Урин дулаан цаг болж оюутан залуусын төгсөлтийн баяр болж байна. Торгомсог дээл ганган хослолоор жигдэрсэн охид залуус хотын төв талбайд төгсөлтийн баяраа тэмдэглэж байгаатай таарлаа. Тэд энгэртээ мөнгөн хонх жингэнүүлэн нүүрэндээ инээмсэглэл тодруулан гүйлдэнэ. Төсгөлтийн баярыг зөвхөн их, дээд сургууль, коллежи төгсөгчид тэмдэглэдэггүй. Нэгдүгээр ангид элсэх цэцэрлэгийн багачууд, цаашлаад нэг, тав, ес, арванхоёрдугаар анги төгсөгчид тэмдэглэдэг уламжлал тогтсон. Эл баярыг тэмдэглэхийн тулд хүүхэд, сурагчдаас их хэмжээний мөнгө хураадаг. Үүнийг хориглох шийдвэрийг шат, шатанд гаргадаг ч хэрэгжихгүй байна. Тэгвэл шийдвэр зөрчсөн тохиолдолд эргэж хүлээлгэх хариуцлага байна уу гэдэг асуудлыг хөндөж, Нийслэлийн боловсролын газрын Захиргааны хэлтсийн дарга Л.Буянтогтохоос дараах зүйлийг тодруулав.
СУРАГЧДААС ХУУЛЬ БУСААР МӨНГӨ АВСАН БАГШИЙГ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨХ ХҮРТЭЛ АРГА ХЭМЖЭЭ АВНА
-Энэ жилээс төгсөлтийн баяр нэрээр хүүхдүүдийн эцэг, эхчүүдээс мөнгө хураахыг хориглосон журам хэрэгжихгүй байгаа тухай санал шүүмжлэл өрнөж байна. Холбогдох хуулиудад энэ талаар зохицуулсан зүйл байдаг уу?
–Боловсролын тухай хуулийн 47-д сурагчдаас хууль бусаар төлбөр хураамж авахыг хориглоно гэж заасан байдаг. Тодруулбал, ямар нэгэн байдлаар албадсан, тэгшитгэсэн, нийтийг хамарсан, зохион байгуулалттайгаар сургуулийн захиргаа юм уу анги удирдсан багш шахаж шаардаж байгаа бол үүнийг хууль бус гэж ойлгох ёстой. Харин эцэг, эхчүүд өөрсдөө санаачилга гаргаад хүүхдийнхээ суралцаж байгаа анги танхимыг засаж янзалъя гэж байгаа тохиолдолд хуулийн хүрээнд боломжтой гэж ойлгох нь зүйтэй.
-Сая дурдсан зөрчлүүд гарсан тохиолдолд багш, сургуулийн удирдлагуудад ямар хариуцлага тооцох вэ?
-Сургуулийн захирал, багш нар бол төрийн үйлчилгээний албан хаагч. Төрийн үйлчилгээний албан хаагч нь Хөдөлмөрийн тухай хууль, Багшийн ёс зүйн дүрэм, тухайн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гэж тооцогддог тодорхой заалтууд бий. Тиймээс зөрчлийн хэм хэмжээнд нь тохируулан сануулах, цалингийн тодорхой арга хэмжээ авах, шаардлагатай бол ажлаас чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээг цуцлах гэсэн шат дараатай арга хэмжээ авдаг.
-Зөвхөн улсын сургууль, цэцэрлэг хамрагдаж байна гэсэн үг үү. Хувийн сургууль цэцэрлэг хамрагддаг уу?
-Хувийн сургууль, цэцэрлэгийн багш, удирдлагуудад арга хэмжээ тооцох эрх бидэнд байхгүй. Зүгээр санал хүргүүлэх, магадгүй багшийн ёс зүйтэй холбоотой асуудал гарах юм бол Нийслэлийн боловсролын газрын дэргэдэх Багшийн ёс зүйн хороогоор тодорхой зөрчил гаргасан эсэхийг тодруулж, гаргасан бол дүгнэлт гаргаад, тухайн сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад хүргүүлнэ. Арга хэмжээ тооцуулах, цаашилбал багшлах эрхийг нь хасах, багш хүнд хуулиар ямар арга хэмжээ авах ёстой юм түүний дагуу л арга хэмжээ авна.
ЭРДМИЙН БАЯРЫГ УУЖ ИДЭХДЭЭ БИШ, ГЭХДЭЭ ЗОХИСТОЙ ХЭМ ХЭМЖЭЭНД ТЭМДЭГЛЭХ НЬ ЗӨВ
Олон нийтийн дунд хонхны баярыг хэт нүсэрдүүлж, мөнгө төгрөг татан тэмдэглэх шаардлагагүй гэж үзэх нэгэн байхад шууд хориглох байдлаар баярыг тэмдэглүүлэхгүй байх нь буруу гэж үздэг нэгэн ч бий. Иймд төгсөгчдийн байр суурийг сонслоо.
Нийслэлийн 75 –р сургуулийн ахлах ангийн сурагч П.Баттөмөр: Төгсөж байгаа юм чинь баяр тэмдэглэхгүй бол муухай биз дээ. Манай сургууль үүдэндээ ёсолгоо маягаар цэцэг тараах, багш нартайгаа нийлээд өдрийн зугаалгаар явсан. Жишээлбэл Сүхбаатарын талбайгаар зургаа авхуулах, тэгж л тэмдэглэсэн. Ер нь хонхны баярыг эрдмийн баяр болгох уриалгыг зөв гэж бодож байгаа. Хонхны баяр болж байгаа юм чинь архи согтууруулах ундаанаас аль болох татгалздаг. Хонхны баярын зардал бас их асуудалтай. Хонхны баярт орж байгаа бол шинэ костюм авна, багш нартаа хандив өгнө гэх зэргээр зардал гардаг.
Баянзүрх дүүргийн иргэн Ц.Бат: Манай сургуулийн хонхны баяр тавдугаар сарын 11-нд болсон. Хонхны баярын зардал гэвэл миний хувьд 800-900 мянган төгрөгийн зардал гаргасан. Монтажны зураг, ангийн зугаалга гээд багцлаад үзвэл тэр хавьцаа зарлага гарсан. Манай ангид бололцоо тааруу хүүхэд цөөнгүй байсан. Тэрнээс болоод зугаалгаар явж чадаагүй. Би ч бас хонхны баярыг заавал мөнгө төгрөг зарлагдаж тэмдэглэхийг буруу гэж боддог. Гэхдээ чадвартай нэг нь тэмдэглэчихнэ. Бололцоо тааруу нэгэнд нь хүндээр тусдаг юм шиг санагддаг. Сая хүртэл манай сургуулийнхан архигүй хонхны баяраа тэмдэглэнэ гэсэн худлаа байна лээ. Манай сургуулийн захиргаанд удирдамж ирсэн. Тэгтэл энэ жилдээ хонхны баяраа хийгээд дараа жилээс даруухан тэмдэглэнэ гэсэн санал гарсан.
Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж ийн хэлэв. Тэрбээр “Хонхны баяр тэмдэглэх нь зөв шүү дээ. Намайг төгсдөг жил Боловсролын яамнаас Хонхны баяр тэмдэглэхгүй гэсэн тушаал гарсан байсан. Оюутнуудын зүгээс эсэргүүцэлтэй тулгараад сургуулийн захиралд хүсэлт өгсөн. Хувь хүний зардал янз бүр байдаг юм билээ. Миний хувьд ойролцоогоор 700-800 мянган төгрөгийн зардал гаргасан. Манайх хувийн сургууль учраас багш, сургуулийн анги танхимдаа зайлшгүй бэлэг авч өгөх шаардлагатай болсон. Манай сургуулиас багш нар нь оюутнуудтайгаа амралтад явахгүй гэдэг хатуу журам гаргасан байсан. Бид нарт тухайн үед багш нартайгаа яваагүй. Эрдмийн баярыг ууж идэхдээ биш, гэхдээ зохистой хэм хэмжээнд тэмдэглэх нь зөв” гэв.
Э.Ариун