээнд 5,9 сая тонн тос олборлож, 5,6 сая тонн тосыг БНХАУ-д экспортолсон бөгөөд улсын төсөвт 1,2 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлжээ.
Харин олборлолтыг 25 талбай дээр 21 нэгэн компани хийж байгаа юм байна. Хайгуулын ажлын үр дүнд гурван талбайд 333 сая тонн баталгаат зэрэглэлийн нөөц тогтоожээ. Монгол Улс газрын тосны нөөцийн хэмжээгээр 100 гаруй орноос 33-т жагсдаг юм байна.
Монгол Улсад газрын тосны салбар үүсч хөгжсөний 77 жил, газрын тос экспортолж эхэлсний 20 жилийн ой өнөөдөр /2018.05.18/ тохиож байна. Ойн хүрээнд газрын тосны салбарынхан Дуурь бүжгийн эрдмийн театрт баярын хурлаа хийв. Хурлыг нээж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нээж үг хэлсэн юм.
Ш.ЧИМЭГ