Нийслэлийн гудамжаар огтор болтлоо тайруулсан модод олон болов. Тухайлбал, олны нэрлэж заншсанаар “Зоос гоёл”-ын уулзвараас Соёл урлагийн их сургууль хүртэлх 2,8 га газрыг Анкарагийн гудамж гэж нэрлэдэг. Тэрхүү газрын урд талын явган хүний зам дагуух модыг ихэнхийг нь угт нь хүртэл тайрсан харагдана. Хүүхдийн паркийн зам дагуух модод Их дэлгүүрийн зүүн талын байрны дагуух моддыг мөн адил тайрчээ.
Бидний төдийлөн ач холбогдол өгдөггүй нийслэлийн ногоон байгууламж, замын хажуу талаар ургасан модод утаа, униар, шороо тоосыг багасгахад хамгийн чухал үүрэгтэй. Зуны сар гарч, байгаль, дэлхий өнгө засаж байгаа энэ үед моддыг тайрч, тасдлаа хэмээн олон нийтийн сүлжээнд бухимдлаа илэрхийлэх иргэд олон байгаа юм. Энэ асуудлыг бид тодрууллаа.
Олон жил болж өвгөрсөн моддыг тайрсан
Нийслэлийн Захирагчийн албанаас модыг уг хүртэл тайрч байгаа нь ямар учиртай талаар тайлбар авсан юм. Албаны хүний тайлбарласнаар Хүүхдийн паркийн зам дагуух моддыг тайрсан нь давхар зам барьж эхэлсэнтэй холбоотой аж. Харин Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх модод 60-70 жил болж үхжиж, өвгөрсөн тул угт нь тултал тайралт хийсэн байна. Хөгшин модны мөчрийг огтлох нь ургалтыг сайжруулахад ач холбогдолтой аж. Нуугдсан байсан нахиа, найлзуур гарч ирэх боломжтой болдог гэнэ. Хамгийн гол нь усалгаа, арчилгаа их шаардлагатай юм байна.
Нийслэлд ногоон байгууламжийг сайжруулах, мод огтлох ажлыг хийхдээ улиасыг голчлон тайрдаг. Мөн замын хажуу талын бут, сөөгийг хэлбэржүүлэн засдаг. Ингэхдээ хөгшин моддыг гүн, залуу моддыг өнгөц огтолдог” гэсэн хариулт өглөө.
моддыг газартай нь тэгшлээд хаячихлаа
Чингэлтэй дүүргийн Их дэлгүүрийн зүүн талын гуравдугаар байрны оршин суугч Г.Энх-Амгаланг моддыг газартай нь тэгшилж байгааг шүүмжилсэн юм. Тэрбээр “Арван хоногийн өмнөөс манай байрны урд талын моддыг зэрлэгээр тайрч хаясан. Хотын төв хэсэгт байрладаг болохоор зуны цагт энэ хавиар гадаадын жуулчид их явдаг. Гэтэл моддыг бүр газартай нь тэгшлээд хаячихлаа. Мэдээж модыг тайрч засалгүй яах вэ. Өм тайрч байхаар ядаж мөчир хэсгийг хэлбэржүүлээд тайрч болоогүй юм байх даа” хэмээн бухимдаж байв.
Мөн тус байрны оршин суугч Ж.Ариунболд гэх залуу олон жил Япон улсад ой мод, ногоон байгууламжийн чиглэлээр мэргэшээд өнгөрсөн жил эх орондоо иржээ. Ингээд байрныхаа зам дагуух улиас моддын ихэнхийг нь хэлбэршүүлж тайрч эхэлсэн байна. Байрны оршин суугчид ч ам сайтай байсан аж. Түүний хөдөлмөрийг Чингэлтэй дүүргийн удирдлагууд үнэлж энэ жил хамтран ажиллах талаар ярилцаж байсан ч эл ажил талаар болох нь тэр. Угт нь хүртэл тайрсан моддыг хэлбэржүүлэх боломжгүй болжээ.
Үүнээс гадна иргэд болон Сууц өмлөгчдийн холбооны /СӨХ/ хүмүүс өөрсдөө дур мэдэж мод тайрсан зөрчил гаргах болжээ. Тухайлбал, Баянгол дүүрэгт байрлах “Нарлаг” хотхоны гаднах талбайн модыг СӨХ-ын хүмүүс дур мэдэн тайрсан нь дүүргийнхээ Цагдаагийн хэлтэст шалгагдах шалтгаан болжээ. Учир нь зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн мод тайрсан байгаа юм. Тус сууц өмчлөгчдийн холбооныхон цагдаагийнханд мэдүүлэг өгөхдөө ‘улиасны эм мод нь хөвөн буюу унгирал гаргадаг. Энэ нь харшилтай хүмүүст хэцүү байсан тул оршин суугчдын хүсэлтээр тайрсан’ гэжээ.
Э.БУРАМ