“Оюутолгой” компанитай байгуулсан гэрээ монголчуудад ашигтай эсэхийг нягтлах, Монголын талд ногдох өгөөжийг нэмэх боломжийг эрэлхийлэх, хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг шалгах Ажлын хэсэг байгуулагдаад сар гаруй хугацаа өнгөрч байна. Тус Ажлын хэсэг Их хурлын есөн гишүүний бүрэлдэхүүнтэй, дотроо таван дэд ажлын хэсэгт хуваагдан шалгалтыг явуулж буй. Тухайлбал, Хөрөнгө оруулагчийн үндсэн үйл ажиллагааны хэрэгжилт, төсөв санхүүгийн, дэд бүтцийн, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгааллын, хөрөнгө оруулалтын болон бусад гэрээний биелэлт, үр дүнг тооцох, уул уурхай, байгаль орчин, газрын харилцааны гэсэн Дэд ажлын хэсэгт салбарын яам, агентлаг, судлаачид, эрдэмтэд, төрийн бус байгууллагын төлөөлөл, хөндлөнгийн хараат бус экспертүүдийг оролцуулжээ.
Өнгөрөгч лхагва гаригт /2018.05.16/-нд Ажлын хэсэг өргөтгөсөн хурал хийж таван Дэд ажлын хэсгийн шалгалтын явцтай урьдчилсан байдлаар танилцсан юм. Энэ талаар Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тодрууллаа.
-Оюутолгой төслийг шалгах Ажлын хэсгийн өргөтгөсөн хурал хэр үр дүнтэй болов?
-Ажлын хэсгийн ахлагч солигдсон учраас шинэ даргын хувд Ажлын хэсгийн гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь дуудаж, хүн тус бүрийн санал бодлыг сонссон. Мөн Дэд ажлын хэсгүүдийн шалгалтын явцтай танилцсан.
-Одоогоор шалгалтын явц хэрхэн үргэлжилж байна вэ?
Миний хувьд хоёр Дэд ажлын хэсэгт орсон. Хөдөлмөрийн харилцаа чиглэлийг би ахалж байна. Манай ажлын хэсгийн шалгалтын явц маш сайн байгаа. Ажлын хэсэгт өгсөн бичгийн хүрээнд өнөөдөр /өчигдөр/ албан ёсоор Рио тинто болон Оюутолгой компаниас шаардлагатай бичиг баримтыг авах гээд явж байна. Албан бусаар хэлэхэд, миний шалгаж байгаа чиглэлийн хүрээнд гурван ойлгомжгүй асуудал гарсан гэж би харж байгаа. Шалгалт гэхдээ дуусаагүй. Нэгдүгээрт, зардал яагаад өсөв гэдэг нь том асуудал. Анхны тохирсон үнийн дүн болох 4 тэрбум нь 10 тэрбум ам.доллар болж өссөн байна. Хүү тооцож хоног тутамд нэг сая ам.долларыг зөвхөн зээлийн хүүд төлж байгаа. Өөрөөр хэлбэл, жилд 360 сая ам.доллар төлж байна.
Мөн татвараас 260 сая ам.доллар авч байгаа боловч цаана нь 100 гаруй сая ам.долларын алдагдал жил бүр үүрч байна гэсэн үг. Энэ мэт асуудал одоогийн байдлаар тогтоогдох тал руугаа харагдаж байгаа. Яагаад алдагдалтай гэрээ болов, яагаад бид хүүгийн өрөнд орчхов гэдгийг цааш үргэлжлүүлэн шалгаж байна. Цаад талаас гэрээний дагуу хөрөнгө босгох янз бүрийн нөхцөлүүд байдаг юм байна л даа. Үүн дотор хамгийн энгийн нэг нөхцөл нь банкнаас зээл авах. Хэрэв банкнаас зээл авах гэж байгаа бол мэдээж монголын талдаа мэдэгдэнэ. Нөгөө талын зүгээс монголын талд мэдэгдсэн байгаа. Тодорхой хугацаанд манай талынхан зөвшөөрөх үгүй эсэх хариу өгөх ёстой юм. Гэтэл өгөөгүй тал байна.
Хүү өндөртэй зээл хийж байхад манай талын ТУЗ-ийн нөхөд яагаад юу ч хийгээгүй юм. Оюу толгойн ТУЗ том үүрэгтэй байх ёстой. Улс орныг ийм байдалд хүргэсэн Н.Багабандийг Оюутолгойн ТУЗ-өөс чөлөөлж мөн шалгалт хийх ёстой гэдэг байр суурь дээрээ би хатуу байгаа. Шалгалтын явцад татварын маргаан хүчтэй яригдах байх. Яагаад гэвэл зөвхөн гурван жилийн татварыг шалгахад нэлээд их тэрбум төгрөг гэж ярьдаг. Гэтэл үүнийг хүлээн зөвшөөрөөд шийдчихсэн асуудал байгаа юм. Ер аливаа татварыг хүчингүй болгож болно л доо. Ийм механизм манайд бий. Жишээлбэл, маргаан таслах комисс эсвэл УИХ, шүүх гэж байна. Энэ түвшнээр орсон уу ороогүй юу гэдгийг бид олж тогтоох хэрэгтэй.
-Ажлын хэсгийн санал дүгнэлт хугацаандаа амжиж гарах болов уу?
-Миний талаас бол амжина. Намайг Д.Пүрэвдорж гишүүн Оюутолгой гэрээний хэрэгжилтийг шалгахад мэдлэг, чадвар нь хүрэхгүй гэж хэлсэн байсан. Би өөрийгөө мэдлэгтэй, чадамжтай гэж хэлж байгаа юм биш. Миний дор ажиллаж байгаа дэд ажлын хэсэгт төрийн нарийн бичгээс эхлээд олон жил ажилласан, мэргэшсэн чадварлаг хүмүүс байна. Тэдний гаргасан санал дээр тулгуурлаж дүгнэлт хийнэ ш дээ. Тийм болохоор Ажлын хэсэгт хэн багтсан нь чухал биш. Хийе гэсэн зүрх сэтгэл байхад хийсэн шиг хийнэ гэж би ойлгож байна.