Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос төрийн албан хаагчийн цалинг нэмэгдүүлэх эсэх, хүүхдийн мөнгөний талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Багш, эмч нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байна. Тэдний шаардлагыг хүлээж авах боломж байгаа юу?
-2018 онд төрийн албан хаагчдын цалин нэмэхгүй гэдэг шийдвэр гарсан. Мөн ОУВС-тай хамтарч хэрэгжүүлж байгаа төрийн албаны шатлалыг ахиулахгүй байх, зэрэг дэв нэмэгдүүлэхгүй байх шийдвэрийг УИХ гаргасан. Гэхдээ манай Засгийн газар байгуулагдсан цагаас хойш үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. 2017, 2018 оны улсын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүнд Засгийн газар хоёр үүрэг хүлээсэн. Амжиргааны төвшний өөрчлөлтэй уяалдуулаад төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлаар ОУВС-тай хэлэлцээр хийх үүрэг авсан. Хоёрдугаарт, 2018 оны хоёрдугаар улиралд багтааж төрийн албан хаагчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх нэмэлт хэлэлцээр хийх үүргийг хүлээсэн. Засгийн газар энэ хоёр үүргээ хоёуланг нь биелүүлэхээр ажиллаж байна. Өмнө нь ОУВС-ын төлөөлөлтэй уулзахдаа төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шаардлага байна гэж ярьж байгаад энэ оны дөрөвдүгээр улиралд багтаагаад цалинг нэмэгдүүлэх зөвшилцөлд хүрсэн. Өөрөөр хэлбэл, 2017, 2018 онд төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэхгүй гэж ОУВС-тай байгуулсан гэрээндээ өөрчлөлт оруулахаар болсон.
-Эрүүл мэндийн ажилтнууд цалингаа 50 хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа. Ийм боломж бий юу?
-Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд цалингаа 50 хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа. Гэхдээ улс орны төсөв санхүүгийн байдал ямар байгааг бид сайн мэднэ. Монгол Улсын төсвийн зарлага 7 их наяд төгрөг. Энэ 7 их наядын 1.7 их наяд нь цалингийн сан байна. 1.9 их наяд нь Нийгмийн даатгалын сангаас олгогдож байгаа өндөр настны тэтгэвэр, 2.3 их наяд нь гадаад улс оронд төлж байгаа зээл, зээлийн хүү. 500 орчим тэрбум төгрөг нь халамжийн сангийн зардал юм. Тиймээс төрийн албан хаагчдын цалинг огцом 50 хувиар нэмэх боломж байхгүй. Өнгөрсөн жил улсын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт байгуулахдаа төрийн албан хаагчдын цалинг инфляцын төвшинтэй уялдуулж нэмэгдүүлэх чиглэлээр ОУВС-тай хэлэлцээр хийж, цалинг тодорхой хэмжээгээр нэмэх үүрэг авсан. Гурван тал гурвуулаа гарын үсэг зурсан. Тэгэхээр одоо үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд хэлэлцээрээсээ давсан шаардлага тавьж байгааг гайхаж байна. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэх чиглэлээр ОУВС-тай хэлэлцээр хийж ажиллана гэсэн үүргийг авч гурван тал гарын үсэг зурж, Засгийн газарт өгсөн. Энэ үүргээ Засгийн газар биелүүлж, 2017, 2018 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй царцаана гэсэн хөтөлбөртөө өөрчлөлт оруулан инфляцийн төвшинтэй уялдуулан цалингаа нэмэхээр боллоо. Яг иймд үед амлалтаасаа давсан шаардлага тавьж байгааг гайхаж байна.
-Энэ онд цалин нэмэгдүүлнэ гэж ойлгож болох уу?
-Төрийн албан хаагчийн цалинг энэ оны дөрөвдүгээр улиралд инфляцтай уялдуулж нэмэгдүүлнэ. Ирэх оноос ч мөн адил инфляцтай уялдуулж нэмнэ.
-Инфляцтай уялдуулахгүйгээр тодорхой хувиар нэмэх боломж байхгүй юу?
–Инфляцтай уялдуулахгүй бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Өөрөөр хэлбэл, цалин нэмсэн нь сөрөг үр дагавар дагуулах эрсдэлтэй. Тиймээс инфляцын төвшингөөс давуулан нэмэх боломжгүй.
-Хүүхдийн мөнгөний хамрах хүрээг 20 хувиар нэмэгдүүлэхдээ санхүүжилтийг хэрхэн шийдсэн бэ?
-Засгийн газраас эдийн засгийн боломжтой уялдуулаад хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгоно гэж төсөвт тусгасан. Одоогоор 684 мянган хүүхдэд олгож байна. Нэмж 20 хувьд нь олгохын тулд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын багцад байгаа Нийгмийн халамжийн нэмэлт хөтөлбөр гэж төсөвт тусгасан 41 тэрбум төгрөгийг зарцуулахаар болсон.
– Хүүхдийн мөнгөний хамрах хүрээг 20 хувиар нэмэгдүүлэхдээ өрхийн амжиргааны төвшин тогтоох судалгааг дахин хийх юм уу?
-Зарим гишүүд хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан хүүхдүүдэд л өгөх санаачилга гаргаж байна. Энэ санааг дэмжих боломж байна уу?
–Хүссэн бүх хүүхдэд мөнгө өгөх боломжгүй. Төсөв, хөрөнгө сайнгүй байгаа юм. Одоо УИХ-аар нийт хүүхдийн 80 хувьд нь мөнгө олгох асуудлыг хэлэлцэж байна. Батлагдвал олгоод явна. Өмнө нь бүх хүүхдэд мөнгө олгож байх үед 5-6 хувь нь л мөнгөө авдаггүй байсан байна лээ. Харин 95 орчим хувь нь хүүхдийнхээ мөнгийг авч байсан. Хүссэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө өгнө гэвэл цаана нь 15 орчим хувь нэмэгдэж, түүнийгээ дагаад санхүүжилт босгох шаардлага үүснэ. Тиймээс нийт хүүхдийнхээ 80 хувьд нь мөнгө олгох, 80 хувь дотроо өргөдлөө өгсөн айлын хүүхдэд мөнгө олгоно.
-Ирэх онд бүх хүүхдэд мөнгө олгох төсөв, санхүүгийн боломж бий юу?
-Ирэх онд 80 хувьд нь олгох асуудлыг төсвийн хүрээний мэдэгдэлдээ тусгаад явж байна. Улс орны төсөв, санхүүгийн байдал сайжирвал хүүхэд бүрт өгнө гэсэн зорилтыг хангаж ажиллана. Наймдугаар сард Олон улсын валютын сангийн ажлын хэсэг манай улсад ирж ажиллана. Ажлын хэсэг хүүхдүүдийн мөнгийг 20 хувиар нэмэх үү, үгүй юу гэдэг асуудлыг эцэслэн хэлэлцэнэ гэсэн чиглэл барьж байна.