Нийслэлийн МАН бужигнаантай байна

Хуучирсан мэдээ: 2018.05.17-нд нийтлэгдсэн

Нийслэлийн МАН бужигнаантай байна

Нийслэлийн МАН бужигнаантай байна

Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал 20 хоногийн дараа болно. Хурлаар тус намын хяналтын хорооны тайлан, нийслэлийн МАН-ын даргын асуудлыг хэлэлцэхээр батлаад байгаа. Хуралдааны гол зорилго нь 60 тэрбумын “эзэн” Ц.Сандуйг хэн орлох вэ буюу шинэ намын даргаа сонгох. МАН доторх намын даргын сунгааны “тулаан” ширүүсч эхэлжээ. Нийслэлийн намын дарга болохоор өрсөлдөгчдийн тэргүүн эгнээнд одоогийн хотын дарга С.Батболд явж байгаа. Нийслэлийг  удирдаж байгаа хүний хувьд нийслэлийн МАН-ын хорооны даргаа авах нь зүй ёсны хэрэг хэмээн үзэж буй. Одоо ч тэрбээр “түр” орлон гүйцэтгэгч хийж буй. Гэвч МАН дотор хуваагдал түүнийг тийм ч амар дарга болгочихгүй бололтой. Тэрбээр намын хуралд орох төлөөлөгчдийн квотоор сонгох заалт оруулж, нийт 69 төлөөлөгчийг квотоор оруулахаар хурал зохион байгуулагчдад үүрэг өгчээ. Гэвч зургаан дүүргийн намын хороо 69 квотыг эсэргүүцэж байгаа сурагтай. Учир нь 69 квот дунд УИХ-ын гишүүдээс гадна намын ажилчин байна гэсэн заалт оруулж өгсөн нь хэн ч ороод санал өгөх эрхтэй болгосон хэмээн зургаан дүүргийн намын хороо эсэргүүцлээ илэрхийлээд байгаа аж.

МАН-ын генсек өчигдөр Тусгаар тогтнолын ордонд дүүргийн намын хороодын дарга нарыг хүлээн авч уулзжээ. Энэ үер квот болон хотын даргад нэр дэвшигчдийн асуудлыг зөвшилцөхөөр уулзсан ч тодорхой шийдэлд хүрч чадалгүй хурлаа өндөрлүүлсэн гэнэ. Уг нь энэ уулзалтаар 69 квоттой байх эсэх болон намын хорооны даргад хэнийг өрсөлдүүлэх вэ гэдэг тохиролцоонд хүрэхээр эхлүүлсэн боловч маргаанаа эцэслэж чадаагүй өндөрлүүлжээ.

Хотын дарга С.Батболдын хувьд нийслэлийн намын даргаа авна гэдэг хатуу байр сууриа илэрхийлсэн сурагтай. Мөн намын Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан хийж, энэ асуудлыг эцэслэхээр болоод таржээ. Нийслэлийн намын хорооны даргад нэр дэвшигчийг МАН-ын Удирдах зөвлөлөөс сонгож, нэрийг нь дэвшүүлэх ёстой. Удирдах зөвлөлөөс хэнийг нэр дэвшүүлнэ, тэр хүнийг 34-р Бага хурлын төлөөлөгчид сонгох учиртай. Одоогоор Хотын даргатай өрсөлдөгчдийн нэрс тодроогүй байгаа. Олон нийтийн дунд одоогийн НИТХ-ын дарга С.Амарсайханы нэр яригдаж байсан боловч тэрбээр өөрийгөө энэ удаагийн нийслэлийн намын даргад өрсөлдөгч биш гэдгээ илэрхийлсэн. Мэдээж өрсөлдөгчдийн дунд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын нэр дуулдаж буй. Түүний хувьд одоогоор ямар нэг байр суурь илэрхийлээгүй ч нийслэлийн намын бага хурлыг хуралдуулахдаа намын дүрмийн дагуу зохион байгуулах ёстой гэсэн саналаа илэрхийлээд байгаа юм.

20 хоногийн дараа нийслэлийн МАН-ын дараагийн дарга тодорно. Тэрнээс өмнө ойрын хугацаанд Удирдах зөвлөл нь хуралдаж, өрсөлдөгчийг зарлах учиртай. МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр ч хуралдаж магадгүй гэх бор шувуу Тусгаар тогтнолын ордноор нисч байна. Тиймээс ойрын өдрүүдэд маргаан дагуулсан нэр дэвшигч тодорч, хэн нь нийслэлийн МАН-ын 34-р бага хурлыг өнгөлж, хүн амын тал хувь нь амьдарч буй нийслэлийн намаа толгойлох вэ гэдэг тодорхой болох юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж