УИХ-ын гишүүн Ж.Батзандан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнөөдөр би Хүний эрхийн дэд хорооны гишүүний хувьд хэд хэдэн мэдээлэл хүргэхээр шийдлээ. УИХ бол хүний эрхийн асуудалд хангалттай анхаарал хандуулж чадахгүй байна. Хүний эрхийн зөрчил хэрээс хэтэрч, Засгийн газар болон УИХ-аас дорвитой арга хэмжээ авахгүй байгааг Олон услын хүний эрхийн хорооноос 15,16,17 дугаар илтгэлдээ дурдсан байна. Энэ нь МАН-ынхан Монгол хүний эрхийг хамгаалах талаар ажил хийхгүй байна гэж дүгнэж байна. Сүхбаатарын талбай дээр жагсаж байгаа багш, эмч нарыг дэмжиж байна. 500 мянган төгрөгөөр эмч, багшийн ажил хийх боломжгүй. Тиймээс тэдний цалинг эрс нэмэгдүүлэхийг эрх баригч намаас шаардаж байна. МАН-ынхан сонгуульд оролцохдоо цалинг эрс нэмэгдүүлнэ гэж амалсан. Гэтэл амлалт нь биелээгүй байна. Цаашид эмч, багш, цагдаа нарын цалинг нэмэгдүүлэхийг шаардаж байна” гэв.
Үүнээс гадна хөдөлмөрийн мөлжлөг, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхал, бэлгийн дарамт хэрээс хэтэрч байна. Илүү цагаар ажилласан хүмүүст цалинг нь өгөхгүй байна. Хүний эрхийн асуудлыг энэ Засгийн газар уландаа гишгэж байна. Тиймээс энэ чиглэлд дорвитой арга хэмжээ авахыг би шаардаж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн энэ төрлийн гомдол саналаа хэзээд хүлээн авахад бэлэн гэж байсан юм.