Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урласан бүтээлүүд

Хуучирсан мэдээ: 2018.05.18-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урласан бүтээлүүд

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урласан бүтээлүүд

“Upcycling in Mongolia” үзэсгэлэнг Туркийн Элчин сайдын өргөөнд өнөөдөр /2018.5.18/ нээлээ. Уг үзэсгэлэнд хуучин, хэрэглэхээ больсон хувцас, эд зүйлсээр урласан зүйлсийг дэлгэжээ. Хөгжлийн бэрхшээлтэй, бага орлоготой, эрх толгойлсон эмэгтэйчүүд тэдгээрийг урласан байна.

Үзэсгэлэнг Турк улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын гэргий хатагтай Кадирэ Зэйнэп Сайым Язалын санаачилгаар “Шинэ замнал” төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа юм. Уг үзэсгэлэнг зохион байгуулагчдын сэтгэгдлийг сонслоо.

Байгальд ээлтэй амьдрахыг хүсдэг

Турк Улсын Элчин сайдын гэргий Кадирэ Зэйнэп Сайым Язалын

-Уг арга хэмжээг бид хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Өнгөрсөн онд Улаанбаатар хотоос гадна хөдөө орон нутагт ажиллаж, амьдардаг бага дунд орлоготой иргэдэд оёдол сургахад хөрөнгө цуглуулах зорилготойгоор хагас өдрийн арга хэмжээ зохион байгуулж  байсан. Энэ жилийн хувьд “Upcycling in Mongolia” буюу хуучин, хэрэглэхгүй байгаа зүйлээр илүү загварлаг зүйл урлан дахин ашиглах, хэрхэн хийхийг зааж, сургах зорилгоор энэ арга хэмжээг зохион байгуулж байна. Upcycling нь байгальд ээлтэй технологи. Миний хувьд, байгальд хайртай, байгальд ээлтэйгээр амьдрахыг хүсдэг. “Зүймэл даавуун урлал төв” нь өрх толгойлсон, алслагдмал амьдардаг эмэгтэйчүүд рүү чиглэсэн арга хэмжээ явуулдаг. Мөн эдгээр иргэдэд орлого олоход нь тусалдаг. Тиймээс би хувиасаа, мөн Элчин сайдын яамнаас уг үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа юм. Түүнчлэн “Зүймэл даавуун урлал төв”-ийн захирал Ц.Сэлэнгэ нь миний дотнын анд. Энэ эмэгтэй монголын зүймэл  даавуун урлалыг тэргүүлэн ажиллаж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд тус болох зорилгоор олон сайхан арга хэмжээ зохион байгуулдаг эмэгтэй. Олсон орлогоо бүгдийг нь эдгээр хүмүүстээ зарцуулдаг. Өөр олон арга хэмжээ зохион байгуулахад хөрөнгө мөнгөний асуудалтай байдаг тул бид үүд хаалгаа нээж уг үйл ажиллагааг зохион байгуулж байна.

олон нийтэд зориулсан сургалт зохион байгуулна

“Шинэ замнал” төрийн бус байгууллагын “Зүймэл даавуун урлал төв”-ийн захирал Ц.Сэлэнгэ

Байгальд ээлтэй гэдэг утгаар нь дэлхий дахинд сүүлийн үед “Upcycling”-ийг дэмжих болсон. Монголд  “Шинэ замнал” төрийн бус байгууллагын ажилчид болон багийн гишүүдийн тусламжтайгаар үзэсгэлэнг зохион байгуулж байна. Үйл ажиллагааг явуулахад Туркийн Элчин сайдын яам томоохон дэмжлэг үзүүлж байна. ‘Зүймэл даавуун урлал төв” нь дэлхийд урлаг болтлоо хөгжсөн зүймэл даавуун урлалыг Монголд хөгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон, эмзэг бүлгийн эмэгтэйчүүдэд энэ чиглэлийн сургалт явуулж, юмхнаар юм хийх арга ухаанд сургахын зэрэгцээ амьдрал ахуйд нь дэмжлэг үзүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулдаг. Бид үйл ажиллагаагаа өргөжүүлэн илүү олон хүнийг хамруулах зорилготой байгаа. Удахгүй олон нийтэд зориулсан сургалт зохион байгуулж, бүтээлээр нь арваннэгдүгээр сард үзэсгэлэн гаргах төлөвлөгөөтэй байгаа.

“Зүймэл даавуун урлал төв” нь өдгөө 14 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөө энэ хугацаанд хот, хөдөөгийн 300 гаруй иргэнийг сургалтад хамруулжээ. Одоогоор 20 гаруй эмэгтэйд гэрээр ажил өгч, хамтран ажиллаж байгаа гэнэ.

Үзэсгэлэн тавдугаар сарын 19-нийг хүртэл үргэлжилнэ. Үзэсгэлэнгийн орлогыг алслагдмал бүсэд суугаа бага дунд орлоготой эмэгтэйчүүдэд оёдлын дадал олгох курс хичээллүүлэхэд зарцуулах аж. Хэрэв уншигч та өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг дэмжихийг хүсвэл үзэсгэлэнд хүрэлцэн ирж, тэдний урласан зүйлээс худалдан авах боломжтой. Үзэсгэлэн тавдугаар сарын 18, 19-нд 10.00-18.00 цагт Туркийн Элчин садын өргөөнд нээлттэй байх юм.  

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж