“Даахь" үргээсэн улс төр

Хуучирсан мэдээ: 2018.05.18-нд нийтлэгдсэн

“Даахь" үргээсэн улс төр

“Даахь" үргээсэн улс төр

Үсээ хусуулсан “цагаан нөмрөгтнүүд” энэ хаврын улс төрийн “золиос” болж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Эдийн засгийн сонирхолтой аливаа тэмцэл, түүнээс гарах гарц боломжийг судлахдаа байдаг юм. Цалингаа нэмэгдүүлэх эдийн засгийн гарц гаргалгаа нь юунд байна вэ гэж эдгээр хүмүүсээс асуух гэсэн боловч надтай уулзахгүй гэсэн хариулт өглөө. Надтай уулзахгүй гэдэг нь ямар утгатай юм бэ. Тэгвэл улс төрийн өөр зорилготой юм биш үү. Зарим улстөрчид араас нь зохион байгуулалттай хатгаж байна гэж ойлголоо. Суулт зарлаж байгаа бол эхлээд гарцуудаа ярих хэрэгтэй шүү дээ” гэсэн юм.

Хилийн чанад дахь ойрын жишээ гэвэл 2016 оны наймдугаар сард БНСУ-ын Сонжу хотод АНУ-д үйлдвэрлэсэн пуужин эсэргүүцэх системийг суурилуулах болсон Засгийн газрынхаа шийдвэрийг тус хотын иргэд эсэргүүцэж үсээ хусуулан тэмцэж байв. Энэ бол чухал бөгөөд том зорилготой тэмцэл байлаа. Гэвч 2017 оны есдүгээр сарын 7-нд АНУ-ын “THAAD” системийг Сонжуд байршуулж дууссанаа Батлан хамгаалахын сайд нь мэдэгдсэн.

Харин Монголд үсээ хусуулж эсэргүүцлээ илэрхийлэх хэр үр дүнд хүрдэг билээ. Одоогоос 12 жилийн өмнө  хадгаламж зээлийн хоршоодын хохирогч Ж.Хуваа нарын 18 эмэгтэй 2006 оны 10 сарын 16 -аас 11 сарын 26 хүртэл 40 гаруй хоног өлсгөлөн зарлаж үсээ хусч эсэргүүцлээ илэрхийлж байсан. Мөн 2015 оны долдугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайг “Чингисийн талбай” байхад, тэр үед “УИХ-ын гишүүн биш” байсан С. Жавхлан, “дарга биш” байсан Ц.Шаравжамц нар үсээ хусуулж тэмцлээ илэрхийлж байв. Тэр үед С.Жавхлан “Эх орон, газар шорооныхоо төлөө бид тэмцэж эсэргүүцлээ илэрхийлэхгүй бол Төрийн ордонд суусан 76 ямаа хийхгүй” гэдэг алдарт мэдэгдлээ хийсэн. Хойтон жил нь өөрөө “ямаа болохын тулд” өрсөлдөж, “ямаа” болчихоод байгаа. Тэр жагсаалд  эдүгээ эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмүүлэхээр үсээ хусуулж байгаа иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл ч нэгдэж байв. Гэхдээ тэр үед “эмнэлэгт ажилладгийг” нь мэдээгүй юм. С.Жавхлан тэр үед “Би хар толгойдоо биш эх орондоо хайртай” гэсэн бол өнөөдөр Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн их эмч Б.Баттөгс “Бид үсээ байтугай зүрхээ зориулах чадвартай” гэсэн юм.

Зурхай сонирхоход энэ өдөр үсээ “засуулбал” нас ахар болох гэнэ. Зүрхээ зориулах хүмүүст энэ ч юуны хамаа байхав. Тэгээд ч шинжлэх ухаанч эрдэм боловсрол төгс хүмүүс нийгэмд хөдөлмөрөө зөв үнэлүүлэхийн төлөө тэмцэж байгааг эмнэлэгт эмчлүүлж амиа авруулснаас эхлээд эм ууж үзсэн бүхэн ойлгож хүндлэх биз. Гэтэл бас үгүй бололтой. Эмнэлгийн ажилтнуудын дотор эсэргүүцлийн мэргэжилтэн явна гэж хардаж сэрдэж, үүх түүхийг нь дэлгэж нотлох боллоо. Ихэр л биш бол яах аргагүй мөн аж.

Энэ тохиолдолд яах вэ? Арай “Эмч би эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө эрдэм чадал, энэрэнгүй сэтгэлээ харамгүй зориулахаа тангараглая” гэсэн дэндүү нандин үгтэй, хэтэрхий үнэ цэнтэй тангаргаасаа няцахад  хүргэсэн “том шалтгаан” байгаа юм биш биз. Яагаад төсвийг нь батлалцдаг УИХ-ын гишүүнтэй уулзсангүй вэ. Төрийн тэргүүн нь тэдэн дээр зорьж очоод уулзлаа. Гэхдээ “эсэргүүцэгчид” сүүлийн дөрвөн жилд цалин нэмээгүй гэж гомдоллохдоо түүний хоёр жилд нь Ерөнхийлөгч нь УИХ, Засгийн газрын гишүүн байсныг тас мартан одоогийн Засгийн газрыг “ховлож” хөдөлмөрийн мөлжлөг гэгчид өртөөд байгаагаа сая санаж зарлиг гаргаж өгөхийг хүсч байх юм. Ерөнхийлөгчийн “амласан” олон талт хэлэлцүүлэг тэдний шаардлагыг хангах эсэх нь тийм ч сонин биш бололтой байдал ажиглагдлаа.

Хамгийн хэцүү нь тэдний үс хусуулах арга хэлбэр нь “Ажил хаялтаас өмнөх арга хэмжээ” юм гэнэ. Яг дэргэд нь Монголын хамгийн үнэтэй эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг хувийн эмнэлгүүд үнэгүй үзлэг хийж үйлчилж байх юм. Гайхуулаад байна гэж ойлгох уу, уг нь өргөсөн тангараг, өмссөн нөмрөгнийх нь өнгө ижил боловч нийгмийн өнгө тэднийг ялгаруулах аж. Бага байхад музейд “баяны гэр, харцын гэр” гээд тэнгэр газар шиг ялгаатай хоёр гэр харьцуулаад тавьчихсан байдаг байлаа. Эмнэлгийн ажилтнуудын амьжиргааны арга барил хаана ажиллаж байгаагаасаа шалтгаалж ийм л ялгаатай байдаг байх. Гэхдээ зорилго нь нэг. Салбар бүрт л ийм байгаа. Энд чадвар ч тийм чухал биш. Сэтгэл, сэтгэхүй голлодог бололтой юм. “Дэлхийн хэмжээнд нийгэм хэзээ ч эмч, эмнэлгийн ажилтнуудад сэтгэлийг нь ханатал цалин өгч байгаагүй, цалингаас цалингийн хооронд л арай ядан хүрэхээр байдаг. Энэ бол дэлхийн түүх”. Энэ өгүүлбэрийг улсын эмнэлэгт насаараа ажилласан дэндүү чадвартай нэгэн ахмад эмч “Та яагаад хувийн эмнэлэг байгуулаагүй вэ” гэсэн тэнэг асуултыг минь өрөвдөн хэлж билээ. Гэхдээ л түүнд амьдралын энэ хэв маяг нь, тэр тусмаа халаас хоосон дугаар хорооны иргэнд ханатал үйлчилгээ үзүүлж аварч эмчлэх нь хязгааргүй таашаал өгдөг юм гэсэн. Энэ бол эмч хүн. Эмнэлгийн ажилтан хүн. Тэднийхээ ач тусыг  бид бүгдээрээ үсээ хусуулаад ч, бүх нийтээрээ жагсаад л хуваалцаж үл чадна.

Төр татвар, даатгалаасаа эмч, эмнэлгийн ажилтнуудад аль болох ахиу хуваарил. ОУВС-тайгаа дахин хэлэлцэж байгаад ч атугай цалинг нь нэм. Иргэн бүр эмч, эмнэлгийн ажилтнуудаа хайрлаж, хөдөлмөрийг нь хүндэлье. Тэдэнд бурам биш урам хэрэгтэй. Халамж дутсандаа тэд гомдоод байгаа болохоос халтар төгрөг аваад их, эсвэл бага эмчлэх сэтгэл үгүй билээ.

Харин ачлал буян шингэсэн цагаан нөмрөгийг нь ашиг хонжоо хайсан улстөрчид ашиглахыг зөвшөөрөхгүй. Учир нь “Цагаан нөмрөгөө зарчих, өндөр үнээр авъя. Харин анагаах ухааны салбарт дахин  хөл тавих эрхгүй шүү” гэвэл хүлээн зөвшөөрөх эмч Монголд тун ховор гэдэг дээр бооцоо тавьсан ч болно. Тэд аргаа барсан нь үнэн ч ажил хаяна гэвэл юу л бол.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж